Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгалаа

Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгалаа

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны энэ гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл гэсэн нэг асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав. “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Ажлын хэсгийн өргөн мэдүүлснээр хэлэлцэх бөгөөд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нар ажиллажээ. Мөн Их Хурлын гишүүнээр удаа дараа сонгогдсон Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, доктор Д.Зүмбэрэллхам, академич С.Нарангэрэл, МУИС-ийн багш, судлаач О.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулагдаж ажилласан байна. Ажлын хэсэг гурван удаа, дэд ажлын хэсэг зургаан удаа хуралдаж, Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан санал, дэд ажлын хэсэгт ажилласан улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай улстөрчид болон эрдэмтэн, судлаачдын зөвлөмж, тодорхой саналуудыг тусгасан төслийг УИХ дахь намын бүлгүүдийн хуралд танилцуулсан талаар Байнгын хорооны дарга хуралдааны эхэнд тодотгов. 

Тогтоолын төслийн танилцуулгыг төсөл санаачлагчийн хувиар УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоох, төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах, төр, олон нийтийн итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор 2009 онд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор ‘Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг батлан мөрдөж ирснээс хойш 12 жил өнгөрсөн буюу гурван удаагийн УИХ-ын сонгуулиар сонгогдсон гишүүдэд үйлчилсэн. 

    УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан, тус хуульд нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинээр баталсан. Дээрх хууль тогтоомжид нийцүүлэн УИХ-ын гишүүний бүрэн эрх, ашиг сонирхлын зөрчил, төсөв зарцуулалт, хөрөнгө орлогын мэдүүлэг, албан томилолт, шагнал, бэлэг дурсгал, сонгуулийн сурталчилгаа зэрэг ёс зүйн шаардлагуудыг тусгасан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. УИХ-аас 2009 онд баталсан “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм” нь 7 бүлэг, 14 зүйл, 20 дэд заалттай бол шинэчилсэн найруулгын  “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн төслийг 12 бүлэг, 71 зүйл, 26 дэд заалттай боловсруулав. 

    Дүрмийн төслийг Улсын Их Хурлын тухай хуулийн гишүүний бүрэн эрхтэй холбоотой 8 дугаар зүйл, гишүүний бүрэн эрхийн баталгаа, гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал, гишүүнд хориглох үйл ажиллагаатай холбоотой 40, 42, 43  дугаар зүйл, мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хуралдаан дэгтэй холбоотой зохицуулалт, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагатай холбоотой 18 дугаар зүйлд тус тус нийцүүлэн, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, хариуцлагын талаар тусгасан. 

    Түүнчлэн УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудлаар чуулганы нэгдсэн, байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг сахиулах, гишүүний ёс зүйн асуудлаар иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгалаа. 

    Дүрэм батлагдсанаар УИХ-ын гишүүн нь ард түмний элчийн хувьд төр, олон нийтийн итгэлцлийг бий болгох, тэдний итгэлийг хүлээх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, өргөсөн тангарагтаа үнэнч байхад хөшүүрэг болох ач холбогдолтой” хэмээн танилцуулав. 

Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдөр “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд танилцуулсны дараа Байнгын хороог хуралдуулах горимын санал гаргалаа. Тус горимын саналыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, хэлэлцэх асуудлыг хойшлуулснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Б.САНАА 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.