Увс, Дархан-Уул, Завхан аймгуудад хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

Увс, Дархан-Уул, Завхан аймгуудад хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

Covid-19 халдварыг аймгууд руу алдахгүй байхыг хичээж ажилласан ч Ховд аймагт халдвар бүртгэгдсэн, мөн Дархан-Уул, Увс, Орхон, Завхан зэрэг аймагт сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн тул орон нутгийн Онцгой комиссоос тодорхой арга хэмжээ аваад байна.

УВСАД ХӨЛ ХОРИОГ ТОГТООЛОО 

Увс аймгийн Зүүнхангай суманд сэжигтэй тохиолдол илэрсэн тул  өнөөдрөөс /2021.01.28/ тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоохоор боллоо. Хязгаарлалтын дэглэм өглөө 11:00 цагаас эхэлж, сумдаас орох, гарах хөдөлгөөнийг хаахаар болсныг аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэрлэл 09-21:00 цаг хүртэл ажиллах юм байна. Харин бусад үйл ажиллагааг хориглоно. Архи, согтууруулах ундаа худалдахгүй. Одоогоор тус аймагт PCR шинжилгээ хийх боломжгүй тул сэжигтэй тохилдлын сорьцыг Ховд аймаг руу илгээжээ.

ХОЁРДУГААР САРЫН 1 ХҮРТЭЛ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАЛАА

Дархан-Улаанбаатарын чиглэлийн хөдөлгөөнийг ирэх хоёрдугаар сарын 1 хүртэл хязгаарлажээ. Тус аймгийн Онцгой комиссын мэдээлснээр өчигдрөөс /2021.01.27/эхлэн ирэх Даваа гариг хүртэл Улаанбаатар-Дарханы чиглэлд хүнс, эм ханган нийлүүлэлт, эрүүл мэнд болон буяны ажлаас бусад шалтгаанаар зорчих хөдөлгөөнийг түр хориглоод байна.

ОРХОН АЙМАГТ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ 

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд үзүүлсэн нэг иргэнээс өчигдөр /2021.01.27/ сэжигтэй тохиолдол илэрчээ. Тэрбээр халуурч, ханиалгасан шинж тэмдэгтэй байсан тул эмнэлгээр үйлчлүүлсэн аж. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан ч PCR шинжилгээ авчээ. Шинжилгээний баталгаажсан  хариу  өнөөдөр /2021.01.28/ гарах юм.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГААС ОРОХ, ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХЯЗГААРЛАЛАА 

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 27-ны хуралдаанаар аймгаас орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлалаа. Тодруулбал, Улаанбаатар хот, бусад аймаг, сумд руу гарах, орох хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 20:00 цагаас 30-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд бүрэн хязгаарлаад байна.

ЗАВХАН АЙМАГТ ГУРВАН ИРГЭНИЙ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРААР ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ 

Завхан аймгийн гурван иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эeрэг гарсан тул хөдөлгөөн хязгаарласан тухай аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. “Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол баг, Жинст багийн хоёр иргэн, Баянтэс суманд нэг иргэний шинжилгээний хариу эeрэг гарсан. Тиймээс сорьцыг Улаанбаатар хот руу явуулсан байна. Иймд PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.