Д.Сумъяабазар: Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж, зураг төсөл хийж байгаа

Д.Сумъяабазар: Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж, зураг төсөл хийж байгаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” нэвтрүүлэгт оролцлоо. Энэ үеэр Хотын даргаас нийслэлийн түүхтэй холбоотой асуулт асуусан юм. Тэдгээр асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

– Улаанбаатар хотод өдгөө хэчнээн хүн суурьшиж байна вэ?

1.539.000 хүн суурьшиж байна. Орж, гарах хөдөлгөөнийг тооцохоор 1.650.000-1.700.000 хүн болж байгаа юм. Нийт хүн амын 47, 48 хувь гэсэн үг.

– Улаанбаатар хот хэдэн хоттой ах дүүгийн, найрамдалт харилцаатай вэ?

Улаанбаатар хот Анкара, Токио, Бээжин, Тяньжин, Хөххот, Эрхүү, Новосибирск, Нурсултан 15 хоттой ах, дүүгийн харилцаатай. Цаашид энэ хотуудын үйл ажиллагааг гадаад хамтын ажиллагаан дээр суурилж, идэвхжүүлэх бодолтой байна. Какахстаны Нурсултан хамгийн сүүлд С.Амарсайхан даргын үед хамтын харилцаатай хот болсон. Хамгийн анхных нь Москва хот шиг санагдаж байна.

– Монгол түмний эв нэгдэлтэй, энх тайван оршихын бэлгэдэл болсон газрыг нэрлэнэ үү?

Энхтайваны гүүр. Хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаа, тусламжийн хүрээнд БНХАУ-ын төмөр замын анги нэгтгэл, Чайна констракшн Энхтайваны гүүрийг барьсан. 1958 онд ашиглалтад оруулснаас хойш 63 жил өнгөрч байна. Гүүрэнд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Энхтайваны гүүр, 120, 220 мянгат гээд маш олон барилга, байгууламжийн бүтээн байгуулалтад БНХАУ-ын барилгын Чайна констракшн оролцсон. Ю.Цэдэнбал дарга Хятадаас ч, Оросоос ч дэмжлэг авдаг, олон талт хамтын ажиллагаа явуулдаг байсан. Удирдагчийн зөв бодлогын үр дүнд хот өргөжин тэлж, тухайн үеийнхээ үйлдвэр инновацийн төв болж байлаа. 1987 он гэхэд Монгол Улс хөнгөн үйлдвэрийнхээ салбараар Хятадаас дээгүүр, тэргүүлэх хэмжээнд байсан. Бид бодлогын алдаа гаргаж, боловсон хүчин, үйлдвэр технологийн бодлогоо алдаж, ажилчин анги нь наймаачин болж, сүүлдээ хувийн хэвшил болж, олон үйлдвэр хоосорсон. Үүнийг давтаж болохгүй. Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж, Хятадын талтай ярьж, зургаан эгнээ болгон өргөтгөж, явган хүн, дугуйн замтай зураг төсөл хийгээд явж байгаа.

– Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ хэдэн онд эхэлсэн бэ?

1925 онд “Монгол транс” гэж ачаа тээврийн нэгтгэл, тухайн үеийн бааз тээвэр ложистикийн үйчилгээ эрхэлж байсан. Харин 1929 онд нийтийн тээвэр анх Амгалан буюу Наймаа хотоос Их Хүрээ буюу одоогийн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хооронд явж байлаа. Тухайн үед Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейӨндөр хоршоо нэртэй байсан юм. 1.5 сая хүнтэй хотод тохилог, дулаан, хурдан, түргэн шуурхай нийтийн тээвэр хэрэгтэй байна. Тэгэхээр LRT, орчин үеийн шийдэл бүхий WiFi-тай давхар автобусыг эхнээс нь оруулж ирэхээр бэлдэж байна. LRT буюу хөнгөн галт тэргийг Зүүн Европын хотуудтай ижил болгохын тулд ТЭЗҮ хийх зайлшгүй шаардлагатай. Мэргэжлийн багууд ажиллаж байгаа. Метро хийхэд хүн хүч, технологи, хөрөнгө санхүүгийн асуудал зайлшгүй яригдана. Мэргэжлийн байгууллагууд сууж, гадныхнаас зөвлөх үйлчилгээ авч байж, энэ төсөл хэрэгжинэ. Дөрвөн жилийн хугацаанд хийж амжуулна гэж ярихгүй. Гэхдээ судалгаа, тооцоотой, эхний процессыг эхлүүлэхээр тооцож байна. Монгол хүнд чадахгүй зүйл үгүй. Залуучууд сүүлийн үед маш чадвартай болж байна. Залуучуудаараа бахархаж байгаа.

– Нийслэлд 150 гаруй хөшөө, баримал байдаг. Тэдгээрээс хэдийг нь соёлын өвд бүртгэсэн байдаг вэ?

Ойролцоогоор 12-15 дурсгалт газар бий. Соёлын өвд Богд хааны музей, Чойжин ламын музей, дацан, гандан хийд, Чин ван Ханддоржийн өргөө, Сайн ноён хаан Намнансүрэнгийн өргөө байсан газар, Богдын Шар ордон гээд яривал их тоо гарах байх. 70 гаруй хөшөө, баримал байдаг. Бид цаашид Улаанбаатар хотын хөшөө, дурсгал бүхий газруудыг соёлын өвд бүртгэж, тэр үеийн стандарт, хэв маягаар нь баримаар байгаа юм. Соёлын өвийг сайжруулах, сэргээн босгох ажилд нэлээд хөрөнгө тавьж, ажил эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.