С.Батболд: Ор үндэсгүй гүтгэлгийг Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат ба түүний хамтрагчдын зүгээс гаргаж байгаа нь туйлын харамсалтай

С.Батболд: Ор үндэсгүй гүтгэлгийг Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат ба түүний хамтрагчдын зүгээс гаргаж байгаа нь туйлын харамсалтай

Сүүлийн үед сошиалаар Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой мэдээллүүд гараад байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Батболд: Миний хамаарал бүхий компаниуд хуулийн дагуу ажилладаг” нэртэй ярилцлага хэвлэлд өгчээ. Түүний ярилцлагын онцлох үгнээс хүргэе.

  • С.Батболд: Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-иуд АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхэд миний эсрэг нэхэмжлэл гаргасан, дараа нь Засгийн газар тэр нэхэмжлэлээ татсан, үүнд нь Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл оролцсон гэж гүтгэж байсныг бид харсан. Дээр дурдсан төрийн өмчит компаниуд, Засгийн газар огт холбоогүй гэдэг нь нотлогдонгуут гадаадын шүүхэд хандаж, миний эсрэг гүтгэлгийн ажиллагааг гадаадын хувийн ашгийн төлөө компанитай хамтран гүйцэтгэж байгаа эзэд нь өөрсдөө арга буюу ил гарч ирлээ. Монгол Улсын Засгийн газар уг асуудалд огт оролцоогүй болох нь тодорхой боллоо. Энэ нь сайн хэрэг.
  • С.Батболд: Анхнаасаа энэ мэт гүтгэлэг бүхий баримт сэлтийг цуглуулан Төрийн болон албаны тухай нууцын тухай хуулийг санаатайгаар зөрчиж, “маш нууц”-ын зэрэглэлд хэргээр хамааруулан Баянзүрх дүүргийн шүүх дээр хэрэг үүсгэсэн. Тэгээд уг баримт, мэдээлэлтэй миний бие, манай өмгөөлөгчийг хүртэл танилцах боломжгүй зохиомол байдлыг үүсгэсэн. Тэгсэн мөртлөө үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой баримтуудыг няцаахгүй байгаа нь хүлээн зөвшөөрч буй хэрэг гэх мэтээр Ц.Насанбат прокурор ярилцлага өгч, эрээ цээргүй ярилаа. “Маш нууц” гэсэн тамга дарчихаад огт харуулахгүй мөртлөө энэ нөхөр өөрөө тайлбарлахгүй байгаа нь хүлээн зөвшөөрч буй гэмт хэрэг мэтээр сурталчилж ярьсан. Энэ хүнд прокурорын мэргэжлийн ёс зүй гэж баймаар юм даа.
  • С.Батболд: Гүтгэлэг учраас эхнээсээ Нью-Йоркийн шүүхийн шийдвэр нэхэмжлэл өгсөн этгээдүүдийн эсрэг гарсан. Аль 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр надтай холбоотой гаргасан нэхэмжлэлээ ямар нэгэн тохиролцоо, нөхцөлгүйгээр бүрэн зогсоосон. Тэр баримт нь гүтгэлэг тараагчид намайг гүтгэхдээ орж хараад байдаг Нью-Йоркийн шүүхийн цахим хуудаст нь ил байгаа. Гэтэл ямар нэгэн тохиролцоо хийж, хэргийг татсан юм шиг бас л нэг гүтгэлэг зохиож олон түмнийг төөрөгдүүлэх зүйлийг Ц.Насанбат прокурор ярилцлагадаа хэлсэн байна лээ.
  • С.Батболд: Нэр бүхий этгээдүүд Оюутолгойн асуудалд бусдад давуу тал үүсгэсэн, Эрдэнэтэд хохиролтой гэрээ хийсэн гэх мэт ор үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй нэхэмжлэлийг дотоодын шүүхэд нэхэмжлэгч, хүсэлт гаргагчгүйгээр хууль зөрчин үүсгүүлж, энэ бусармаг үйлдэлдээ гадаадын хувийн мөрдөгч, хуулийн компани, шүүхийг ашиглаж байгаа нь тодорхой боллоо. Миний зүгээс хууль шүүхийн байгууллагад хандан шалгуулж, үнэн зөвийг тогтоолгох болно.
  • С.Батболд: Энэ бүхий л гүтгэлгийг зориудаар зохион байгуулж буй гэж нийгэм хардахаас өөр аргагүй байдлыг үүсгэсэн тул миний итгэмжлэгдсэн төлөөлөгч маань шүүхэд удаа дараа гомдол гаргасан. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан зарим баримтууд өнөөдрийн өдөр хүртэл маш нууц хэвээрээ л байна.
  • С.Батболд: Ц.Насанбат прокурор хэвлэлд өгсөн ярилцлагадаа намайг Оюутолгойд татвар, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, давуу байдал үүсгэсэн гэж бүдэг бадаг ярьсан байна лээ. Харин гадаадын шүүхэд өгсөн материалууддаа “С.Батболд нь Оюутолгойн хүүг бууруулсан, татварыг нь бууруулсан, хариуд элдэв юм авсан” гэж цагаан дээр хараар гүтгэсэн байдаг.
  • С.Батболд: -Миний удирдсан Засгийн газар Нидерланд, Люксембүрг зэрэг улстай 2002 он бүр тэрнээс ч өмнө байгуулсан байсан давхар татварын хэлэлцээрүүдийг цуцлах асуудлыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн. Ингэснээр манай улстай давхар татварын хэлэлцээртэй тухайн улсуудад төвтэй буюу бүртгэлтэй уг төслийн оролцогчдын татвараас чөлөөлөгдөх нөхцөл үгүй болж, Оюутолгойн төслөөс Монголын талын авах татварын хэмжээ 0-10 хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлсэн.
  • С.Батболд: Манай улсын татварын байгууллагын тавьсан татварын акттай холбоотой маргааныг “Рио Тинто” Лондонгийн Арбитрын шүүхэд үүсгээд явж байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Манай Засгийн газар олон жилийн өмнө үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гаргаж шийдүүлсэн учраас л Монгол Улс нэмж 1 тэрбум долларын татварын ихэнх хэсгийг авах эрх нь үүссэн байгаа. Хачирхалтай нь Лондонгийн Арбитрын хэрэгт Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа хуулийн компани нь Ц.Насанбат прокурорын даалгавраар гадаадын шүүхэд яваад байгаа нөгөө “Кинг энд Спалдинг” компани юм байна гэдгийг Хууль зүйн сайдын УИХ-ын чуулган дээр хэлсэн үгнээс нь би ойлгосон. Тэгэхээр энэ компани нь хэн, хэзээ энэ татварын цоорхойг хаасан, яагаад Монголын Засгийн газар энэ татварыг авах эрх нь үүсээд байгааг маш сайн ойлгож байх учиртай. Энэ татварыг Монголын талын авах ёстой мөнгө гэж үзэхгүй харин ч бүр нөгөө талд олгосон давуу тал гэж байгаа юм бол? Тэд хэний талд ажиллаад байгаа нь ойлгомжгүй байна. Монголын талд юм уу? Рио Тинтогийн талд юм уу?
  • С.Батболд: Миний тэргүүлсэн Засгийн газар 2011 онд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулах өөрчлөлтийг Оюутолгойн гэрээнд оруулж, Монголын тал олон зуун сая ам.долларын хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдсөн. 9.9 байсан хүүг 6.5 болтол бараг 30 хувиар бууруулах нь Монголын талд ашигтай гэдгийг ойлгож ядах юмгүй.
  • С.Батболд: Жишээ нь, 15 хувийн хүүтэй байрны ипотекийн зээлтэй байтал хэн нэгэн таны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулаад өгчээ. Гэтэл Та “надад ашиггүй, банкинд ашигтай” юм боллоо гээд хүү бууруулж өгсөн хүнээ шүүхэд өгөх үү? Яг л ийм утгагүй гүтгэлэг явагдаад байна.
  • С.Батболд: Энэ мэт ямар ч ор үндэсгүй гүтгэлгийг Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат ба түүний хамтрагчдын зүгээс гаргаж байгаа нь туйлын харамсалтай.
  • С.Батболд: Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулж, Монгол Улсад төлөх татварыг нэмэгдүүлснийг минь Монголын талд ашигтай болохыг хэн ч ойлгоно. Харин Ц.Насанбат прокурор ийм энгийн зүйлийг ойлгохоос санаатайгаар зайлсхийж, Монголын талд ашигтай шийдвэрүүд нь буруу гэж үгүйсгэж байгаа нь гайхал төрүүлж байна.
  • С.Батболд: Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Монголын ард түмний талд байна уу, эсвэл “Рио Тинто”-гийн талд ажиллаад байна уу гэх асуулт өөрийн эрхгүй төрж байна.
  • С.Батболд: Гадаадын шүүхэд өгөөд байгаа материалуудад нь ийм л ор үндэсгүй гүтгэлгүүд явж байна. Хэн ийм гүтгэлэг зохиолгоод, ямар зорилгоор “сэвээд” байгааг тодорхой болгох ёстой.
  • С.Батболд: Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга залуу Ерөнхийлөгчийг төлөөлөөд Нью-Иоркийн шүүх дээр ялагдчихсан материалаараа телевизийн төлбөртэй нэвтрүүлэгт намайг гүтгээд зогсож байгааг та бүхэн харсан байх.
  • С.Батболд: Энэ нь гадаадын шүүхэд нэгэнт явахаа больчихсон гүтгэлгээ Монголд улам эрчимжүүлж байгаа энэ гүтгэлгийн захиалагч хэн болохыг олон түмэнд харуулж байна.  Прокурорыг хэн томилдог билээ? Хэргийн эзэн одоо ил тод болчихлоо.
  • С.Батболд: Үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч байх ёстой Ерөнхийлөгч өөрөө УИХ-ын индэр дээрээс намайг “Төрийн эргэлт хийлээ” гэж бас л гүтгэсэн. Ийм ноцтой хэрэгт намайг гүтгэчихээд хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгч маань нөгөө эргэчихсэн байх ёстой төрийнхөө сайд нарыг дэмжиж шинэ Засгийн газраа байгуулж уулзалт байгаа нь бүх телевизээр гарна лээ. Хэрвээ төрийн эргэлт болчихсон юм бол Ерөнхийлөгч тэр Засгийн газрыг дэмжих үү?
  • С.Батболд: Энэ бүх асуудлаар би хуулийн байгууллагад хандсан. Дүгнэлт гаргаж өгөхийг шаардаж байгаа, нэр төрөө сэргээлгэх болно.
  • С.Батболд: Миний амьдрал, бизнесийн түүхэнд төрөөс төмөр зам, ямар нэгэн концесс, тендер хулгайлж аливаа хууль бус аргаар хөрөнгөжсөн түүх байхгүй. Хариуцлагатай хэлье. Миний хамаарал бүхий компаниуд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо ч хуулийн дагуу ажилладаг.
  • С.Батболд: Би бусдын адил 1990-ээд оноос бизнес эрхэлж эхэлсэн. 2000 онд улс төрд орохдоо Монголын хамгийн амжилттай, том компаниудын нэгийг аль хэдийнэ босгосон байсан. Одоо ч бүтээн босгосон компани маань Монголдоо тэргүүлэх компаниудын нэгд олон нийтийн нүдэнд ил тодоор явсан хэвээр байна. Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон амжилттай төслүүд хэрэгжүүлж, гадна дотнын олон түнштэй хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн.
  • С.Батболд: Ашиг сонирхлын тухай хууль үйлчилж эхлээгүй байхад буюу 2000-аад оны эхээс томоохон компаниуд ихэнх нь л татварын таатай орчинд буюу оффшор бүсэд компани байгуулж ажиллаж байсан. Манай компани ч бас энэ зарчмаар гадаадад компани байгуулж ажиллаж байсан. Ашиг сонирхлын тухай хууль батлагдаж түүнд нийцүүлж оффшор компаниудаа хаасан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш оффшор бүсэд бүртгэлтэй компани, данс, байр сав байхгүй. Монголд томоохон бизнес эрхэлж байгаа хүн бүр л гадаадын ямар нэгэн түнш, танил хөрөнгө оруулагчтай байдаг.
  • С.Батболд: Зөвхөн намайг харлуулах гэсэн бохир улс төрийн тоглолтоос болж гадаадын иргэний нэр хүнд, өмч хөрөнгийн хууль ёсны эрхэд халдаж байгаа нь туйлын бүдүүлэг, бусармаг үйлдэл л дээ.
  • С.Батболд: Оюутолгойн гэрээ, Эрдэнэттэй холбоотой гэх ор үндэсгүй гүтгэлэгтээ аль 2006 оны бизнесийн үйл ажиллагааг маань хамруулан санаатайгаар мэдэн будлиж байгаа нь энэ үйл ажиллагаа анхнаасаа зохион байгуулалттай, улс төрийн зорилготой гүтгэлэг гэдгийг нь харуулж байна. Би 2005, 2006 онд хууль журмын дагуу компаниуд байгуулж байсан. Гэтэл энэ компаниудыг 2011 онд Оюутолгойн гэрээнд оруулсан өөрчлөлттэй холбон гүтгэнэ гэж юу гэсэн үг вэ?
  • С.Батболд: Хил дамнан үргэлжилж буй энэ асуудал нь анхнаасаа улс төрийн зорилготойгоор зохион байгуулж буй гүтгэлэг юм. Оюутолгойн гэрээнд оруулсан Монголын талд ашигтай өөрчлөлтийг “Рио Тинто”-д ашигтай байсан мэтээр гуйвуулж, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой ямар ч ор үндэсгүй гүтгэлэг зохиосон.
  • С.Батболд: Энэ гүтгэлгийг хэн нэгний холын хонзон, улс төрийн захиалгаар төмөр замын төслөөс сая, сая долларын тендер авч байсан этгээдүүд гардан зохион байгуулж, үүндээ прокурорын гадаад харилцааг маш нууц гэх шалтгаар ашиглаж, Нийслэлийн прокурорыг татан оролцуулж, татвар төлөгчдийн мөнгөөр өөрийн орны иргэнээ шалгуулах даалгаврыг гадаадын хувийн мөрдөгч компанид захиалсан бохир гүжир гүтгэлгийн кино үргэлжилж байна.
  • С.Батболд: Монгол Улсын хууль тогтоомжийг санаатайгаар зөрчин оффшор бүсэд зөвхөн дүрмийн сан нь сая ам.доллараар тоологдох компани эзэмшиж байсан нь хөдөлшгүй баримтаар ил болсон улстөрчийн хэргийг нэг ч прокурор ярихгүй, хөөцөлдөхгүй байгаа нь гайхалтай байна.
  • С.Батболд: Тодорхой цаг хугацааны дараа шударга ёс, бодит үнэн ялж энэхүү хар пиар, гүжир гүтгэлгийн асуудал шударга шийдэгдэнэ гэж итгэж байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг байдаг даа.

Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.