ТӨСВӨӨ ШАВХААД МОНГОЛБАНКАА “МОД БАРИУЛАХ” АЯНД МОРДОВ УУ?

ТӨСВӨӨ ШАВХААД МОНГОЛБАНКАА “МОД БАРИУЛАХ” АЯНД МОРДОВ УУ?

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад төд удалгүй эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх “10 их наяд төгрөгийн төлөвлөгөө” гэгчээ танилцууллаа. Энэ нь Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл, ипотекийн зээлийг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрийг хөдөлгөх зэргээр хямралыг гэтлэх дунд хугацааны хөтөлбөр бололтой. Өнгөрсөн онд 5.3 хувиар агшаасан эдийн засгаа сэргээхэд 3 жил хэрэгтэй гэсэн тооцоолол хийж. Ямартаа ч Монгол улсад эдийн засагт хямрал бодит утгаараа нүүрлэснийг Засгийн газар хүлээн зөвшөөрчээ.

Засгийн газраас хэрэгжүүлэх хямралын эсрэг арга хэмжээнүүдийг төсвөөс биш Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна. Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулахаар шийдсэн талаар Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгч нар удаа дараа мэдээлэл хийв.

Өнгөрсөн оны 10 сард Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2021 оны үндсэн чиглэлийг УИХ-аас батлахдаа ийм хэмжээний мөнгийг зах зээлд оруулах талаар огт хөндөөгүй билээ. Тэгэхээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ч ийм асуудал байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд “Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг” заасан байдаг. Тухайлбал, “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг уялдуулан батална” гэсэн заалт бий. Мөн хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдвол УИХ онц байдал зарлах ёстой ажээ.

УИХ-ын дээр дурдсан бүрэн эрхийг үл харгалзан 2020 оны 4 сарын 4-ний өдөр Засгийн газраас өргөн барьсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг УИХ баталлаа. Энэ нь У. Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт парламентын хяналтгүйгээр олон их наядаар хэмжигдэх хөтөлбөр хэрэгжүүлэх үүдийг нээж өгсөн юм. Ийнхүү Үндсэн хуулийн зарим заалтын дээр гарсан хууль хэрэгжиж эхэллээ. Энэ нь цар тахлыг далимдуулан тооцоо судалгаагүй мөртөө үр дүн нь тодорхойгүй их наядаар хэмжигдэх хөтөлбөр нэг жилийн дотор хоёр ч удаа хэрэгжүүлэх боломжийг эрх баригчдад олгосон гэсэн үг.

У. Хүрэлсүхийн Засгийн газар 5.1 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төсвийн байж болох бүх л нөөцийг ховх сорж ашигласнаар эдийн засгаа “элгээр нь хэвтүүллээ”. Үүнийг макро эдийн засгийн өнөөгийн үзүүлэлтүүдээс тодорхой харж болно. УИХ 2021 оны төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Гэтэл өнгөрсөн оны 8 сард 2020 оны төсвийн тодотголыг хийхдээ 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар хуульчилсан. Ийнхүү 2020, 2021 онуудад нийт 7 их наяд төгрөгний өр үйлдвэрлэхээр боллоо. Ийм хэмжээний санхүүжилтээр буюу 7 их наяд төгрөгөөр 200 мянган өрхийг шинээр байранд оруулж болно. Нэг бог малыг 150 мянган төгрөгөөр тооцвол Монгол улсын нийт малын 65 хувь буюу 46 сая толгой бог малтай дүйцэх хэмжээний хөрөнгийг хоёрхон жилийн хугацаанд үрж байгаа нь хайран биш гэж үү.Төсвийн алдагдал бол өр болно. Тиймээс Монгол улсын нийт өр болон Засгийн газрын өр маш богинохон хугацаанд асар ихээр нэмэгдэж олон улсын санхүүгийн байгууллагын анхааралд ороод байгаа билээ.

Засгийн газрын нийт өр 2020 онд 27.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 4.0 их наяд 2016 оны 2 улирлаас хойш (Монголбанкны статистик мэдээллээр 2016 оны 2 улиралд Засгийн газрын нийт өр 16 их наяд 612 тэрбум төгрөг)  дөрвөн жилд 11.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Үнэхээр онц ноцтой асуудал.

Хүснэгт 1. Засгийн газрын нийт өр, жил бүрийн эцэст,

(тэрбум төгрөгөөр тооцоход)

Харин Монгол улсын нийт гадаад өрийн хэмжээг(Хүснэгт 2) монгол үндэсний валют болох төгрөгт шилжүүлбэл 91.7 их наяд төгрөг  буюу нэг монгол хүнд 27.8 сая төгрөгийн өр ногдох хэмжээнд иржээ.

Хүснэгт 2. Монгол Улсын нийт гадаад өр, жил бүрийн эцэст,

(сая ам.доллар)

Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад тав дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулж байгаа. Саяхан Дэлхийн банк “Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” хэмээн дүгнэсэн. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч УИХ, Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Монгол улсын гадаад өр улс орны эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд аль хэдийн ирчихээд байна.

Ерөнхийдөө төсвийн нөөц шавхагдсан тул Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголбанкны бүх боломжийг дайчлахаар шамдаж байгаа аж. Монголбанкинд гэнэт хаанаас 8 их наяд төгрөгийн нөөц гараад ирэв?

Энэ бол зарим дарга нарын яриад байгаа шиг Монголбанкны өөрийнх нь чөлөөт эх үүсвэр биш. У. Хүрэлсүхийн Засгийн газрын Коронавирусын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн олон шийдвэр “бай”-гаа оноогүйн улмаас Монгол улсын эдийн засаг 2020 оны эхний улирлаас эхлэн гурван улирал дараалан агшсан юм. Хямралын дохиог анх анзаарсан нь арилжааны банкууд. Тэд бизнесийн зээл гаргавал эрсдэлд орно гэдгээ мэдэрмэгц Монголбанкны үнэт цаас буюу Төв банкны үнэт цаас(ТБҮЦ) худалдаж авахаас өөр аргагүй болсон юм. Ийнхүү Монголбанкинд арилжааны банкнуудын 8 их наяд төгрөгийн эх үүсвэр хуримтлагджээ. Засгийн газар энэхүү эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулж хямралаас ангижрах шийдэл хайж байгаа ажээ. Эдийн засгийн хямралаас гарахад ийм арга ашиглаж болох уу гэвэл болно. Дэлхийн улс орнуудад төдийгүй манайд ч хэрэгжүүлж байсан тохиодол бий.

2012-16 оны хямралын жилүүдэд ийм аргыг Монголд хэрэглэсэн юм

Монголын экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлнэ. Тэр дундаа нийт экспортын /гаднын хатуу валют олдог/ 80 гаруй хувийг зэс, нүүрс дангаараа эзэлдэг. Тиймээс Монгол улсын эдийн засгийн өсөлт бууралтад зэс болон нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ ханш чухал нөлөө үзүүлдэг. 2011 он бол Хятадын эдийн засгийн ид эрч хүчээ авсан үе. Энэ үед коксожсон нүүрсний хэрэглээ огцом өсчээ. Гэтэл Хятадын импортын нүүрсний дийлэнх хувийг хангадаг Австралид асар хүчтэй үер бууж, Индонезод нийт уурхайчдын ажил хаялт давхцсан билээ. Энэ үеэр нүүрсний хэрэглээ үнэ дэлхийн зах зээл дээр огцом нэмэгдэж улмаар манай улсын эдийн засаг 17,3 хувь хүртлээ өссөн юм. 2012 оноос дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөлт хагарч, эдийн засгийн өсөлт саарч эхэлжээ.

Зэсийн төдийгүй нүүрсний ханш 3-4 дахин уналаа. Манай улсын хувьд 2011 онд 2 тэрбум 273 сая ам.долларт хүрч байсан нүүрсний борлуулалт 2015 онд ердөө 556 сая ам.доллар болж бараг 6 дахин буурлаа. Ийнхүү экспортын орлогын хомстол үүсэхэд Монгол улсын эдийн засаг огцом агшиж, ДНБ-ний өсөлт унах, ажилгүйдэл эрс нэмэгдэж 180 мянган ажлын байр алдагдах зэргээр санхүүгийн тогтворгүй байдал үүсэв. Ийм хүнд нөхцөлд өрхийн орлогод нөлөөлөх ачааллыг багасгах, ажлын байрыг хамгаалж үлдээх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх зорилготой “Гол нэрийн барааны үнэ тогтворжуулах”, “8 хувийн ипотек” зэрэг хөтөлбөрүүдийг Монгол банк, Засгийн газартай хамтарч хэрэгжүүлжээ. Гурван жил үргэлжилсэн ипотекийн хөтөлбөрт Монголбанк 3 их наяд 29 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Нийт 86 221 өрх тус зээлд хамрагдаж шинээр орон сууцтай болсон байв.

Хөтөлбөр үргэлжилж байх үеэр буюу 2016 оны 6 сард УИХ-ын ээлжит сонгууль болов. Энэ сонгуульд үнэмлэхүй олонх болсон МАН шинэ Засгийн газраа байгууллаа. Хөтөлбөртэй холбоотой улс төржсөн нийтлэл, ярилцлага хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд эрч хүчээ авч эхэллээ. УИХ-ын индрээс хөтөлбөр хэрэгжүүлэгчдийг “мөнгө хэвлэгчид”, “салхинд мөнгө хийсгэгчид” гэх мэт нэр хоч зүүн элдэвлэх боллоо. 2012-16 онуудад түүхий эдийн ханшийн уналтаас шалтгаалсан эдийн засгийн хямралыг амжилттай даван туулсан бодлогын авторууд төдийгүй гардан хэрэгжүүлэгчдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах ажил ид өрнөсөн юм.

 Уул нь тус хөтөлбөрт зарцуулсан Монголбанкны эх үүсвэр огт үрэгдээгүй харин арвижиж цаашид хөтөлбөр бие даан хэрэгжих суурь тавигдсан байсан юм. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс таван мянган орон сууцыг жил бүр дахин олгох боломж бүрдсэн байв. УИХ дээр Монголбанкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг гарч, их наядаар мөнгө хийсгэсэн гэх сүржин дүгнэлт хийж олон нийтэд танилцууллаа. Түүгээр ч үл барам, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв банк /Монголбанк/-ны тухай хуулинд өөрчлөлт оруулж, Төв банк төсвийн ямар ч үйл ажиллагаанд оролцох ёсгүй, дахин ийм шийдвэр гаргуулахгүй байх  бат бэх “хаалт” хийцгээв. Тус хуулийн 25 дугаар зүйлд “Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ, хэлцэл байгуулахыг хориглоно”, “Монголбанк Засгийн газарт шууд болон шууд бусаар зээл олгох, Засгийн газрын урт, богино хугацаат үнэт цаасыг анхдагч, эсхүл хоёрдогч захаас болон шууд худалдан авахыг хориглоно” гэх мэтээр хэд хэдэн заалтыг нэмсэн юм.

Гэвч хуулийн өөрчлөлтүүд нь “10 их наядын” хөтөлбөрт тээг, гацаа болох нь тодорхой болчихоод байна. Ийнхүү өрсөлдөгч хүчнээ муу муухайгаар харлуулах хэт чармайлтын гор өөрсдөд нь эргэж тусах юм гэж хэн санахав. “Өөдөө шидсэн чулуу, өөрийн толгойд” гэдэг. Аливаад тооцоо судалгаагүй хандах, хэт улс төржсөн шийдвэр гаргах ийм л гайтай байдаг аж.

2021 оны 3 сарын 15


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.