Ардчилсан намыг эмхэнд нь оруулах залуусын нэг Ч.Өнөрбаяр

Ардчилсан намыг эмхэнд нь оруулах залуусын нэг Ч.Өнөрбаяр

АН  саяхан цахим сонгууль явуулж шижигнэсэн таван нэр дэвшигч өрсөлдөж,  М.Тулгат даргаар нь сонгогдоод байгаа билээ.  Ардчилсан намд эрх зүйт хэм хэмжээ дутагдаж, дүрэм, журам хуулиа дагадаггүй, лидер дагаж ирсэн, дотоод зөрчил тэмцэл хурацдсан он жилүүд  байсан. Гэвч Монголд Ардчилсан нам яалт ч үгүй гавьяа байгуулсан. Энэ намыг хэзээ ч үгүй хийж, үгүйсгэж болохгүй.  Ардчилсан нам гучин жил ардчиллын цайз хэрэм болж, бататган бэхжүүлж ирсэнтэй хэн ч маргахгүй биз ээ. 

АН-ын оносон ч их, алдаа нь   ч түүн лугаа их. Лидерүүд нь өөрийн тойрон хүрээлэгчидтэй, цүнх баригчидтай, ах дүүсээ намд чирч авчирдаг ийм л циклээр явж ирсэн. Мөн залуу үеийнхэндээ зайгаа тавьж өгөхгүй явж ирсэн. Тэгвэл сая болж өнгөрсөн намын дарга сонгох цахим  сонгуульд  шижигнэсэн залуус  өрсөлдлөө. Намын даргад өрсөлдсөн таван нэр дэвшигчийн тухай бид  цувралаар хүргэе. Энэ удаа хуульч Ч.Өнөрбаярыг онцолж байна. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулиас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар төрийн албанд шилжин ажилласан байдаг. Ингэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн тамгын газар, АТГ зэрэг анхаарал татсан газар ажиллаж байлаа. Олон зуун хуульч боловсон хүчнийг бэлтгэсэн бөгөөд өөрөө ч шаггүй хуульч гэдгээ харуулж  Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байхдаа 50 гаруй  хууль дээр санал санаачилгатай ажиллаж, 23 нь УИХ-аар батлагдаж байлаа. Заримаас нь дурдахад Шилэн дансны хууль, Оюутан цэрэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиуд нь маш үр дүнтэй болсон юм.  Төрийн өмч, тендер, концесс, авлигатай холбогдож байгаагүй нэр цэвэр залуу. Тэрээр намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд эрх баригчдыг зоригтой шүүмжилж, цөөнх болсон намынхаа өмнөөс чуулганы танхимд байгаа хэдээс дутахүй дуугарч байсан нь саяхан.

Тэрээр Монголдоо боловсрол эзэмшээд зогсоогүй дэлхийд тэргүүлэгч Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар ажиллаж, “Эрх зүйт сан”-г үүсгэн байгуулж, тус сан нь эрх зүйн онол, сэтгэлгээний сонгодог бүтээлүүдийг орчуулан хэвлүүлж, уншигчдад хүргэсээр байгаа билээ. Авлига хээл хахууль, хууль бус зүйлээс Ч.Өнөрбаяр хол явсан учраас айдас хүйдэсгүй, санасан бодсоноо чөлөөтэй, хурц илэрхийлдэг. Хуулийн хэрэгжилтийг нэхэж, шударга ёс, зарчмын асуудал дээр өөрийн гэсэн байр суурь дээрээ бат зогсдог нэгэн.  “Улстөрчид ирж буцдаг. Сайн хууль бол ард түмэнтэйгээ хамт үлддэг” гэж Ч.Өнөрбаяр нэгэнтээ хэлж байсан. УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Төлөөллийн үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд УИХ-ын гишүүдийг эгүүлэн татдаг, хариуцлага тооцдог хуулийн төслийг өргөн барина” гэж хэлж байсан нь санаанд үлджээ. Тэр хэрэв УИХ-д сонгогдсон бол энэ хуулийг заавал санаачлах байсан биз.

Одоо л нэг хайрцагтаа багтаж, учир начраа олох гэж, эв зүй, хууль дүрмээрээ явах, эвлэлдэн нэгдэх цэг дээрээ ирчихсэн АН-ын хувьд хуулийг урдаа барьдаг, ёс зүйг эрхэмлэдэг, хуульч  Ч.Өнөрбаяр шиг залуусаар эгнээгээ тэлж байгаа нь шинэлэг эрүүл харагдаж байна. Ардчилсан намд өнөөдөр эрх зүйн боловсрол дутагдаж байна. Яг Ч.Өнөрбаяр шиг онолын хүн, судлаач, багш, сурган хүмүүжүүлэгч, хууль боловсруулж үзсэн залуус  шударга ёс, ёс зүйн хэм хэмжээ, соёлт харилцааг эрхэмлэгч шинэ цагийн өнгө төрхийг АН-д  авчирна. АН-ын партизанууд ч  одоо ойлгосон биз ээ, зайгаа тавьж өгөх болсноо. Залуусаа дэмжих ёстойгоо тэд бат нот ойлгосон.   Ардчилсан намын ирж буй цагийн өнгийг тодорхойлох,  эвлэрлийг авчрах Ч.Өнөрбаяр шиг залуус хүч түрэн орж ирж буйд баяр хүргэх хэрэгтэй юм.   АН-ыг эвлүүлэх, эмх цэгцэнд нь оруулах, эрх зүйн боловсролтой шинэ цагийн, шинэ өнгө төрхүүд гялалзан орж ирж байгаагийн тод өнгө нь Ч.Өнөрбаяр юм.

Ц.ТУЯА 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.