Г.Занданшатар: Т.Чимгээгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх нь төрийн үүрэг

Г.Занданшатар: Т.Чимгээгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх нь төрийн үүрэг

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Тэрбээр, “Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, эрүүдэн шүүсэн, хууль бусаар тагнаж чагнасан гэх шүүмжлэлийг батлах эх сурвалж ил болж, түүнд хууль, хүчний байгууллагын албан тушаалтнууд нэр холбогдож шийдвэрлэх явц нь удаашралтай байна. Түүний нэг жишээ нь иргэн Т.Чимгээд өмнө нь илэрсэн болон шинээр илэрсэн нөхцөл юм. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Монгол Улсын нэг ч иргэн хэлмэгдэж болохгүй. 

Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах 2019 оны 92 дугаар тогтоолд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий Ажлын багийг УИХ-ын дэд дарга Т.Аюусаханаар ахлуулан байгуулсныг тэрээр тодотгоод, эхний нааштай үр дүн гарч эхэлж буйг дурдлаа. Баялгийн үр өгөөж иргэдийн сайн сайханд чиглэх ёстойг хэлээд, УИХ, Засгийн газар хамтран цаашид энэ чиглэлд ажиллана. 

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулахын тулд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Нийслэлийн болон хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, ашигт малтмал, Боловсролын болон нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн багц хууль, Улс төрийн намын тухай, Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэн батлах ёстойг хэллээ. Ингэхдээ, иргэдтэй хамтарч цахим “lawmaker”, “lawforum”  системийг ашиглахыг гишүүдэд сануулав.

Боловсролын шинэчлэлийн эрх зүйн өөрчлөлт хийж, сургалтын хөтөлбөр, агуулгаа алсын хараатай тодорхойлж, “сургахаас – суралцахуй” руу шилжүүлж боловсролын бүхий л түвшинд цахим сургалт нэвтрүүлж шинэ тогтолцоон шилжих шаардлагатайг тэмдэглэв. Шинжлэх ухааны салбарыг Монгол Улсыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлтэй нийцүүлж, энэ салбарын дэлхийд өрсөлдөх чанарыг бэхжүүлэх нь нэн чухлыг онцолж, Боловсрол, шинжлэх ухааны салбарт шинэчлэл хийх багц хуулийг хаврын чуулганааар батлахаар төлөвлөж буйг дуулгалаа. 

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын эрсдэлээс ердийн хэм хэмжээ рүү шилжих дэс дараалалтай бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг хэлээд, цар тахлаас үүдсэн хохирлыг даван туулах, эдийн засгийн өсөлт бизнесийг дэмжих чиглэлээр УИХ-аас баталсан хууль тогтоомжид нийцүүлэн Засгийн газрын 10 их наядын цогц төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлэх, саад үүсгэхгүй үр дүнд хүргэхийн тулд холбогдох байгууллага, иргэн бүр онцгой анхаарч ажиллах шаардлагатайг УИХ-ын дарга хэллээ. 

Манай улсын экспортын 90 гаруй хувь нь уул уурхайгаас хэт хамааралтай байгаа тул хөгжлийн загвараа шинээр тодорхойлох шаардлагатай гэв. Энэ хүрээнд, дэлхийн эдийн засгийн гайхамшиг гэж хэлдэг Японы хэв загварыг экспорт, үйлдвэрлэлийн дэмжих хөгжлийн шилдэг тогтолцоо бөгөөд,  Монгол Улсад нэн тохиромжтой гэж үзсэн. Гадны хэв загварыг дуурайх бус сайн жишиг туршлагыг Монголын онцлогт тохируулж, Монголын хөгжлийн загварыг бүтээж чадвал ойрын хугацаанд үсрэнгүй хөгжих боломжтой. Иймээс “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигтэй нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам байгуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажилахыг эрдэмтэн судлаач, УИХ-ын гишүүдэд уриалав. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.