УИХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 6-р сарын 9-өөр тогтлоо

УИХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 6-р сарын 9-өөр тогтлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул уг төсөл батлагдлаа. Өөрөөр хэлбэл 2021 оны 6-р сарын 9-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдана. 

Энэ өдөр мөн сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болох товтой. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: гадаа хүйтэнд талбайд олон хүн жагсаж байгаа энэ нөхцөлд асуудлыг хэлэлцэх боломжгүйг хэлээд УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг болон гишүүд амаржсан эхийг хүйтэнд эмнэлэг шилжүүлэхэд гаргасан алдааг засах талд сулхан дугарч байгаа нь буруу гэсэн юм. УИХ энэ асуудалд хяналт, шалгалтын үүргээ гүйцэтгэж дорвитой анхаарах ёстой” 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хар машиныг шатааж байсан Ж.Мөнхбат гишүүн одоо машиндаа учиргүй хайртай болчихсон байна. Санал тоолох машиндаа итгэх итгэлтэй болмоор байна. Сонгуулийн өмнө энэ машиныг хариуцдаг хүмүүст тангараг өргөдөг болмоор байна. Хадгалалт хамгаалалт нь хэрхэн явдаг юм бэ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 2-3 удаа энэ машинаар санал тоолуулж гишүүн болсон хүмүүс санал тоолох машиндаа итгэмээр байна аа. Есөн удаагийн сонгуулийн саналыг тоолсон шүү дээ. Сонгууль болгоноор шинэ төхөөрөмж авчраад байдаг юм биш. Хариуцаж буй хүмүүс нь тангараг өргөөд, ажлаа хүлээж авдаг. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 6-р сарын 9-нд  болох сонгуулийн үеэр энгийн горимд шилжиж чадах уу? Нөхцөл байдлаа төлөвлөсөн үү? Цахимаар явуулах бололцоо байгаа юу? Ерөнхийлөгчийн сонгуулийг бага зардлаар явуулах боломж байна. Телевиз, цахимаар бодлогын мэтгэлцээн хийх боломжтой гэж үзэж байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан: Тав, зургаадугаар сард юу болохыг өнөөдөр хэлэхэд хэцүү. Коронавирусийн эсрэг тэмцэх хуулийн хугацааг долоодугаар сарын 1-н хүртэл сунгасан. Асуудал гарвал хуулийн дагуу зохицуулна. Тантай санал нэг байна. Цаашид Монгол Улсын сонгууль электрон хэлбэрт шилжих бүрэн боломжтой. Цар тахлын хуулийн дагуу сонгуулийг хэрхэн явуулах зохицуулалтууд бий” 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.