Ц.Насанбат прокуророос болж Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” байгууллагууд эдийн засгийн ноцтой хохирол учрах эрсдэлтэй болчихлоо

Ц.Насанбат прокуророос болж Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” байгууллагууд эдийн засгийн ноцтой хохирол учрах эрсдэлтэй болчихлоо

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын өмгөөлөгч Д.Батсүх, З.Сүхбаатар нар гадны шүүх хуулийн байгууллагаар хэлэлцэгдэж буй гэх асуудал дээр тодорхой хариулт “Зууны мэдээ” сонинд өгснийг нь товчлон хүргье.

– Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат хэвлэл мэдээллийн хэрэгсэлд УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой асуудлаар ярилцлага өгсөн байсан. Та бүхэн үүнд хариулт өгөхгүй юу?

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Нэгдүгээрт,  оффшорын хуулийн хэрэгжилтэд прокурорын байгууллага бус харин АТГ хяналт тавьдаг. Хоёрдугаарт, энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш өнөөдрийн өдрийг хүртэл хугацаанд Сү.Батболд гэдэг хүн энэ хуулийн шаардлагыг зөрчсөн гэх асуудлаар АТГ-аас ямар нэгэн шаардлага тавьсан, хариуцлага тооцсон үйл явдал болоогүй. Тодорхой хэлбэл, УИХ-ын гишүүн Сү.Батболд нь оффшор бүсэд хөрөнгө, хуулийн этгээдтэй байхыг хориглосон хуулийн шаардлагыг чанд баримтлаж, түүнийг огт зөрчөөгүй гэсэн үг. Тиймээс прокурор Ц.Насанбат “ Эрүүгийн хэрэг байхгүй нь үнэн. Гэхдээ оффшорын асуудал тусдаа” гэх тайлбар нь бодит байдалд нийцэхгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл юм.

Прокурор Ц.Насанбат болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нар бодит байдалд нийцэхгүй олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийсэн

– Ц.Насанбат прокурор болон ЕТГ-ын дэд дарга Б.Саруул нар ярилцлага, мэдээлэл өгөхдөө Сү.Батболдыг оффшортой гэх мэтээр  ярьсан байсан?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

-Ц.Насанбат прокурорын ярилцлагыг болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нарыг өгсөн ярилцлага болон нэвтрүүлэгтээ дурдсан мэдээллүүдээ баримтаар нотлохыг тэднээс шаардана. Мөн бидний зүгээс ч түүний энэ ярианд болон нэвтрүүлэгт дурдагдсан хөрөнгө, компаниуд нь бидний үйлчлүүлэгчид хамааралгүй болохыг нотлох тайлбар, баримтаа шүүхэд гаргаж өгөх болно.

Ц.Насанбат прокурор яриандаа АТГ-ын нэрийг ашигласан нь өөрийнхөө худал тайлбарыг үнэн юм шиг харагдуулах зорилготой санаатай үйлдэл. Үүнийг нотлох тодорхой жишээ бол түүний хэлсэн “Эрүүгийн хэрэгт шаардлагатай нотлох баримтыг гадаадаас авахын тулд мөрдөгчийн даалгавар, хүсэлт бичдэг юм” гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрийнхөө яриаг худал гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Ц.Насанбат прокурор ярилцлага өгөхөөсөө 20 гаруй хоногийн өмнө хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Сү.Батболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэрэг байхгүй” гэсэн мэдээллийг өөрөө өгч байсан.

Хууль зүйн хувьд эндээс дүгнэлт хийвэл ямар нэгэн эрүүгийн хэрэгт шалгагдаагүй байгаа тохиолдолд гадаад улсаас нотлох баримт авахаар АТГ-ын мөрдөгч даалгавар бичих хууль зүйн үндэслэлгүй болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Прокурорын байгууллагын зүгээс гадаад улсаас нотлох баримт цуглуулах, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зөвхөн Эрүүгийн хэргийн тухайд л яригддаг.

Прокурорын тухай хуульд зааснаар прокурор гадаад улстай харилцахдаа хувийн байгууллага хувь хуульчтай биш, харин ижил түвшний болон тухайн улсын төрийн эрх бүхий байгууллагуудтай харилцах ёстой.

Монгол Улсын Прокурорын байгууллага өөрийн улсын иргэнийг гадаадын хувийн мөрдөх байгууллага хөлслөн мөрдүүлсэн нь тогтоогдвол хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогдоно

-Ц.Насанбат прокурор ярилцлагадаа “…Сү.Батболд нуугдмал хөрөнгө эзэмшиж байж болзошгүйтэй холбоотой олон баримт зүйл байгаагаас дөрвөн зүйлийг дурдъя…” гээд дөрвөн асуудлыг онцлон ярьсан байдаг.Та бүхэн үүнд хариулт өгөхгүй юу?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

-Юуны өмнө түүний наад хэлсэн үгэн дэх нэг зүйлийг маш сайн анхаарах ёстой. Энэ бол “С.Батболд нуугдмал хөрөнгө эзэмшиж байж болзошгүйтэй холбоотой” гэсэн үг бол хууль зүйн хувьд их нарийн агуулга, ач холбогдолтой байдаг. Нэгдүгээрт, “байж болзошгүй” гэсэн түүний үг бол энэ асуудал тогтоогдоогүй гэсэн агуулгыг илэрхийлж байгаа. Хоёрдугаарт, “С.Батболд гадаад улсад нуугдмал хөрөнгө эзэмшиж байгаа” гэдгийг хэн тогтоох вэ гэхээр зөвхөн шүүх л тогтооно. Тийм ч учраас прокурор Ц.Насанбат төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ нэхэмжлэлийг нь шүүх шийдвэрлээгүй байгаа.

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Таны асуултад дурдагдаад байгаа асуудлыг үнэмшилтэй болгож харагдуулахын тулд Ц.Насанбат прокурор гадаад улсын шүүхийн нэрийг ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр баримтуудыг тухайн улсын шүүхийн журмаар гаргуулан авсан баримт мэтээр тайлбарласан нь хуульч хүнд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл. Угтаа бол тэр яриад байгаа баримтуудын зарим хэсгийг гадаад улсын шүүхэд Ц.Насанбатын олгосон зөвшөөрлөөр нэхэмжлэл гаргаад байгаа “King and Spalding” ХХН-ийн хуульчид нэхэмжлэлдээ хавсарган өгсөн баримтууд юм билээ. Ц.Насанбат прокурорын яриад байгаа улсуудын шүүх хүлээн авсан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтууд, хэргийн оролцогчдын гарган өгсөн хүсэлт баримтууд, тэдгээрийн үндсэн дээр шүүхээс гарсан шийдвэр зэргийг бүхэлд нь цахим хуудсанд байршуулдаг.

Тийм ч учраас шүүхийн цахим санд тэдгээр баримтууд байршсан бөгөөд энэ нь тухайн баримтыг шүүхийн журмаар гаргуулан авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн иргэний хэрэг, маргааны үйл баримттай холбоотой асуудлаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлөн оролцож байгаа хэргийн тал болох прокурор гадаад улсад бие даан ажиллагаа явуулах эрх огт байхгүй.

Учир нь прокурор болон хэргийн бусад оролцогчид иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд адил, тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх зарчмаар оролцдог.

Ц.Насанбат прокурор хөрөнгө царцаах ажиллагааг гадаад улсуудад явуулах ажиллагаа нь Монгол Улсын Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлтэй холбоотой гэж мэдэгдсэн.

Тэр “хөрөнгө царцаах” гэдгийг манай улсын хуулиар бол эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах аргаар хэрэгжүүлдэг. Манай улсын аль нэг шүүхээс ийм ямар нэгэн шийдвэр гараагүй.

Түүнчлэн Прокурорын тухай Монгол Улсын хуулийн 42.1-д зааснаар прокурорын шүүхэд төрийг төлөөлөх эрх зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжих хуультай.  

– Та бүхэн ярихдаа Монгол Улсын АТГ-аас гаргаагүй, гадаад улсын шүүхийн журмаар гаргуулаагүй гэлээ. Тэгвэл энэ баримтуудыг хэн хаанаас цуглуулаад, олж аваад байгаа юм бэ?

Өмгөөлөгч Д.Батсүх:

-“King and Spalding” ХХН-ийн хуульчдын гадаад улсын шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлдээ нэхэмжлэл гаргах эрхтэй болохоо “…Би Монгол Улсын Засгийн газрын (Монгол Улсын Ерөнхий прокурор болон Авлигатай Тэмцэх Газар (АТГ) заавраар уг асуудлаар гурван нэхэмжлэгчдийг: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (“Агентлаг”), Эрдэнэт үйлдвэр (“Эрдэнэт”), болон Эрдэнэт Оюу толгой ХХК (“ЭОТ”, хамтад нь “Нэхэмжлэгчид”) төлөөлөн оролцож байгаа болно. Би нэхэмжлэгчийн өмнөөс уг мэдээллийг гаргах эрх бүхий болно…” гэж тайлбарласан байдаг.

Аль ч улсын шүүх хуульчаас шүүхэд гаргаж байгаа мэдээлэл бол маргашгүй үнэн зөв, бодитой мэдээлэл байхыг шаарддаг.

Тус хуулийн фирмийн гадаад улсын шүүхэд гаргаж байгаа мэдээлэл, тэдгээрт хамаарах баримтуудыг цуглуулах ажиллагааг манай прокурорын байгууллага гадаадын хувийн мөрдөх байгууллагаар хийлгэжээ гэж бид үзэж байгаа. Хэрвээ Монгол Улсын Прокурорын байгууллага өөрийн улсын иргэнийг гадаадын хувийн мөрдөх байгууллага хөлслөн мөрдүүлсэн нь тогтоогдвол Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд заасан хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогдоно.

Ц.Насанбат прокурор Монгол Улсын нэрийн өмнөөс гадаад улсын шүүхэд нэхэмжлэл гаргах, гадаад улсын хувийн байгууллага, иргэнд олгох хууль зүйн эрхгүй

-Та энэ хууль бус үйл ажиллагаа гэдгийг дахин тодруулж өгөхгүй юу?

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Прокурорын тухай хуульд зааснаар прокурор нь явуулж буй бүхий л үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бүх хуулийг чанд баримтлах үүрэгтэй. Гэтэл “King and Spalding” ХХН-ийн хуульчдаас гадаад улсын шүүхүүдэд гаргаж байгаа нэхэмжлэлүүд нь бүгд иргэний хэрэг маргааны төрөлд хамаарч байгаа. Үүнийг Ц.Насанбат прокурор ярилцлагадаа “…Одоогоор Сү.Батболд, түүний төлөөний этгээд байж болзошгүй хүн, хуулийн этгээдэд холбогдох эрх, сэргээх нэхэмжлэл, гадаад улс дахь өмч хөрөнгийг далдлах, бусдад аливаа хэлбэрээр шилжүүлэхээс сэргийлэх зорилго бүхий хөрөнгө битүүмжлэх, царцаах ажиллагаа, холбогдох нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд … явагдаж байгаа…” гэж хүлээн зөвшөөрсөн байгааг та анзаарсан байх.

Тэгвэл прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлөн оролцох эрх зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт, Монгол Улсын шүүхэд хэрэгжих хуулийн зохицуулалттай.

Хуулийн зохицуулалтаар прокурор гадаад улсын шүүхэд Монгол Улсын төрийг төлөөлөх, нэхэмжлэл гаргах, энэ асуудлаар төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх, зөвшөөрлийг гадаад улсын хувийн байгууллага, иргэнд олгох хууль зүйн үндэслэлгүй болох нь хэнд ч ойлгомжтой, тодорхой асуудал юм.

Гэтэл прокурор Ц.Насанбат хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, Монгол Улсын нэрийн өмнөөс гадаад улсын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг гадаад улсын хувийн байгууллага, хувь хуульчид олгосныг хууль бус гэж үзэхээс өөр аргагүй юм.

– ”Прокурор нь өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажил­лагаанд орол­цох эрхтэй” гэж Ц.Насанбат тайлбарласныг юу гэж үзэх вэ?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

-Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль нь илүү нарийвчилсан зохицуулалттай хууль. Тэгтэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдоогүй байхад төрийн байгууллагын хүсэлтгүйгээр Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн л хууль зөрчсөн үйлдэл болж байгаа.

– Баянзүрх дүүргийн шүүхийн Иргэний хэрэг нь “Маш нууц” дардас тамгатай байснаас үүдэн ямар хэрэг үүссэн, юу болж байгаа талаарх мэдээллийг танай талаас олж үзэх, танилцах боломжгүй  байсан тухай мэдээлэл гарч байсан?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

-Бид энэ асуудлын талаар өнөөдрийн өдөр хүртэл хугацаанд яагаад шүүхэд хандаагүй вэ гэдэг дээр бас л эрхэм прокурорын хууль бус үйлдэл нөлөөлсөн. Баянзүрх дүүргийн шүүхэд гарган өгсөн баримттай бид үзэх, танилцах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь прокурор Ц.Насанбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнд хавсаргасан дөрвөн хавтас бүхий баримтуудад төрийн нууцын “маш нууц”-ийн зэрэглэлийн тэмдэг дарсан байсан. Шүүх төрийн нууцад хамаарах баримт тул Тагнуулын ерөнхий газрын зөвшөөрөлтэйгээр танилцуулна гэдэг шалтгаанаар нотлох баримтыг танилцуулахгүй байсан.

Ингээд удаа дараа хүсэлт, гомдол гаргасны үндсэн дээр шүүх Ц.Насанбат прокурорын гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтууд нь төрийн нууцад хамаарах эсэх асуудлаар шинжээч томилон дүгнэлт гаргуулсны дараа нэхэмжлэлд хавсаргасан баримттай танилцуулахаар болсон.

Шүүхээс хоёрдугаар сарын 18-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан талаар мэдэгдсэн. Бид хоёрдугаар сарын 23-ны өдөр хэргийн материалтай урьдчилсан байдлаар танилцсан.

Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч гэж нэрлэн заасан гурван этгээд болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-аас өөрсдийгөө төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг Ц.Насанбат прокурорт олгосон итгэмжлэл, төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтийг Нийслэлийн прокурорт гаргасан гэх баримт байгаагүй.

Мөн ийм хүсэлтийг тухайн байгууллагуудаас олгоогүй гэдгээ бидэнд удаа дараа нотлон илэрхийлээд байгаа.

 Маш нууц” тэмдгийг дарснаар бусад хэргийн оролцогчдыг бодитой тайлбар, мэдээлэл гаргах боломжийг нь зориуд хязгаарласан

– Ц.Насанбат прокурор “…Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар олон нийтэд хандан прокуророос тодорхой мэдээлэл хийгээгүй нь шинжээчийн дүгнэлт хэрхэн гарахаас хамаарч хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, хууль ёсны байх зарчимыг баримталж ирсэнтэй холбоотой…” гэсэн тайлбар хийсэн байдаг. Түүний ярианаас харахад эдгээр баримтуудад “маш нууц” гэдэг тэмдгийг өөр хэн нэгэн эрх мэдэлтэн дарчихсан гэж ойлгогдохоор байгаа?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

-Нэхэмжлэлд Ц.Насанбат прокуророос өөр хүний гарын үсэг зурагдаагүй байгаа. Нэхэмжлэлийг тэрээр өөрөө шүүхэд гарган өгсөн. Тиймээс нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтуудад Ц.Насанбат прокуророос өөр “маш нууц” гэсэн тэмдгийг дарах хүн байхгүй нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Түүний ярьсан дээрх зүйл бол зөвхөн хариуцлагаас мултрах гэсэн явуургүй арга л гэж бодож байна. Нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтуудад “маш нууц” тэмдэг дарснаар хэргийн бусад оролцогчдыг бодитой тайлбар, мэдээлэл гаргах боломжийг зориуд хязгаарласан санаатай үйлдэл.

Прокурор Ц.Насанбат нь нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтуудад “маш нууц” гэсэн тэмдэг дарж, нотлох баримтуудтай хэргийн бусад оролцогчид танилцах, холбогдох тайлбар, мэдээллийг өгөх боломжгүй байдлыг зориуд бий болгосон. Түүнчлэн зарим баримтууд өнөөдрийг хүртэл  “маш нууц” хэвээр байна.

Ямар баримтыг маш нууц зэрэглэлд оруулахыг Засгийн газар шийддэг. Гэтэл Ц.Насанбат нь өөрт байгаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “маш нууц” тэмдгийг нууц биш баримтад дарж хэрэглэн, хууль зөрчсөн. Энэ асуудлыг бид зохих байгууллагуудад нь тавьж шалгуулах болно.

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Монголд явагдаж байгаа иргэний хэргийн ажиллагаа, шүүхэд ирсэн баримтаа нууцлаад эхэлсэнтэй холбоотойгоор гадаад улсуудад явагдаж байгаа АНУ-ын Нью Йоркийн мужийн дээд шүүхийн ажиллагаанаас бусад шүүхийн ажиллагаанууд манай үйлчлүүлэгчийн оролцоогүйгээр явагдсан. Гадаад улсад нэхэмжлэл гаргасан хуульчид нь хэргийг яаралтай шийдүүлэх хүсэлтүүдийг гаргаж хуралдуулсан байдаг. Үүнийг улмаас манай үйлүүлэгч тухайн шүүхүүдэд ямар нэгэн мэдээлэл өгөх, тайлбар гаргах бололцоогүйгээр шүүхийн ажиллагаанууд явагдсан юм билээ. Нэг талын мэдээлэл, тайлбарт үндэслэж явагдсан шүүх хуралдаанаас ямар шийдвэр гарах нь ойлгомжтой шүү дээ.

– Сү.Батболд болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой хөрөнгүүдийг битүүмжлэх асуудлаар гадаад улсын шүүхэд хандаж байгаа асуудал нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд хийгдэж байгаа гэх Ц.Насанбат прокурорын тайлбарыг та бүхэн юу гэж үзэж байна. 

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын энэ заалтын хүрээнд гадаад улсад иргэний нэхэмжлэл гаргахад хөрөнгийг нь царцаах гэж буй этгээд тухайн улс дахь эд хөрөнгийг олохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх шаардлагатай.

Тэгвэл бидний үйлчлүүлэгч болон хариуцагчаар татагдаад байгаа гадаад улсын иргэдийг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байхгүй, тэр ч битгий хэл эрүүгийн ямар нэгэн хэрэгт шалгаагүй болохыг эрхэм прокурор маань өөрөө баталж хэлсэн шүү дээ.

Тэгсэн атлаа гэмт хэрэгт хамааралтай конвенцын заалтыг эш татан мэдээлэл өгөөд байгааг та бүхэн анзаарсан байх.

– Ц.Насанбат прокурорын ярилцлага болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруулын бэлтгэн нийтэд хүргэсэн нэвтрүүлэгт Сү.Батболд гишүүний маш өндөр үнэтэй, олон хөрөнгө гадаад улсад байгаа гэх ойлголтыг олон нийтэд төрүүлэхээр байгаа. Энэ асуудалд тодорхой тайлбар хийх боломжтой юу?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

– Энд нуугаад байх зүйл байхгүй шүү дээ. Манай үйлчлүүлэгчийн хувьд улс төрийн албан тушаалтны хувиар хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг жил бүр хуульд заасан журмын дагуу гарган өгдөг. Ц.Насанбат прокурорын ярилцлага, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруулын бэлтгэн нийтэд хүргэсэн нэвтрүүлэгт дурдагдаад байгаа болон бусад оффшор бүсийн жагсаалтад багтсан гадаадын улс, орнуудад Сү.Батболдын нэр дээр бүртгэлтэй нэг ч хөрөнгө, хуулийн этгээд байхгүй. Энэ талаарх баримт бидэнд хангалттай байгаа. 

– Тэгвэл Ц.Насанбат прокурорын яриад байгаа дөрвөн асуудал болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруулын яриад байгаа хөрөнгүүдтэй холбоотой баримтууд хуурамч гэсэн үг үү?

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Аливаа гүтгэлэг бодитой болсон үйл явдал, баримтуудыг мушгин гуйвуулах аргаар хийгддэг. Үүний л нэг сонгодог жишээ бидний үйлчлүүлэгч дээр үүсээд байгаа. Нэг энгийн жишээ хэлье. Та бид хоёр дотно сайн найзууд гэж бодъё, арван жилийн өмнө би өөрийнхөө орон сууцыг чамд худалдаад мөнгийг нь авчихсан, тэр орон сууц өөрийн чинь өмчлөлд бүртгэгдсэн байтал өнөөдөр хэн нэгэн намайг буруутгаад надаас худалдаж авсан өөрийн чинь эзэмшилд байгаа хөрөнгийг булааж авна гэж байж болох уу.  Маш товчхондоо ийм л үйл явдал болоод байгаа юм даа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул болон Ц.Насанбат прокурор нарын дурдаад байгаа тэр өндөр үнэтэй үл хөдлөх эд хөрөнгүүд нь гадаадын иргэн, хуулийн этгээдийн өмч гэдэг нь тэд өөрсдийнхөө яриагаар хүлээн зөвшөөрөөд байгаа. Харин тэдгээр гадаадын иргэн, компанийн ард Сү.Батболд байгаа гэж хүмүүст итгүүлэхийг оролдоод байгаа юм. Компанийн эцсийн өмчлөгч буюу бенефициар эзэмшигч гэдэг бол тухайн компанийн эцсийн ашгийг хүртэгчийг хэлдэг. Тэгвэл тэдгээр өндөр үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч компанийн ашгийг Сү.Батболд хүртдэггүй харин өөр гадаадын иргэн, хуулийн этгээд болохыг бид баримтаар хангалттай нотлох болно.

Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” байгууллагууд эдийн засгийн ноцтой хохирол учрах эрсдэлтэй болчихлоо

– Тэгэхээр гадаад иргэн, компанийн хөрөнгийг ингэж хамаагүй царцааж болох юм уу, үүнээс үүдээд ямар үр дагаварт хүргэж болох вэ?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

-Энэ асуудалд Монгол Улсын Засгийн газар, нэхэмжлэлд нэр дурдагдаад байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” ХХК анхаарч нэн даруй арга хэмжээ авахгүй бол хэн нэгэн хариуцлагагүй прокурорын албан тушаалаа хэтрүүлсэн үйлдлийн улмаас тэдгээр байгууллагуудад эдийн засгийн ноцтой хохирол учрах хууль зүйн эрсдэл бий болчихоод байгаа. Аливаа улсад шүүхээс гарах шийдвэрийн баталгаа болгож, хариуцагч этгээдүүдийн хөрөнгийг битүүмжлэх (Ц.Насанбат прокурорын ярьснаар хөрөнгө царцаах), тодорхой үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах эрхийг хязгаарлах арга хэмжээ авдаг. Ийм арга хэмжээ авахдаа тухайн арга хэмжээг авсны улмаас бусдад учрах хохирол, зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцахыг урьдчилан сануулдаг. Хөрөнгө битүүмжлэх, арга хэмжээг авахуулахаар холбогдох шүүхэд хандахдаа учруулсан хохирлыг Нэхэмжлэгч талуудын нэрийн өмнөөс хариуцан арилгах үүрэг хүлээх энэхүү батгалгааг гаргах зөвшөөрлийг танд олгож байна…” гэсэн утгатай баталгааг гарган өгсөн байдаг. Түүний гарган өгсөн энэхүү баталгаагаар хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авахуулахаар холбогдох шүүхэд хандахдаа учруулсан хохирлыг Нэхэмжлэгч талуудын нэрийн өмнөөс харилцан арилгах үүрэг хүлээх баталгаа гаргах эрхийг олгосон нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иуд уг хариуцлагыг хүлээхийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Гэтэл Монгол Улсын иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар татагдаад байгаа гадаадын иргэн, хуулийн этгээд нь тухайн иргэний хэргийн хариуцагч мөн эсэх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлтэй эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байгаа.

Өмгөөлөгч Д.Батсүх:

– Нэр бүхий гадаад улсын шүүхэд битүүмжлэгдээд байгаа хөрөнгөд Сү.Батболд хамааралгүй, тэдгээр хөрөнгүүд нь бүгд гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгүүд байгаа. Тэнд Сү.Батболдын нэртэй нэг ч хөрөнгө, компани байхгүй. Жишээ хэлэхэд Сингапур улсын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагчаар Монгол Улсын шүүхэд хариуцагчаар татагдаагүй этгээдийн хөрөнгийг хүртэл битүүмжлэхээр нэхэмжлэл гаргасан байгаа нь З.Сүхбаатар өмгөөлөгчийн хэлээд байгаа эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа.

– Та бүхний ярианаас үзэхэд АНУ-ын Нью-Йоркийн шүүхэд явагдсан иргэний хэрэг чинь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоогүй юм шиг ойлгогдлоо. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы индэр дээрээс “…Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ…” гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг тодруулж өгөөч …

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы индэр дээрээс ийм хариуцлагагүй мэдэгдэл хийсэн явдалд хуульч хүний хувьд нэн харамсаж байгаа.

АНУ-ын Нью-Йоркийн шүүхэд Монгол Улсын нэр бүхий иргэд болон гадаад улсын иргэн хуулийн этгээдийн хөрөнгийг битүүмжлэх агуулга бүхий нэхэмжлэлтэй маргаан бүхий иргэний хэргийг шүүх шийдвэрлэсэн,    

Энэ иргэний хэрэг нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоогүй бөгөөд үүнийг Ц.Насанбат прокурор ч ярилцлагаараа баталсан.

Харин Англи улсын Лондон хотын олон улсын арбитрын шүүхэд Оюу толгой ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын засгийн газарт холбогдох татвар тогтворжуулах тухай гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой арбитрын хэрэг шийдвэрлэгдэж байгаа.

Ийм энгийн маш тодорхой асуудлыг учир мэдэх төрийн албан тушаалтнууд ойлгохгүй байна гэж үгүй биз дээ. Энэ бол улс төрийн зорилготой гэж үзэхэд ч багадахаар хууль зөрчсөн ноцтой үйлдэл болоод байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин. Уг ярилцлагыг товчлон хүргэв.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.