Шведийн оньсого буюу Ace of Base-ийн дуучин бүсгүй хаачсан бэ?

Шведийн оньсого буюу Ace of Base-ийн дуучин бүсгүй хаачсан бэ?

1990, 2000-аад онд дуу хөгжим сонирхож, MTV-г сонсож өссөн хүмүүс Шведийн алдарт Ace of  Base хамтлагийг андахгүй сайн мэднэ. Энэ хамтлаг бол гэр бүлийн гэж хэлж болохоор хамтлаг. Юнас Бергрен гэх ах нь шар, бор үстэй хоёр эмэгтэй дүүгээ “уруу татан” хамтлаг байгуулахдаа мөн найз Ульф Экбергийг урвуулан авчээ.

Шаргал үстэй дуучин бүсгүй нь Линн Бергрен үзэсгэлэнтэй, сайн хоолойтой нэгэн.  Түүний төрсөн дүү эмэгтэй бор үстэй Йенни Бергрений хувьд бол багаасаа дуучин болохыг хүсч мөрөөдөж байж. Харин шаргал үст Линн бол Чалмерсийн Техникийн Их Сургуулийг багш мэргэжлээр төгссөн, дуулах, олны өмнө гарах нэг их дуртай биш. Багадаа сүмийн найрал дуунд дуулдаг байсан ч үргэлж бусдын нүднээс далд, өөрийнхөөрөө ажин түжин амьдрахыг хүсч байжээ.

Ах нь хамтлаг байгуулах тухай санаа сэдэхэд ч Линн дургүйхэн зөвшөөрсөн байна. Харин Йеннигийн хөл газар хүрэхгүй хөөрөн баярлажээ.

Ace of  Base-ийн эхний дуунуудад гол дуучин нь Линн байдаг. Дууны үг зохиож, продюсерын ажлаа давхар хийнэ. Гэвч аажимдаа Линн гол дуучин биш болж, олны нүдэнд аль болох өртөхгүйг хичээн, хамтлагийнхаа хэдээс зайдуу хөгжим даран зогсох болсон юм. Сүүлийн хэдэн дуунууд дээр царайг нь ч тод харуулахаа болилоо.

Магадгүй Линн ийнхүү өөрийгөө бусдаас нуух болсон нь 1994 онд ээж, дүү хоёр руу нь нэгэн галзуу фанат хутга барин дайрсантай ч холбоотой байж мэдэх юм. Тэр галзуу эмэгтэйг цагдаа нар баривчилсан ч Линн улам үзэгдэхээ болилоо.

1997 онд хамтлаг нь том шагнал гардах ёстой атал Линн очсонгүй. Хэвлэлээр эвтэйхэн тайлбарлахдаа “Нисэх дургүй. Айдаг” гэсэн байдаг. Гэхдээ Линн тэгэхэд л хачин гэмээр нууцлаг амьдрал руу шилжиж, аль болох камерын өмнө гарахгүй хичээх болсныг олон нийт аль хэдийнэ анзаарчихсан байв.

Үзэсгэлэнтэй, сайхан дуу хоолойтой бүсгүй яагаад ийм ааш аяг гаргаад байгааг хүмүүс ойлгохоо больжээ. Концерт дээр хүртэл даралтат хөгжим дарсан гунигтай царайтай нэгэн харагдана. Өнөөх гялалзсан бүсгүй үгүй болсон мэт. Өөр хүнээр сольчихсон мэт өөрчлөгджээ.

Линн яагаад захдуу зогсох, үзэгдэхгүй шахам болсныг продюсер нь тайлбарлахдаа “Манай Линн өөрийгөө гайхуулах дургүй. Бүрэг хүн” гэнэ. Удалгүй Линн хамтлагаасаа гарсан тухай мэдээ түглээ. Дүү Йенни нь энэ талаар хэлэхдээ “Сүүлийн хэдэн жилийн турш Линн үнэндээ бидэнтэй хамт ажиллаагүй” гэсэн юм.

Линн одоо сошиалд хаяггүй. Ер нь хаана байдаг нь ч тодорхойгүй. Ах дүү хоёр нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Линн сайн байгаа. Аз жаргалтай байгаа. Бид саявтархан уулзаж хөгжилдсөн” гэдэг. Гэвч Линний бичлэг битгий хэл ганц зураг ч олны хүртээл болохгүй байсаар он жил өнгөрчээ.

Зарим нь сошиалд “Линн хүчиндүүлээд сэтгэцийн өөрчлөлттэй болсон. Одоо сэтгэцийн эмнэлэгт байгаа” гэж бичсэн харагдавч үүнийг гэр бүлийнхэн няцааж, “Үгүй тэр өөрийнхөөрөө аз жаргалтай амьдарч байгаа” гэдэг юм.

Энэ бол Линний одоогоор олны мэлмийд хүрсэн сүүлчийн зураг нь. Зураг дээрээс Линнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтэж буй хүнд өвчтөн биш харин үнэхээр жаргалтай амьдарч яваа эмэгтэй гэж хармаар. Гэвч яг үнэнийг мэдэх хүн цөөхнөөс цөөхөн.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.