Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн гишүүний томилгоонд хориг тавив

Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн гишүүний томилгоонд хориг тавив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жуужаагийн Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн гишүүний томилгоонд хориг тавив. 

УИХ-ын дарга Г.Занданшатарт “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай УИХ-ын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

“АРГА ХЭМЖЭЭ АВАХ” ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих…” бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ үүгээр мэдэгдэж байна.

 Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгож томилуулсан тул тухайн шүүх дараагийн гишүүнийг санал болгохдоо хэнийг нь чөлөөлөхийг Улсын Их Хуралд тодорхой мэдэгдэх, улс төрийн үзэмжээр хандахаас сэргийлэх, улмаар улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, маргаангүйгээр байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Энэ хүрээнд Улсын дээд шүүхээс тодруулга авахаар хандаад байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж, холбогдох арга хэмжээг авна уу” гэжээ.

Эргэн сануулахад… ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын төрийн албанд ажиллах дээд хязгаарт хүрсэн буюу тэтгэвэрт гарах цаг болсон. Гэтэл Улсын дээд шүүхээс нэг хүний нэрийг оруулж ирсэн бөгөөд Ж.Эрдэнэбулганыг хэний оронд томилж байгаа нь тодорхойгүй байна гэж гишүүд маргасан. Улмаар Ш.Цогтоог чөлөөлж, түүний оронд Ж.Эрдэнэбулганыг томилсон билээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.