“Чингис хаан” музейн “Хүннүгийн танхим”-ыг долдугаар сард олон нийтэд нээхээр төлөвлөжээ

“Чингис хаан” музейн “Хүннүгийн танхим”-ыг долдугаар сард олон нийтэд нээхээр төлөвлөжээ

УИХ-ын зарим гишүүн өчигдөр Байгалийн түүхийн музей, Соёлын өвийн үндэсний төв, “Чингис хаан” хаад язгууртны музей, Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр, Монголын үндэсний номын сан зэрэг соёлын салбарын бүтээн байгуулалтуудын явцтай очиж танилцсан юм.Байнгын хорооны дарга, гишүүдийг Соёлын сайд Ч.Номин болон салбарын холбогдох албан тушаалтнууд дагалдан ажиллаж, дээрх төслүүдийн явц, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгөв.

Байгалийн түүхийн музейг 47,733 м талбайд барих бөгөөд барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгох тендер өмнө нь гурван удаа зарлагдсан ч шаардлага хангах гүйцэтгэгч шалгараагүй тул дөрөв дэх удаагаа зарлажээ.

Ирэх дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол Соёлын өвийн үндэсний төвийн 7,900 м талбай бүхий барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс ажиллаж байна. Тус төвийн соёлын өв, түүхийн дурсгалыг сэргээн засварлах, бүртгэх, баримтжуулах, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалах сан хөмрөгийн байр зэрэг өрөө, тасалгаагаар гишүүд орж танилцлаа.

Сэргээн засварлах лабораториудад зориулалтын техник, тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах шаардлагатай байгаа талаар салбарын сайд энэ үеэр мэдээлэл өгсөн юм. Энд зарим үзмэрийг шилжүүлэн авчирчээ. Тухайлбал, Эрмитаж музейд хадгалагдаж буй “Чингисийн чулууны бичиг”-ийн цорын ганц эх хуулбар байв. 1224-1225 онд бичигдсэн гэж үздэг уг дурсгал нь одоогийн байдлаарх монгол бичгээр бичсэн хамгийн анхны дурсгалд тооцогддог талаар холбогдох албан тушаалтан ярилаа.  Энэхүү дурсгал нь “Чингис хаан” хаад язгууртны музейн хамгийн анхны үзмэр болох аж.

“Чингис хаан” хаад язгууртны музейн барилгын дотор, гадна заслын ажил хийгдэж байна

“Чингис хаан” хаад язгууртны музейг 20,500 м талбайд барьж буй бөгөөд каркасны ажил 100 хувь дуусаж, дотор, гадна заслын ажил хийгдэж байна. Ирэх тавдугаар сард барилгын ажлыг бүрэн дуусгаж, хамгийн их үзмэртэй “Хүннүгийн танхим” зэрэг үзмэрийг ирэх долдугаар сард олон нийтэд нээхээр төлөвлөжээ.

Гадаад орнуудад байгаа Монголын хаад язгууртны түүхэнд холбогдох эд өлгийн зүйлсийг сурвалжлан олж ирэх ажил үргэлжилж буй талаар салбарын холбогдох албан тушаалтан энэ үеэр ярилаа. Тухайлбал, Япон луу Хубилай хааны флот довтолсон түүхэнд холбогдох далайн ёроолоос олдсон усан онгоцны загварын эх хуулбарыг Японоос авч байна гэж мэдээлсэн юм.

Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын барилгын ажлыг тавдугаар сард эхлүүлнэ

Хүүхдийн төв номын сангийн барилга барих газрын асуудал шийдэгдэж, 1.1 га газрыг олгожээ. Тус төслийн явц 10 хувьтай байна. 8,000 м талбай бүхий 16 уншлагын танхим, 400 уншигчийн суудалтай номын сангийн барилга угсралтын ажлыг Хүүхдийн төлөө фондод цугласан хөрөнгөөр ирэх тавдугаар сард эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хүүхэлдэйн театрын барилга барих газрын захирамж гарч, төслийн явц 10 хувьтай байна. Их, бага хоёр танхим бүхий тус театрын барилга угсралтын ажлыг мөн Хүүхдийн төлөө фондод цугласан хөрөнгөөр ирэх тавдугаар сард эхлүүлэх юм байна.

Монголын үндэсний номын сан 16 төрөлжсөн уншлагын танхим, 450 хүний суудалтай байх бөгөөд төслийн явц 85 хувьтай байна. Тус номын санд техник технологи, тавилга, эд хогшил зэрэг зардалд хөрөнгө оруулалт шаардлагатай талаар салбарын сайд танилцууллаа.

Соёлын салбарын бүтээн байгуулалтуудтай ийнхүү танилцсаны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Хөл хорионоос шалтгаалан бүтээн байгуулалтын ажлууд хуваарьт хугацаанаас хоцорсон тал байгаа ч эрчтэй явж байна. Улсынхаа зүрх, тархи болсон соёлын салбарынхаа үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг дэмжих хэрэгтэй. Гишүүд бүтээн байгуулалтын ажилтай танилцсан тайланг Байнгын хорооны хурлаар хэлэлцэж,  яамандаа тодорхой чиглэл өгч ажиллана. Түүнчлэн ямар боломжоор дэмжлэг үзүүлэх талаар Ерөнхий сайдтай уулзана” гэв.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.