Уламжлалт бурханы шашин соёлоо хамгаалан, хойч үедээ өвлүүлэхэд төрөөс дэмжих үндэслэл

Уламжлалт бурханы шашин соёлоо хамгаалан, хойч үедээ өвлүүлэхэд төрөөс дэмжих үндэслэл

“Бурхан шашин, соёлын өвийг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл” хэлэлцэгдэхээр болсонтой холбоотойгоор уншигч танд бурхан шашиныг төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатайг нотлох хэд хэдэн үндэслэлийг танилцуулж байна.

Монголын ард түмний эв нэгдэл, түүх соёл, нандин өв уламжлалыг тээж ирсэн Бурханы шашин их хэлмэгдүүлэлтэд асар ихээр өртсөн нь төрөөс Бурханы шашныг дэмжих гол үндэслэл юм.

Тухайлбал:

1. Монголын ард түмний олон зуун жилийн турш бий болгож ирсэн үндэсний шашин соёлыг тээгч, нийгмийн оюун санааны сор болсон эрдэмтэн лам хуврагуудыг аймаглан устгаснаар уламжлалт Бурханы шашны залгамж үеийг үндсээр нь устгасан юм. Баримт өгүүлбэл, улс төрийн хэрэгт 20,000 гаруй лам хуврагийг хилсээр шийтгэн хэлмэгдүүлсний 14,000-ыг нь буудан хөнөөж, үлдсэнийг нь 10 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

2. Монгол үндэстний оюун санааны үндсийг тасалсан юм. Үзэл суртлын харгис хэрцгий аргаар хэрэглэн, 70 жилийн туршид гутаан хэлмэгдүүлсэн нь утга зохиол, ном сурах бичиг, урлаг уран сайхан, ер бүх нийгмийн хүрээнд гүн тусгалаа олсон. Эдгээр бүхэн одоо ч бүрэн гүйцэд залруулагдаагүй байна.

3. Олон зууны турш өвлөгдөж ирсэн ёс суртахууны нандин өв соёл, ертөнцийг үзэх үзлийг олгох багш шавийн ариун уламжлалт гэр сургалтыг устгаж үгүй хийсэн.

4. Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн ёс уламжлалыг тасалж хориглосон байна.

5. Уламжлалт анагаах ухаан, Бурханы шашны шинжлэх ухааны ололтыг үгүйсгэж устгасан юм.

6. Сүм хийдийн эдийн засгийн суурь үндсийг бүрэн устгасан байна.

7. Соёлын биет өв, уран барилгын цогцолбор болсон 1000 орчим сүм хийдийг устгажээ. Сүм хийдийн тогтолцоог бүрэн үгүй хийжээ. Сүйтгэгдсэн сүм хийд, бурхан тахилын үнэ цэн, хохирлын хэмжээг тооцохын аргагүй асар их юм. Тэдгээр сүм хийд нь боловсрол гэгээрэл, сургалтын төвүүд байв. Мөн Бурханы шашны эрдэм ухааны зэрэгцээ, Бурханы шашны 10 ухааны их хөлгөн судрууд, дэлхийд хосгүй гайхамшигт урлагийн үнэт бүтээл болох уран зураг, цаасан шуумал, цутгуур, сийлбэр, оёдол, зээгт наамал зэргийг бүтээж ирсэн соёлын урлагийн сургалтын төвүүд, хийд орныг ор мөргүй шахуу устгаж үгүй хийсэн байна.

8. Сүм хийдүүдийг хоосруулан, улмаар эвдэж сүйтгэснээр олон сургууль үгүй болж, оюун санааны өв тээгч эзэд болох сор болсон эрдэмтэн мэргэд лам хуврагуудыг буудан хороож, цөөн хэдэн амьд үлдэгсэд нь тухайн мэдлэг ухаан, ур чадвар болсон соёлын биет бус өвийг уламжлан дамжуулах залгамж тасарчээ. Тухайлбал, шүтээн зураг, сүм хийдийн уран барилгад хэрэглэгддэг уламжлалт шороон будаг, суурь байтуу хийх зэрэг олон арга технологийн дамжлага тасарсан байна.

9. Хэлмэгдэн зовж ирсэн, цөөн хэдэн хүмүүсээр хадгалагдан, арай ядан дамжиж ирсэн уламжлалт Бурханы шашнаа 1990 оноос уламжлал нь тасраагүй, боловсон хүчин, эдийн засгийн асар өндөр чадавхтай гадны шашнуудын түрэлтэн дунд зөнд нь орхисон байна.

10. Уламжлалт Бурханы шашин соёлоо төрөөс дэмжих хууль нь Монгол улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төр сүм хийдийн харилцааны тухай хууль, Соёлын тухай хуулинд бүрэн нийцнэ.

11. Уламжлалт шашнаа дэмжиж тэтгэдэг олон улсын практик туршлага их байдаг зэргээр үл хязгаарлагдах олон үндэслэл бий.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.