Б.Лхагвасүрэн: Монголбанк 300 сая төгрөгөөр фитнесийн төхөөрөмж авах тендерээ цуцаллаа

Б.Лхагвасүрэн: Монголбанк 300 сая төгрөгөөр фитнесийн төхөөрөмж авах тендерээ цуцаллаа

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 300 сая төгрөгөөр фитнесийн тоног төхөөрөмж авахаар зарласан тендерээ цуцалж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Монголбанкны залуучуудын санаачлагыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай, цуцлагдсан шүү” хэмээн жиргэжээ. 

Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд:

“Өнгөрсөн онд буюу 2020 онд Монголбанкны захирлуудын зөвлөлөөс Монголбанкны нийт ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бялдаржуулах танхимыг тохижуулах, энэ хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах хөрөнгийг 2021 оны төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд, зохих шаардлагын дагуу нээлттэй тендерийг зарласан ч цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүй бухимдалтай байгаа энэ цаг үед зохимжгүй гэж үзэж, уг тендерийг цуцалсан болно. Уг тендерийн зориулалт, худалдан авах тоног төхөөрөмж нь Монголбанкны нийт ажилтан, албан хаагчдад зориулагдсан байсан гэдгийг үүгээр мэдэгдье” гэжээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.