Германчууд AstraZeneca-гаас татгалзаж буйн учир

Германчууд AstraZeneca-гаас татгалзаж буйн учир

Их Британид бүртгэлтэй Англи-Шведийн хамтарсан эмийн үйлдвэрийн AstraZeneca вакциныг Германы эрүүл мэндийн хэсэг ажилтнууд хийлгэхгүй гээд товлосон цагт очоогүй явдал гарчээ.

Германы Саар дахь эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй ажилтанд вакцин хийхээр товлосон байж. Гэтэл тэн хагас нь очоогүй гэнэ. Хэвлэлийнхэн энэ явдлыг өлгөж аваад хэргийн учир юунд байгааг тодруулахыг зорьжээ. Гэтэл зөвхөн Саар ч бус мөн Германы өөр бүс нутгуудын иргэд ч AstraZeneca вакциныг хийлгэхгүй гэж шийдсэн нь тодорхой болсон байна.

Frankfurter Allgemeine Zeitung-ийн олж мэдсэнээр бол хоёрдугаар сарын 14-ний байдлаар Европы Холбооны шугамаар нийлүүлсэн BioNTech/Pfizer-ийн вакцины 85 хувь, Moderna-гийн 63 хувийг иргэд хийлгэжээ. Харин AstraZeneca-гийн нийт нийлүүлсэн вакцины дөнгөж 19 хувийг л хийлгэсэн байна.

Германд вакцин дутагдалтай, эрэлт хэрэгцээ их байгаа хэрнээ иргэд вакцин хийлгэхээс татгалзсан нь анхаарал татахуйц явдал юм. Энэ асуудлыг Die Zeit цахим хуудас анхааралдаа авч, хоёрдугаар сарын 16-нд “AstraZeneca бол хоёрдугаар сортын вакцин биш” гэх гарчигтай материал нийлэлсэн байна. Тус материалыг маш олон хүн уншжээ.

Энэ материалд Оксфордын эрдэмтдийн бүтээсэн AstraZeneca-г өмгөөлж хамгаалж үг хэлсэн хүн бол Германы вирус судлаач Кристиан Дростен байлаа. Дростен бол Берлиний “Шарите” эмнэлгийн эрхлэгч юм. Тухайн материалд “Astra бол түүний бусдад харагдаж ойлгогдож буйгаас илүү сайн вакцин” гэж Дростен цохон тэмдэглэжээ.

Хамбургийн Их Сургуулийн эрдэмтэд аль үйлдвэрийн вакциныг тариулахыг хүсч буйг олж мэдэхээр иргэдийн дунд судалгаа явуулахад, 48.2 хувь нь аль нэг үйлдвэрийг илүүд үзэхгүй, алийг нь бол алийг нь хийлгэнэ гэжээ. Харин 33.3 хувь нь BioNtech/Pfizer-ийн вакциныг хийлгэнэ гэсэн байна. Тэгвэл 5.8 хувь нь Moderna-г сонгож, дөнгөж 2 хувь нь AstraZeneca-г гэжээ.

Үүний зэрэгцээ Forsa институтээс явуулсан судалгааг TRL теле-радио компани мэдээлэхдээ иргэдийн 67 хувь нь аль нэг вакциныг илүүд үзэхгүй гэлээ гэжээ. Харин 22 хувь нь BioNtech/Pfizer-ийг сонгосон бол AstraZeneca-г 5 хувь нь л дурьдсан байна.

Ингэснээр BioNtech/Pfizer-ийн вакциныг германчууд сонгох илүү өндөр магадлалтай нь нэгэнт тодорхой болжээ. Харин яагаад заавал энэ үйлдвэрийн вакциныг сонгох болсон талаар судалгаа хийж үзэхэд BioNtech нь Германы Майнцынх тул эх орны бүтээгдэхүүн илүү чанартай гэсэн итгэл үнэмшил дээрээ тулгуурлаж байгаа гэнэ. Мөн Америкийн Pfizer корпораци нь салбарынхаа тэргүүлэгчдийн нэг тул сонголтоо тийш хандуулж байгаа ажээ. Энэ вакциныг хэвлэлээр маш сайн сурталчилж чадсан нь мөн давуу тал олгож байгааг үгүйсгэх аргагүй юм. Вакциныг бүтээгч Майнцын Их сургуулийн эрдэмтэн Угур Шахин болон түүний эхнэр Озел Туречи нарын ярилцлага олон хэвлэлд гарсан учир буух эзэн, буцах хаягтай гэж иргэд үзэж, итгэл үнэмшил төрүүлж байгааг ч үгүйсгэх аргагүй. Мөн тус вакцин 95 хувийн буюу маш өндөр хувийн үзүүлэлттэй байгаа нь ч олны анхаарлыг татсан биз ээ.

Тэгвэл зоосны нөгөө тал гэдэг шиг AstraZeneca-д итгэхгүй байгаагийн учрыг тайлахыг мөн хичээжээ. Европын Холбооны улсууд болон Өмнөд Солонгост гэхэд тус вакциныг 65-аас доош насныханд л хийхийг зөвлөсөн аж. Итали, Испанид бүр 55-аас доош насныханд хийх зөвлөгөөтэй байгаа гэнэ. Яагаад 55 юмуу 65 гэсэн насны хязгаар тавиад байна вэ гэвэл үүнээс дээш насныханд хийсэн туршилтын хариу бүрэн гараагүй, бүрэн тодорхой болоогүйтэй холбоотой. Тиймээс ч хоёрдугаар сарын 3-нд Швейцарь улс AstraZeneca-г авах гэснээ түр түдгэлзээд байна. Швейцарийн төр засаг тус вакциныг оруулж ирэх эсэхээ ард иргэдээсээ асууж байж дараа нь шийдвэр гаргахаар болсон юм.

Мөн Өмнөд Африкт тус вакцин нь мутацид орсон коронавирусийг бүрэн дарж чадахгүй байгаа тухай мэдээ түгжээ. Үүн дээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард AstraZeneca компани сайн дурын хүмүүс дээр туршилт хийхдээ алдаа гаргаж, тунг дутуу өгсөн явдлын тухай хэвлэлүүд мэдээлсэн нь ч нөлөөлсөн байх магадлалтай.

Die Zeit-ийн материалд өгүүлснээр бол “95 хувийн магадлалтай вакцин байхад хэн 60 хувийн магадлалтай AstraZeneca-г хийлгэх юм бэ?” гэжээ. Гэхдээ 60 хувийн магадлал гэдэг нь вакцин хийлгэсэн 10 хүний 6 нь коронавирусээс хамгаалагдахгүй гэсэн үг биш гэдгийг тодруулсан байна. Энэ хувь бол эрсдэл, сөрөг нөлөө үзүүлэх магадлалыг л тооцон гаргасан тоо юм байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ажилтан, герман эмч Франк Ульрих Монтгомеригийн цохон дурьдснаар бол үр ашиг муутай вакцин байхад нүдээ аниад өнгөрч болохгүй гэжээ.

Үүнээс гадна AstraZeneca-гийн хүчтэй сөрөг нөлөөний тухай багагүй яриа гарч байна. Германы Брауншвайгт тус вакциныг хийлгэсэн эмнэлгийн 88 ажилтны 37 нь маргааш нь бие тавгүйрхсэний улмаас ажилдаа явж чадаагүй гэнэ. Мөн Дельменхорст, Ольденбург, Эмдений эмнэлгүүдийн ажилтнуудын заримд нь хүчтэй сөрөг нөлөө мэдрэгдсэн учир, маргааш нь ажилдаа яваагүй ажээ.

Тиймээс яаран AstraZeneca-г хийлгэлгүйгээр түр хүлээж, Johnson&Johnson-ийн вакциныг юмуу эсвэл мөдхөн бүртгүүлэх Novavax, CureVax-ийн вакциныг хийлгэх боломж Германы иргэдэд байгаа юм.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.