Буддын шашин, өв соёлоо сэргээх тухай хэн юу хэлэв?

Буддын шашин, өв соёлоо сэргээх тухай хэн юу хэлэв?

УИХ-ын 54 гишүүн “Монголын бурхны шашин, соёлд нөхөн олговор олгох тухай” хуулийн төслийг өргөн бариад байгаа билээ. Гол агуулга нь их хэлмэгдүүлэлтийн үед сүйрч, үгүй болсон соёлын биет болон биет бус өвийг дахин сэргээхэд төрөөс дэмжлэг үзүүлэх юм. Тэгвэл их хэлмэгдүүлэлт болон соёлын өвийг сэргээх тухай хэн юу хэлж байв гэдгийг эргэн нэг тольдоё.

              Хамба Д.Чойжамц: Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилготой юм

Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц:

-Азийн социалист байсан орнууд шашныхаа соёлд нөхөн олговор олгосноор богинохон хугацаанд сүм дуганаа орчин үеийн хүнд үйлчилж болохоор цэвэр цэмцгэр болгосон. Манай улсын хувьд шашинтай холбоотой олон зуун жилийн түүхийг Монголын түүхээс салгаж, арчиж чадахгүй. Комунизм л ганцхан хасах гэж оролдсон. Улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Монголын соёл, оюуны өв болсон бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг хамгийн ихээр устгаж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан. Судалгаанаас үзвэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн 30 орчим мянган хүнээс 19758 лам байснаас 14 мянга гаруйг нь буудаж, үлдсэнийг нь 10 жил хорих ялаар шийтгэсэн бөгөөд хэлмэгдүүлэлтийн жилүүдэд уран барилгын цогцолборууд болох 750 гаруй сүм хийдийг устгаж сүйтгэжээ. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлалын 3.1.4.8-д “Уламжлалт Бурхны шашин соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ”, 3.1.4.9-т “Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурхны шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ” гэж заасан байдаг. Иймд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор 6 зүйл бүхий хуулийн төсөл боловсруулагдсан байна гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газраас түүх, өв соёлыг сэргээх бодлого баримталж байна

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт томилолтоор ажиллах үеэрээ Сүүлийн 30-аад жил түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байна. “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей зэргийг шинээр барьж,  бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборуудын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, лабораторийг байгуулахаар зорьж байна. Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон. Монголчууд биднийг төрт ёсны агуу түүхэн уламжлалттай дэлхийн дайдыг захирч байсан их гүрний залгамжлал ард түмэн болохыг нотолсоор байгаа нь гайхалтай. Соёлын өвийн гэмт хэргийн хохирогч нь Монголын ард түмэн юм” гэж хэлж, Монголын өв соёлыг сэргээхэд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэж байв.

                   Түүхч Д.Өлзийбаатар: Хэлмэгдүүлэлтээс монголчууд оюун санааны эв нэгдлээ алдсан

Төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар: 1930-аад оны үед Монголд нөлөөгөө тогтоохыг хүссэн ЗХУ-ын удирдлага бурхны шашны эсрэг арга хэмжээ авч эхэлсэн. Монголчуудын нэгдэл нь бурхны шашин дээр тогтож байсан бөгөөд энэ үзэл санаанаасаа салж чадахгүй бол ЗХУ-ын Ази, Дорно дахинд явуулах улс төрийн бодлогод нь алсдаа нөлөө үзүүлнэ гэж үзсэний үндэс дээрээс хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн. Хамгийн эхэнд сүм хийдийн аж ахуйг нураах ажил эхлүүлж, дараа нь Монголын томоохон сэхээтэн, хутагтуудыг барьж эхэлсэн. Олон зууны турш бүтээгдэж, хадгалагдаж ирсэн эрдэм мэдлэгийн өв болох боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлагийн төв болсон зуу зуун сүм хийдүүд, бишрэн хайрлаж, шүтэж ирсэн ном судрууд, бурхад, үнэлж баршгүй ур хийц бүхий алт, мөнгө, зэс, шүрэн эд хэрэглэл, урлагийн агуу бүтээлүүд эстаж үгүй болсон нь монголчуудын хувьд үнэлж баршгүй хохирол болсон юм. Хэлмэгдүүлэлтээс үүдэж монголчууд улсаараа маш их хохирол амссан. Үүн дотроос бидний хамгийн удаан нөхөгдөж буй хохирол нь Монголчууд оюун санааны эв нэгдэлээ алдсан. Монгол хүн бие биедээ итгэх итгэлгүй, хайрлаж хүндлэхээ больж, үзэн яддаг болсон. 

Г.Энхбат: Монгол үндэстний ой санамж,  өв соёлоо сэргээх цаг болсон

Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат: Монголд их хэлмэгдүүлэлтийн өмнө 1200-1500 орчим сүм хийдүүд байсан судалгаа байдаг. Эдгээр сүм хийдүүд нь Монголын соёлын өв, түүхийг хадгалж байлаа. Бурхны шашны бүтээлээр дамжигдаж дүрслэх урлагийн бүтээлүүд гурван хэмжээст баримал болон зураг, хатгамал бүтээлүүд маш ихээр байдаг. Хэлмэгдүүлэлтийн үед эдгээр зураг,  цутгуурын бурхадууд ЗХУ руу бууны бай болох явдал маш их байсан гэдэг. Тухайн үеийн хөгшчүүл ачигдаж байсан бурхдуудаас заримыг авч үлдэж чадсан бөгөөд эдгээр одоо Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын музейд хадгалагдаж байна. Ер нь өв соёл хэлмэгдэж сүйрч байна гэдэг нь Монгол үндэстний ой санамж, үндэсний соёл устаж үгүй болно гэсэн үг. Тиймээс монголын энэ их өв соёлоо сэргээх, дэлхийд гайхагдах бүтээл, уламжлалаа сэргээхэд анхаарах цаг болсон.

                Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: Бид оюун ухаан, сэтгэлээ хөгжүүлэхгүйгээр ямар ч хөгжилд хүрэхгүй

Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: Би бурхны шашныг байгаль, хүн хоёрын харилцаанд хийж байгаа үзэл санааг нь хүндэтгэдэг. Тиймдээ ч ёс жаягийг нь дагахыг хичээдэг. Түүнээс биш би өөрийгөө шашин шүтэгч гэж зоригтой хэлж чадахгүй. Харин эрхэмлэгч бол мөн.Жаахан гүжир үгээр хэлбэл хэлмэгдүүлэлт бол ухаан хөгжөөд байхад сэтгэл хөгжөөгүй байх цагт гарсан зүйл. Сүүлийн 100 гаруй жилийн турш монголчууд ухаан, сэтгэл хоёр дээрээ ажилласангүй. Өөрөөр хэлбэл, бид нар ухаан, сэтгэлээ хөгжүүлэхгүй бол ямар ч хөгжлийг хүсээд хүрч чадахгүй. Хэрэв энэ хоёрыг зөв залуурдаж чадах юм бол дажих хэлмэгдүүлэлт гарахгүй байх гэж би боддог.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.