Ерөнхийлөгчийн зөвлөх болон тамгын газрын дарга нь Ш.Цогтоог Цэцийн гишүүнээс чөлөөлөхийг эсэргүүцлээ

Ерөнхийлөгчийн зөвлөх болон тамгын газрын дарга нь Ш.Цогтоог Цэцийн гишүүнээс чөлөөлөхийг эсэргүүцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон зөвлөхүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир: Сүүлийн үед олон нийтэд санаатайгаар худал мэдээлэл тараах байдал хэрээс хэтэрсэн гэж бидний зүгээс үзэж байна. 

2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Үүрцайх нарын гаргасан гомдол мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр суурийг хоёрдугаар сарын 24-ний өдрийн дотор ирүүлэх шаардлагатай байна гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Албан бичгийн дагуу хоёрдугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр очиж, өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл үүнийг зохион байгуулалттайгаар илт мушгин гуйвуулж, Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, ҮХЦ-д дарамт шахалт үзүүлэх байдал ажиглагдах боллоо. Өнгөрөгч Баасан гарагт Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан болсон. Үүнээс гарсан шийдвэрийг мөн л худал мэдээлэл болгон түгээх, олон нийтийг төөрөгдүүлэх байдал үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг оруулж ирж байна. Цэцийн гишүүдийн хэнийг нь түрүүлж татах талаар хуулинд тодорхой заагаагүй байхад улс төрийн зорилгоор ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог нэн даруй чөлөөлөх асуудлыг яаравчлуулж байгааг та бүхэн харж байгаа байх.

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав: Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан таван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, үүний гурав нь санал өгдөг юм байна. Бага суудлын хуралдааны дараа тухайн шийдвэр албажих ёстой. Гэтэл Бага суудлын хуралдаанд оролцсон ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоогийн асуудлыг УИХ-д авчирч, бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэж байна. Өөрөөр хэлбэл, Бага суудлын хуралдааны шийдвэр албажаагүй байгаа дээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин маргаан үүсгэх үүрэг даалгаврыг тодорхой хүчнээс авсан гэж хардахуйц байдал үүсээд байна. Тиймээс ҮХЦ ямар нэгэн нөлөөлөлд автахгүйгээр, хуулийн дагуу шийдвэрээ хурдан гаргаж, гарын үсэг зурахгүй байгаа гишүүнээ зуруулах ёстой. Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлсэн Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүн тэтгэвэрт гарч байгаа учир сонгон шалгаруулалт зарласан. Гэтэл ганцхан гишүүн буюу Ш.Цогтоогийн асуудлыг УИХ-руу оруулж ирж байгаа нь ямар шалтгаантай вэ. Тиймээс УДШ дотроо ойлголцоод хоёр гишүүний асуудлыг хамтад нь оруулж ирэх хэрэгтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд: Үндсэн хуулийн өөрчлөлт нь Х.Баттулга гэж Ерөнхийлөгчийг дахиж сонгуульд оролцуулахгүй байх хэмээн аль нэг улс төрийн намын бодлого руу хальтирч байгаа нь өөрөө маш аюултай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг ч монгол хүний сонгох, сонгогдох эрхэд хязгаар тавигдаагүй. Ард түмэн сонголтоо хийг л дээ. Үндсэн хуулийн цэц хямрал руу түлхэж байна. Үндсэн хуулийн цэц улстөржих, аль нэг намын хараа хяналтад орох маш аюултай.

Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа: Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн ажилчид хүртэл гадуурхагдаж байна. Энэ нь эрх баригч намын хандлагыг харуулж байна. ҮАБЗ өнөөдрийг хүртэл хуралдаж чадахгүй байна. Монголын төр ард түмний өмнө хариуцлага хүлээх ёстой. Төрийн гурван өндөрлөг хамтран ажиллаж байж улс орон хөгжинө. Иймээс өнөөдөр арга буюу өнөөдрийн асуудлыг гаргаж тавьж байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.