Ц.Чимэдцэрэн: 15 настай охин шархадсан цэргийг үүрээд л гүйж байлаа даа

Ц.Чимэдцэрэн: 15 настай охин шархадсан цэргийг үүрээд л гүйж байлаа даа

1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдаас өдгөө амьд сэрүүн байгаа нь хуруу дарам цөөн.

Дорнод аймгийн Баяндун сумын 14-18 насны 16 охин Халх голын байлдаанд оролцсон бахархам түүх байдаг. Эх орныхоо халдашгүй дархан байдлын  төлөө зүрх, сэтгэлээ зориулсан Баяндунгийн 16 эмэгтэйгээс өдгөө ганц нь л энх тунх байна. Тэр түүхийн “амьд” гэрч Цэрэнгийн Чимэдцэрэн эдүгээ 98 настай, нийслэл хотноо аж төрдөг бөгөөд эх орноо хамгаалах ариун дайнд явахдаа 15-хан настай байжээ.Өнөөдөр 1939-1945 оны хоёр дайнд оролцсон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ахмад дайчин Ч.Цэрэнчимэдтэй ярилцах боломж сурвалжлагч надад тохиосон нь энэ юм.

  • 1939, 1945 оны хоёр дайнд өөрийн хүсэлтээр оролцсон гэж сонслоо. Тухайн үед эмэгтэй хүн өөрийн хүсэлтээр дайн мордоно гэдэг маш их зориг шаардсан байх даа?

Би Дорнод аймгийн Баяндун сумын төвд нэг жилийн хугацаатай түр сургуульд суралцаж байлаа. Сумын төвд байсан бүх эрэгтэйчүүдийг дайнд аваад явчихсан болохоор түр сургуульд 14-18 насны 45 охин суралцаж байсан. 

Манай хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга Н.Аюуш /16 настай/ гэж хүн байсан. Нэг өдөр Н.Аюуш дарга яриа таниулга хийхээр ирсэн юм.  Ингэхдээ “манай оронд Японы самуурайнууд халдан довтолж байна. Баянтүмэнг саяхан бөмбөгдлөө” гэсэн юм.

Даргын яриаг сонсож байхдаа, бид дайнд чадахаараа дэм болох юмсан гэж бодож байсан. Тэгээд би босоод “Н.Аюуш дарга аа, нэг санал байна хэлж болох уу” гээд дайнд оролцох санаачилгыг гаргасан юм. Миний санаачлагыг ангийн 3 охин дэмжсэн. Хэдэн минут өнгөрсний дараа бид нөхдөө дахин уриалсан. Ингээд 22 хүүхэд дэмжин ар араасаа босоцгоосон. Улмаар гурав хоногийн дараа Н.Аюуш дарга намайг дуудаж, та бүхний саналыг дарга нар дэмжсэн, 16 хүн явна гэж хэлээд 14-18 насны 16 охин дайнд оролцоно гээд явж билээ.

Тухайн үед би 15 настай байсан. Бидний хамгийн том нь 18 настай байсан бол 14 настай хоёр охин байсан.

  • Халхын голын зарлаагүй дайнд та ямар үүрэг гүйцэтгэж байв?

Үхэр тэргэнд суугаад, морин өртөөгөөр аймгийн төв хүртэл явсан. Бүтэн долоон өдрийн турш үхэр тэргэн дээр явсан. Аймгийн төвд ирэхэд туг, далбаа барьсан хүмүүс угтаж авч билээ. Удалгүй биднийг Баянтүмэнгийн цэргийн эмнэлэг рүү автомашины тэвшин дээр суулгаад хүргэж өгсөн. Биднийг орос сургагч эмч, эмнэлгийн ажилчид угтаж авсан даа. Ингээд биднийг хүлээж авсан дарга нар хуваарьлалт хийж арын албанд томилогдсон. Зарим нь гал тогоо, цэргийн хувас цагаан хэрэглэл угааж арчихаас эхлээд хийж чадах бүхий л ажлыг хуваарьласан. Миний хувьд цэргийн эмнэлэг дээр ажилласан.

  • Цэргийн эмнэлэг гэхээр дайны үеэр шархадсан цэргүүдийг сувилах уу?

Хүнд шархтай, цустайгаа холилдсон хүмүүс ирэх бүрт байдал улам л хэцүүднэ. Наранд цохиулсан цэргүүд шархны халуундаа босож гүйнэ, харайна, сувилагчдыг цохино, гартаа барьсан юмаараа зодно. Хөөрхий тэд чинь өөрсдийн ухаан байхгүй юм чинь яахав дээ. Цэргүүдийн шарх, сорви нь идээлнэ. Идээ бээрийг нь угааж, цэвэрлэдэг. Хамгийн аймаар нь тэсрэх бөмбөгний шарх байсан. Тэсрэх бөмбөгөнд өртсөн хүн 2-3 хоноод л амьсгал хурааж байсан юм. Өвчтөнүүд байшинд хэвтэн эмчлүүлж байсан ч шархадсан цэргүүд олноороо ирэх болж, сүүлд гэр барьсан. Гэр бүрт цэргийн төмөр орыг тойруулаад зайгүй байрлуулсан, өвчтөн дүүрэн байсан. Нуувчинд их хэмжээний Орос дарс байдаг байлаа. Тэрийг шархадсан цэргүүддээ уулгана. Өөрсдөө ч шанга шангаар нь ууж байлаа. Өвчтөнүүдэд өвчин намдаадаг байсан бол бид зориг орох гэж уудаг байсан. Халуун наранд шархадсан цэргийн орилоон, хашгираанд хүний зүрх үхэхээр шүү дээ. Хүн цагаа тулахаар бүхнийг чаддаг. 15 настай охин шархадсан цэргийг үүрээд л гүйдэг юм шүү дээ.

  • Дайнд мордохдоо харамсах тохиолдол гарч байв уу?

Үгүй шүү. Яг л үүргээ гүйцэтгээд харьсан даа. Ер нь Дорнод аймгаас зөвхөн манай сумын 16 охиныг л фронтод авч явсан юм билээ.

  • 1945 оны чөлөөлөх дайнд цэргийн эмнэлэгт ажиллаж байв уу Та?

1945 оны дайны үеэр Лувсан, Цэрэн, Мягмар, Батцэнгэл гээд эмч нартай ажилласан. Арын албаны дарга Чойндон гэдэг хүн байсан. Тэр хүн намайг 1945 оны чөлөөлөх дайнд арын албанд ажилла гэж үүрэгдсэн юм. Ингээд л ажилласан даа.

  • Та бүхний тухай хүмүүс сайн мэддэггүй. Олонд сурталчилж бахархан алдаршуулмаар түүх биш үү?

Тухайн үедээ ч бид хийх ёстой зүйлээ л хийсэн гэж бодохоос, гавьяа шагнал хүсдэггүй л байсан. Бүүр чөлөөлөх дайн дууссаны дараа манайд нэг хар хувцастай хүн ирээд “Та нар дайнд оролцож явснаа хэнд ч хэзээ ч хэлж болохгүй шүү” гэж хэлж байсан. Тэгээд бид чинь бага залуу ч байж хүн хард энэ тухайгаа ярьдаггүй байлаа. Сүүлд зах зээлд шилжсэний дараагаас л ер нь яагаад ярьж болдоггүй юм гэж бодоод тэгээд дайнд оролцож байсан тухайгаа хэлсэн дээ.

  • Таны хань цэргийн хүн байсан уу?

Нөхөр маань хошууч Б.Барс гэж хүн байсан. 1945 онд 27 дугаар отрядад нөхөртэйгөө танилцсан юм. Ер нь бол миний нөхөр дайны өмнө Ховдын хязгаарт соёл түгээхээр сургууль байгуулж ажиллаж байсан хүн. Тэр үедээ бас л 16, 17 настай хүүхэд байсан. Дайны үед цэргийн сургуульд яваад армид орж цэргийн хүн болсон.

  • Та сувилагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарав уу, эсвэл өөр ажил хийж байсан уу?

Би 1951 онд Улаанбаатарт ирээд Худалдааны техникумыг нийтийн хоолны тогооч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш тогооч мэргэжлээр 25 жил ажилласан. Туул рестораны ахлах тогоочоос эхэлж байсан юм. Дараа нь Их тэнгэрийн амны нэгдүгээр хэлтэст зочны хоол хийдэг байлаа. Тухайн үед гадаадын олон улс төрийн зүтгэлтэн, сэхээтнүүд айлчлалаар ирж, тэдэнд хоолоор үйлчилдэг байсан. АНУ-ын ерөнхийлөгчөөс эхлээд олон ерөнхийлөгчийг хоолоороо дайлж байлаа. Одоо хамт ажиллаж байсан хүмүүс бүгд байхгүй болж дээ.

  • Ярилцлага өгсөн таньд баярлалаа. Эрүүл энх сайхан бүхнийг таньд хүсье.

Дашрамд сонирхуулахад… Ц.Чимэдцэрэн гуайн туулж өнгөрүүлсэн амьдрал, Дорнод аймгийн Баяндун сумын 14-18 насны 16 охин Халх голын байлдаанд оролцсон бахархам түүхээс сэдэвлэсэн “ДАЙНД МОРДСОН ОХИД” баримтат киног бүтээжээ. Өнгөрөгч 2020 онд баримтад киног олон нийтэд хүргэхээр төлөвлөж байсан ч Ковид-19 цар тахлын улмаас дэлгэцнээ гаргаж амжаагүй байна. Тиймээс цар тахал намжвал байдалд орсны дараа баримтад киног дэлгэцнээ гаргах бөгөөд олон улсын кино наадамд сойх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

М.Эрмүүн


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.