Сурахын төлөө уралдаан

Сурахын төлөө уралдаан

Азийн зарим орны дунд сургуулиудын чансаа

    Амжилтанд хүрэх цорын ганц зам бол “сайн боловсролтой байх” ёстой хэмээдэг Азийн олон орноос өнөөдөр Япон, Тайвань, Сингапур, Хятад, Хонгконг, Макао, Солонгост сурахын төлөө уралдаан хүүхдүүдийн оюуны “шандасыг” жинхэнэ шавхдаг аж.  Үүний нэгэн тод жишээ нь гурван жил тутам, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдаас  “Математик”, “Шинжлэх ухаан”, “Уншиж ойлгох чадвар”- ыг үнэлэн тогтоодог PISA хэмээх шалгалт.  Уг шалгалтын хамгийн дээд оноо 600 харин доод оноо нь 300.

   Энэхүү PISA шалгалтыг дэлхийн 79 улс орны 15 нас хүртэлх насны хүүхдүүдээс авч,  үнэлгээгээ 2019 оны 12 сарын 3-ны өдөр гаргасан юм. Ингээд жагсаалтаас аль орны сурагчид, ямар түвшинд  байгааг харахад:

Хятадын сурагчид

  • Математик –                          600 –  590 оноо
  • Шинжлэх ухаан –                  600 –  591 оноо
  • Уншиж ойлгох чадварт –    600-   555 оноо тус тус авч тэргүүлж,

удаах байруудад Сингапур, Макао гэх мэтчлэн Япон, Тайвань, Вьетнам, Солонгос хүүхдүүд эхний аравт багтсан бол  хамгийн доод оноотой нь Филиппин, Бүгд Найрамдах Доминикан Улсын сурагчид байжээ. Тэд 300 гаруйхан оноо авсан байна.

    Азийн дээрх  улс орны хүүхдүүд яагаад дэлхийн бусад орны хүүхдүүдээс илт давамгай байгаа нь олон улсын анхаарлыг онцгой ихээр татаж ВВС болон бусад сонин хэвлэл дээр маш сонирхолтой нийтлэлүүдийг удаа дараалан гарлаа. 

   2017 онд PISA шалгалтын тэргүүн оноог давамгай авсан  Солонгос улсын хүүхдүүд хэрхэн яаж сурч байгааг “Сөүлийн Үндэсний их сургуулийн” багш нар маш товчхон ингэж дүгнэжээ.

  • “Шилдгийн шилдэг” сурагч байх гэдэг юуны түрүүнд  зорилгоо зөв тавьж түүндээ тууштай байх.

 Жишээ нь эмч болохыг хүсэж байгаа хүүхдүүд дунд сургуульд, өөрөөр хэлбэл 12–15 настайдаа хими, биологийн хичээлийг аль хэдийн нь гүнзгий үзээд эхэлчихсэн, ангидаа толгой цохиж явдаг байна.

  • Сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн хүүхэд амжилтанд хүрдэг аж. Ийм хүүхдүүд бусдаас илүүтэйгээр хичээлдээ төвлөрч, сэтгэл санааны ачааллыг  даах гайхалтай чадвартайн зэрэгцээ олон цагаар хичээллэж чаддаг байна.

Учир нь анги ахих тутам эцэг эхийн анхаарал шахалт ихэсч, сургууль багш нарын шаардлага өндөрсөж зарим хүүхэд ачаалал дааж чадахгүй болдог.  Хамгийн дээд дүн авахгүй бол сургуульд орж чадахгүй нь ойлгомжтой тул хүүхдүүдийн дунд сурахын төлөө уралдаан жинхэнэ болдог ажээ.

Сөүл хотын Ганнам дүүргийн дунд сургуулийн сурагчид өдөрт  нарийн цагийн хуваарьтай, хэрхэн  шаргуу хичээллэдэг болох талаар  Хиэ Мин Пак гэдэг 16 настай охиныг BBC-ийн сэтгүүлч даган сурвалжилсан байна.    

    Хиэ Мин охин өглөө бүр яг 6.30 цагт босно, сургууль нь 8 цагт эхэлж үдшээс хойш 4 цаг гэхэд дуусдаг байна.  / хэрэв ямар нэгэн дугуйлантай бол 5 цаг гэж тарна /

 Хиэ Мин хичээлээ тараад гэртээ ирж хөнгөн цайлж аваад, эргээд л автобусанд сууж 2 дахь сургууль “хагвон” буюу хувийн сургалтын төвд ирж 18 цагаас  21 цаг  болтол гүнзгийрүүлсэн хичээлдээ сууна.

Үүний дараа охин ахиад 2 цаг суухдаа өдөр үзсэн хичээлүүдээ унших, бодох дасгал даалгавраа өөрөө биеэ даан хийгээд шөнийн 23 цагийн өмнөхөн гэртээ ирдэг аж. Гэртээ амарч ойр зуурын юмаа амжуулаад 2 цагт унтаж, өглөөний 6.30-д босоод  л хичээлдээ ирнэ ийнхүү өдөр бүр адилхан ингэж л үргэлжилнэ.

    Яаж үргэлж ийм  цагийн хатуу хуваарийн дагуу хичээллэж чадаж байгааг сэтгүүлч гайхан асуухад “ Заримдаа ядралгүй яахав,  гэхдээ би нэг их тоож анзаардаггүй. Миний  дүн, шалгалтын оноо сайн байгаад л маш их баярладаг. Харин хичээлээ хийхгүй бол санаа зовж тайван байж чаддаггүй. Бидэнд сайн сурахаас өөр ямар ч зам байхгүй” хэмээн охин ярьсан байна.

   Солонгосын сургууль дээр анзаарагдсан нэгэн сонин зүйл нь зарим нэгэн хүүхэд хичээл дээр унтаж байхад багш нар ч бусад хүүхдүүд ч сэрээлгүй унтуулдаг аж.

    Нэмэлт сургуульд сурах, илүү цагаар хичээл хийх гэдэг нь Солонгосын бүх өсвөр насны хүүхдүүдийн өдөр тутмын амьдралынх нь нэгэн хэв маяг аль хэдийнээ болж хэвшжээ. Сургуулийн дараах сургалтын төвүүд/ хагвон/ эрэлт ихтэй. Тиймээс ийм сургалт төв Солонгост 100 мянга гаруй байдаг бөгөөд үнэ төлбөр нь өндөр аж.

    Англичууд математикийн гэнэтийн шалгалт авч туршихаар шийдээд Хиэ  Миний  сургууль дээр тааралдсан дурын  зургаан хүүхдээс Англи, Уэйльс, Умард Ирландын дунд сургуулиас авдаг “GCSE” хэмээх  шалгалтыг авчээ. Гэтэл өнөөх  хүүхдүүд шалгалтын цаг дөнгөж талдаа орж байхад бүгд тоогоо бодож дуусаад хоорондоо хөгжилдөн суусан гэдэг.

    Нийт 6 хүүхдийн 4 нь 100 хувь, үлдсэн 2 нь ганцхан оноо дутуу авсан нь үнэхээр гайхамаар байсан төдийгүй  шалгалтын дүнг харсан Их Британий Боловсролын сайд атаархаж буйгаа нуухгүй хэлж, Английн дунд сургуулийн шалгалтын түвшинг засаж, боловсруулах мөн Солонгос улсаас санаа оноо авах зүйлс байгааг онцолжээ.

   Сайн боловсролтой хүн гэдэг улсын үнэт баялаг гэж эрхэмлэдэг эдгээр орнууд боловсролын систем -сургууль багш-эцэг эх–хүүхдүүд хоорондоо нягт холбоотой ажиллаж чаддагийг   бусад олон оронд харуулж чадаж байна. 

                                                                                 Д. Аззаяа


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.