Хуульч Д.Янжинхорлоогийн хэрэг прокурор дээр ирээд замхарсан уу?

Хуульч  Д.Янжинхорлоогийн хэрэг прокурор дээр ирээд замхарсан уу?

МУИС-ийн багш Д.Янжинхорлоо

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6 давхар үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөлийг хууль бусаар нэр дээрээ шилжүүлэн авсан гэх гомдол бүхий хэрэг хуулийн байгууллагаар шалгагдсан.

Энэ хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдахад ЦЕГ-ын дарга С.Баатаржав 2019.10.17-ны өдрийн тоот хариу мэдэгдэх хуудас гаргаж байж. Уг хариу шийдвэрт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хандсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6 давхар үйлчилгээний зориулалт бүхий барилгын өмчлөлийг хууль бусаар шилжүүлэн авсан үйлдлийг шалгаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн Д.Янжинхорлоо нь 2009 онд 83 тоот нотариатч М.Саранцэцэгтэй бүлэглэн уг барилгын зарим хэсгийн өмчлөгч болох О-гийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд өөрийн нэрийг оруулах хууль бус хэлцэл үйлдэн, мөн оны 11.11-ний өдөр иргэн О-г тус өмчлөлөөс хасуулах хууль бус хэлцлийг үйлдэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Нотариатч Р.Онончимэгээр тус барилгын зоорь, 4-6 дугаар давхрын коридор зэрэг талбайг иргэн Л-ийн өмчлөлийг 2017 оны 0.6.09-ний иргэн Ц-т / 2017 оны 06.16-ний өдөр нас барсан/ өвлүүлсэн “Өвлөх эрхийн гэрчилгээ” батлуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Дээрх обьектын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн эрхийн гэрчилгээнүүд эх хувиараа иргэн Ч-д байхад иргэн Д.Янжинхорлоо нь 2017 оны 07.04-ний өдөр “Зууны мэдээ” сонинд гэрчилгээг хаяж гээгдүүлсэн зар өгч, гэрчилгээг хүчингүй болгуулан, шинээр авсан болох нь тус тус тогтоогдсон” гэсэн утга бүхий хариу мэдэгдэх ЦЕГ-ын даргын гарын үсэгтэй албан хариу гарч байжээ.  

Эндээс үзэхэд бусдын өмч хөрөнгийг залилсан эсэх маргаантай хэрэгт прокурорын байгууллага оролцож эхэлсэн үеэс энэ хэрэг замхрах талдаа оржээ.

Д.Янжинхорлоо, М.Чинбат, Д.Энхтөр нар нэг ангийхан

Гол учир нь хэрэгт холбогдогч Д.Янжинхорлоогийн их сургуулийн хуулийн анги төгссөн ангийн найз нөхөд нь прокурорын байгууллагад ажилладаг.

Сүхбаатар дүүргийн хуулийн байгууллагад шалгагдаж буй уг  хэрэгт Д.Янжинхорлоогийн ангийн найз тус дүүргийн прокурорын газрын дарга Д.Энхтөр нь уг хэргийг хянах үүрэг бүхий албан тушаал эрхэлж байв.

Мөн ангийн найз Улсын прокурорын орлогч М.Чинбат энэ хэрэгт хариу өгч оролцжээ. Оролцсон гэх баталгаа нь М.Чинбат өөрийн гарын үсэг бүхий 2021 оны 02.9-ний өдөр № 1/368 тоот хариу мэдэгдэх хуудаст “Д.Янжинхорлоогийн үйлдэл нь өмчлөлд шинээр өмчлөгч нэмэх, хасах хэлцлээс үүссэн Иргэний хэргийн журмаар шийдвэрлэгдэх асуудал,  Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байна” гэсэн хариу тоотыг гаргажээ.

Монгол Улсын Шүүх шинжилгээний хүрээлэнд иргэн О-гийн гарын үсэг хуурамч гэдэг нь нотлогдчихоод байхад ийм хариу өгч.

Бусдын гарын үсгийг хуурамчаар зурж үл хөдлөх хөрөнгийг нь нэр дээрээ шилжүүлэн авсан үйлдэл нь залилангийн хэрэгт орох ёстой болов уу. Д.Янжинхорлоод холбогдох дараагийн нэгэн хэрэг бол хууль ёсны өмчлөлийн гэрчилгээ  эх хувиараа байхад дахин шинээр гэрчилгээ гаргуулан авсан гэх хэрэг мөн л залилангийн шинж агуулсан байхаар харагдана.

Юутай ч ийм хоёр хэрэг дээр ангийн найз прокурорууд нь үзэхдээ “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн хариу шийдвэрээр хэргийг хаасан байгаа юм.  Энэ нь ангийн найзууд нэгнийхээ хэрэгт хонгилдсон уу гэх хардлагыг төрүүлэхээс аргагүй юм. 

Д.САРУУЛ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.