Нийгмийн даатгалын нэмэгдлийг царцаах санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа

Нийгмийн даатгалын нэмэгдлийг царцаах санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар уулзаж, нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар ярилцав.

Уулзалтаар талууд “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2017 оны хуулиар ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэх шийдвэрийн хэрэгжилтийн талаар байр сууриа илэрхийлэв.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд төрийн байгууллага, орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчид хамрагдахгүй байгаа тул Нийгмийн даатгалын багц хуулийг төсөл батлах хүртэл хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэхгүй, царцаах хүсэлт гаргалаа.

Энэ хүсэлтийг Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж шийдэх шаардлагатай тул Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог шуурхай хуралдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмсэнтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээлийг судлах, цаашид хэрэгжүүлэх санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, эндээс гарсан саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн талууд зохих бэлтгэл хангаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр боллоо.

ХНХЯ нь нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг батлуулсан бөгөөд хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.