МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН ҮНДСЭН ШАЛТГААН

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН ҮНДСЭН ШАЛТГААН

Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш даруй 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол улс хэд хэдэн удаа эдийн засгийн хямралд өртөж байжээ. Эхний хямрал туйлын хүнд байсныг тухайн үеийнхэн сайн мэднэ. 1991 онд СЭВ буюу Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл хэмээх хуучин социалист орнуудын хамтын ажиллагааны гол байгууллага үйл ажиллагаагаа зогсоож, Монгол улсын ДНБ-ний гуч гаруй хувийг бүрдүүлж байсан Зѳвлѳлтийн тусламж  бүрмөсөн тасрав. Манай улсын валютын эх үүсвэр болсон экспорт тасалдаж, эдийн засгийн хүнд цохилтууд шил шилээ даран ирлээ. Монгол Улсын экспорт 1989 онд 721,5 сая ам.доллар байсан бол 1991 онд 348.0 сая ам.доллар болж, 2 дахин буурчээ. Эдийн засаг 1991 онд – 8.7 хувь, 1992 онд – 9.5 хувиар уначихсан  хүнд үед “үнэ чөлөөлсөн”-өөр гипер-инфляц (инфляц 300% давж, жилийн дотор үнэ 3 дахин өсөв) гаарч иргэдийн өчүүхэн орлогыг хуу сорох нь тэр. Татаасгүй болсон улсын үйлдвэрүүд шил шилээ даран хаагдаж, олон мянган ажилчид ажилгүйчүүдийн эгнээг нэмсэн. Хүнсний дэлгүүрийн лангуу хоосорч, зөвхөн давс үлджээ. Мах сүү, гурил будаа, сахар талх… зэрэг зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнүүд картад орж, хүрэлцээ туйлын хангалтгүй боллоо. Нийгэмд архидалт хавтгайрч, гуйлгачин хүүхэд багачуудаар гудамж дүүрэв. Ирээдүй туйлын бүрхэг болж, иргэд чөлөөт зах зээлд итгэх итгэл нь алдарч эхэлсэн юм.

Энэхүү хямралыг даван туулахад бүтэн 8 жил шаардагдсан юм. Дөнгөж 1998 онд л манай эдийн засаг 1990 оныхоо хэмжээнд эргэж ирсэн. Хямралыг даван туулахад ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагын дэмжлэг тусламж асар их чухал байсныг мартаж болохгүй. Хямрал нийгэмд хэрхэн нөлөөлж, иргэдийн амьдралд ямар хүндээр тусдагийг сануулах зорилгоор дээрх жишээ дурдав. Энэ цагаас хойш манай улсын эдийн засаг хэд хэдэн удаа хямарч байв. Гэхдээ тэртээ 1990-ээд оных шиг хүндээр тусч байсан удаагүй.

Монгол улс 1991 онд ОУВС-гийн гишүүнээр элсэн орсон бөгөөд манай Засгийн газар, эдийн засгийн хүндрэлийн үедээ ОУВС-аас нийтдээ зургаан удаа санхүүжилт авч байжээ. Мөн гэрээний нөхцөл зөөлөн “Стэнд бай” хөтөлбөрт хоёр удаа хамрагджээ /1991 онд 13.75 сая ам.доллар, 2009 онд 229.2 сая ам.доллар/. Ийнхүү Монгол улс эдийн засаг “хямрах” бүрээ ОУВС болон дэлхийн санхүүгийн байгууллагуудаас тусламж эрж “алгаа тосдог” өрөвдөм төрхтэй улс болон хувирчээ. Үүний бодит жишээ нь 2017 онд эхэлсэн ОУВС-ын хөтөлбөр. Учир нь 2016 оны эцсээр урд хөршийн эдийн засаг сэргэж, манай валют олдог голлох эрдэс бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ ханш өсөж эхлэв. Уул уурхайн мөчлөг дагасан эдийн засгийн уналт зогсож, сэргэлт эхэлсэн таатай он жил эхлэх нь тодорхой болчихсон үе. Гэвч 2016 онд УИХ-ын сонгуулиар шинээр байгуулагдсан Засгийн газрын Сангийн сайд болон Монгол банкны Ерөнхийлөгч нар “эдийн засаг дампуурчихсан”, “валютын нөөц сөрөг утгатай болсон” мэтээр хэтэрхий “улс төржсөн” мэдэгдэл хэд хэдэн удаа санаатайгаар хийсэн байдаг. Энэ нь ОУВС-н хөтөлбөрт хамрагдаж, улмаар асар их хэмжээний санхүүжилт авах зорилготой байсантай нь холбон тайлбарлахаас өөр аргагүй юм. Мөн эрх баригч хүчин хямралын үед хэрэгжүүлэх тодорхой бодлого, хөтөлбөргүй байсны нэгэн баталгаа байсан юм.

Ийнхүү худал ташаа мэдэгдэл хийснийхээ дараа 2017 онд Монгол улсын Засгийн газар Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр буюу “EFF” хөтөлбөрт  хамрагдах хүсэлтээ өргөн барьснаар ОУВС 2017 оны тавдугаар сараас хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэхээс ОУВС-гаас 430 гаруй сая, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, БНСУ зэрэг хоёр талт түншүүдээс нийтдээ гурван тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсноо зарласан. Харин энэ хөтөлбөр Монгол улсын хувьд урд өмнөх тусламжуудаас хамгийн үр дүн багатай хөтөлбөр болж хувирсан гэж ойлгож болно. Чухам энэ жилүүдэд Монгол улсын гадаад өр огцом өссөн байдаг

Манай улсын эдийн засаг яагаад үе үе хямардаг юм бол гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Үүнийг тайлбарлахын тулд эдийн засгийн бүтцээ заавал харах ёстой.

Монгол улс уул уурхайн орон. Учир нь манай улсын уул уурхайн салбар, экспортын нийт бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70-80 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20-30 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70-75 хувийг дангаараа бүрдүүлдэг. Манай улсын ДНБ-ий хэмжээ 2000 онд 1,1 их наяд төгрөг байсан бол 2019 онд 36 их наяд төгрөг болж 2000 оны түвшнээс хэдэн арав дахин өсчээ. Энэ нь бид  уйгагүй хөдөлмөрч болсон гэсэн үг биш. Олон бүтээгдэхүүн экспортолж валют олдог болсон гэвэл бүр эндүүрэл.

Энд уул уурхайн хоёр бүтээгдэхүүнд гол учир нь байна. Энэ нь зэс ба нүүрс. Нүүрс манай эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх юм гэж тэртээ 2000 онд хэн ч төсөөлж байгаагүй биз ээ. Хэрэв 2000 оны статистикийг сөхөж үзвэл манай улс зэсийн баяжмал 160 сая ам.доллар, харин нүүрсний 4200-хан ам.долларын экспорт хийж байж. Тэр үед төсвийн нийт орлого ердөө 343 тэрбум төгрөг байлаа. Тэгвэл 2007 онд зэсийн баяжмалаа 811 сая ам.доллар-аар, 2010 онд нүүрсээ 849 сая ам.доллар-аар борлуулж эхэлсэн тэр үеэс манай улсын эдийн засгийг энэхүү хоёр эрдэс бүтээгдэхүүн тодорхойлж эхэлжээ. Өнөөдөр бидний гаднаас олдог 10 ам.доллар тутмын 9 ам.долларыг түүхий эдээс,  тэр дотроо 7-8 ам.долларыг зөвхөн зэс, нүүрснээс олж байна.  Хэрэв зэс, нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр нэмэгдвэл манай уул уурхайн салбар сэргэж улмаар тээвэр, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бусад салбаруудаа тэтгэж сэргээнэ.  Харин зэс, нүүрсний ханш унаад эхэлбэл эдийн засаг нь тэр даруйдаа хямардаг эмзэг эдийн засагтай болжээ. Энэ нь эдийн засагт нөлөөлөх гадаад шалтгаан юм.

Үүнээс гадна дотоод хүчин зүйл буюу улс орныг удирдаж буй улс төрийн хүчний гаргаж буй шийдвэр болон бусад өөр шалтгаан бий. Үүнд, улсын төсөвт “харх” мэт наалдсан бизнес улс-төрчдийн “бүлэглэл”-ийн хэрээсээ хэтэрсэн үйлдлүүд зүй ёсоор орно. Концесс, тендер, лицензийн ченж, шахаа хийгчид, тусгай зөвшөөрлийн “панзчин”… гэх зэргээр тэднийг ангилж болох юм. Улсын төсөв их наядаар хэмжигдэх болсон үеэс бизнесменүүд УИХ руу хошуурцгаасан байдаг. Тэд мөнгөний үнэр хаанаас гарч байгааг хэнээр ч заалгахгүй нь мэдээж. Үр дүнд нь өдгөө манай парламент бизнесменүүд, “тэрбумтан”-аар дүүрчээ. АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч асан Франклин Д.Рузвельт: “Бизнесмен хэзээ ч улс төрийн сайн зүтгэлтэн болдоггүй.  Түүний цорын ганц сонирхол бол халаасаа зузаатгах явдал болохоос ард түмэн огт биш” гэж хэлсэн байдаг.

Хямралд хүргэдэг дараагийн шалтгаан нь улсын төсвийн зардлын огцом өсөлт юм. 2011 онд нүүрсний үнэ тэнгэрт хадаж байсан. Хятадад коксожсон нүүрсний импортын 40 хувийг хангадаг байсан Австралид үер болж нүүрсний уурхайнууд хаалгаа барив. Урд хөршийн бас нэг томоохон нийлүүлэгч Индонезод цалингаа нэмүүлэх зорилготой нүүрсний уурхайчдын ажил хаялт ид өрнөж байв. Чухам энэ үед Монголын нүүрсний экспортын алтан үе эхэлсэн гэж хэлж болно. Үр дүн нь Монгол улсын эдийн засаг 17,3 хувийн өсөлттэй гарчээ. Ийнхүү мөнгөөр гулигаж байсан үед ямаанд мөнгө хуваарилах зэргээр төсвийн зарлагыг огцом нэмж, төрийн албан тушаалтнуудын тансаглалын эхлэл тавигджээ. Харамсалтай нь энэ бол давтаж боломгүй бодлогын том алдаа юм. Ашиг орлоготой байх тэр үед хуримтлал үүсгэлгүй, харин төсвийн зардлаа нэмж улам данхайлгасан жишээ олон бий. Тодруулбал уул уурхайгаас өндөр орлого олж байсан 2006-2008 онуудад төсвийн зардал огцом нэмэгджээ.  Өмнөх онтой нь харьцуулахад 2006 онд 61 хувиар, 2007 онд 2.3 дахин, 2008 онд 3.2 дахин төсвийн зардлаа нэмлээ. 2012 оны төсвийн зарлага 2005 оныхоос 7.9 дахин өссөн байна. Тэгвэл 2021 оны төсвийн зарлага 2016 оныхоос 2 дахин “данхайжээ”. Аймшгийн тоо байгаа биз дээ.

Монгол улсын эдийн засгийн эрсдэлүүдийн эхэнд эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ өсөж төсвийн орлого нэмэгдмэгц, үүнийг дагасан зардлын тэлэлт зүй ёсоор орно. Эрдэс баялгийн үнийн уналт, байгалийн гамшиг зэрэг бэрхшээлүүдээс илүүтэй  төсвийн зардлын өсөлт манай эдийн засгийг сөхрүүлж ирлээ.

Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлд шилжсэн 1990-д оны үеийн эдийн засгийн  гүн хямралыг эс тооцвол Монгол улсын эдийн засаг 6 хувь хүрч агшиж байсангүй. “Дэлхийн бүх улс хямарч байгаа, манайх ч ялгаагүй” гэж өмөөрч болох л доо. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргаж байсан хариуцлагагүй шийдвэрүүд эдийн засгийн нөхцөл байдал ийм хэмжээнд дордоход гол нөлөө үзүүлснийг нууж хаах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаалтнуудын тооцоо судалгаагүй шийдвэр Монгол улсын эдийн засгийг хямраах хэмжээнд хүрчээ. Үүнийг батлах жишээг дурдъя. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө парламентын шийдвэргүйгээр 5.1 их наяд төгрөгийг зарцуулах эрхийг Засгийн газар авсан. Ийнхүү асар их санхүүгийн чадавхтай, ямар ч шийдвэр бие даан гаргах боломжоор бүрэн хангагдсан Засгийн газар бий боллоо. Гэвч 1.7 тэрбум ам.доллар “халаасалсан” Засгийн газар иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засгийг хэвийн байдалд оруулахад нэн шаардлагатай коронавирусын эсрэг вакциныг захиалаагүй байсан нь өнөөдөр тодорхой боллоо. Уул нь хамгийн үнэтэй вакцин авахад 40 сая ам.доллар хангалттай юм. Гэтэл ийм хэмжээний мөнгийг УИХ-ын сонгуульд санал авахад зарцуулсан байх жишээтэй. Тухайлбал, цар тахлаас иргэдээ хамгаалахад биш харин ямаанд мөнгө өгсөн байна. 2020 оны 5 сарын 1-ний өдрөөс ямааны 1 кг ноолуур тутамд 20 мянган төгрөгөөр тооцож, нийт 203,441 малчин, мал бүхий иргэдэд 175 тэрбум төгрөг олгожээ. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг нэмэгдүүлж нийт 242,992 иргэнд 27.5 тэрбум төгрөг, халамжийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 67.3 мянган иргэнд олон тэрбум төгрөг тараажээ. “Сонгогчид хэдий чинээ ядуу байна тэднийг худалдаж авахад амархан” гэдэг ойлголт Африкийн ядуу орнуудад хэрэгждэг байсан юмсан. Харамсалтай нь Монгол улсад хэрэгжихдээ бүр татвар төлөгчдийнхөө мөнгөөр хийдэг болчхож. Энэ нь цаашлаад эдийн засгаа хямраах хэмжээнд хүрчээ.

Ийнхүү Монгол улсын эдийн засаг ойр ойрхон хямардаг учир шалтгаан нь зэс, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас илүүтэй төсөвт наалдсан улс төрийн бүлэглэл, төсвийн зарлагын хэт өсөлт, Засгийн газрын үйл ажиллагаанд хэвшмэл үзэгдэл болсон “хариуцлагагүй байдал”-тай холбон үзэхээс өөр аргагүй юм.

2020 оны 2 сарын 15


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.