Гүнж Дианаг абортын хуурамч магадлагаагаар хуурч ярилцлага авсан нь илэрчээ

Гүнж Дианаг абортын хуурамч магадлагаагаар хуурч ярилцлага авсан нь илэрчээ

Их Британи даяар дахин нэгэн дуулиан дэгдээд байна. Ханхүүгийн хэргэмээсээ татгалзсан Харри болон түүний эхнэр Меган Маркл нар Опра Уинфрид шуугиантай ярилцлага өгсөнөөс хойш сар болоогүй байхад дэгдсэн дараагийн дуулиан нь 1995 онд Диана гүнжийн BBC-д өгсөн ярилцлагатай холбоотой юм.

Тус ярилцлагыг авах гэж BBC-гийн сэтгүүлч Мартин Башир Хатан хааны гэр бүлд асрагчаар ажилладаг Тигги Легг-Бурк хэмээх бүсгүйг хунтайж Чарльзаас жирэмсэн болсон гэх хуурамч магадлагааг гүнж Дианад үзүүлсэн нь тодорхой болжээ. Энэ магадлагааг харсныхаа дараагаар Диана гүнж ярилцлага өгөхийг зөвшөөрсөн байна. Тус ярилцлагаас сарын дараагаар хунтайж Чарльз болон гүнж Диана нар гэр бүлээ цуцлуулахад хүрсэн юм.

Тухайн үед асрагч Тигги Легг-Бурк нь 28 настай байсан бөгөөд Диана гүнжийн хоёр хүү Уильям болон Харриг тусгайлан асардаг байжээ. Банкны ажилтны гэр бүлээс гаралтай, өндөр боловсролтой, чамгүй үзэсгэлэнтэй тэр бүсгүйг гүнж Диана нөхөртэйгээ харддаг байсан бололтой. Үүн дээр нь сэтгүүлч Мартин Башир “тоглолт” хийж, тэднийг нууцаар хамт амралтад явсан гэж хэлсний зэрэгцээ мөн хунтайжаас жирэмсэн болчихоод аборт хийлгэсэн гэх магадлагаа хуурамчаар үйлдэж, мөн мөнгө шилжүүлсэн хуурамч баримт ч үйлдэж, гүнжид үзүүлсэн байна.

Сэтгүүлч Мартин Башир асрагч руу ийнхүү өргөлт өгч, гүнж Дианаг ярилцлагад татахдаа Камилла Паркерт хунтайж сэтгэлгүй гэх мэт мэдээллийг ч өгсөн гэнэ. Тэрхүү ярилцлагад гүнж Диана Камилла Паркерын тухай дурьдаж, “Бид гурвуулаа гэрлэсэн юм” хэмээн хэлсэн нь маш их дуулиан тарьж байлаа.

Мартин Баширын тэрхүү ярилцлага BBC-гийн рэйтингийг маш өндөрт өргөсөн тул хуурамч баримт үйлдсэнийг нь мэдсэн ч гэлээ халалгүй үлдээж, одоо шашин шүтлэгийн суудал хариуцсан редактороор ажиллуулж буй гэнэ. Харин Фаширын хүсэлтээр хуурамч зурвас, баримт үйлдсэн дизайнер Мэтт Уисслерийг халсан байна.

Харин гүнжийн хардаад байсан Тигги Легг-Бурк хэмээх асрагч бүсгүй 1999 онд ажлаасаа гарч, тэнгисийн цэргийн офицертой гэрлэж, хоёр хүүхэд төрүүлжээ.

Гүнж Диана нөхрөө асрагчтайгаа харддаг байсан юм бол яагаад ажлаас нь халаагүй юм бэ? гэсэн асуулт мөн гарч байгаа аж. Тэгвэл 1993 онд Диана гүнж Хатан хааны гэр бүлд асуудал шийдэх эрхээ хасуулчихсан байсан учир эрх мэдэл нь хүрээгүй гэх тайлбар байдаг гэнэ.

1997 оны наймдугаар сарын 31-нд Диана гүнж Парисын автозамын Альма хонгилд автомашины ослоор нас барсан.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.