Б.Жавхлан: Хүүхдийн мөнгөний болон тэтгэврийн данс, 1072 хувьцааны дансыг ашиглаж иргэдэд 300 мянган төгрөг олгоно

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгөний болон  тэтгэврийн данс, 1072 хувьцааны  дансыг ашиглаж иргэдэд 300 мянган төгрөг олгоно

Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох болсон тухай Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Үүнээс түүвэрлэн хүргэж байна.

  • Pfizer вакциныг хавдартай, хүнд өвчтэй зэрэг 12 мянга гаруй хүнд хийх тооцоо байгаа. Гэвч эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хавдаргүй хүмүүст хийж байна гэх мэдээлэл байна?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Pfizer вакцинаас 25,740 тун ирсэн. Энэ вакцин нь хариу урвал маш багатай тул олон улсад хавдартай, дархлаа дарангуйлах эм уудаг болон бөөр орлуулах эмчилгээнд ордог гэх мэтчилэн зайлшгүй заалттай хүмүүст хэрэглэж байгаа вакцин тул 12,870 хүнийг нэрсээр нь жагсааж хийж байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Pfizer вакциныг нэмж татаж авахаар гэрээ байгуулсан бөгөөд тавдугаар сард ирнэ. Орж ирэх тунгийн тоо нь хийлгэх ёстой зорилтот бүлгийнхээ тооноос хэд дахин давсан хэмжээнийх байх юм. Иймд тоо хэмжээнд санаа зоволтгүй. 

  • Коронавируст халдварын оргил үе хэзээ тохиох вэ. Энэ үед хүн амын хэдэн хувь халдвар авах тооцоололтой байгаа вэ?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Халдварын оргил үе нь тавдугаар сарын эхэн буюу хоёр дахь долоо хоногт таарч, энэ үед батлагдсан тохиолдлын тоо 60-70 мянгад хүрч, өдөрт бүртгэгдэх тохиолдол 3,000 ба түүнээс дээш гарна гэх судалгаа бий.

  • Хөл хорионы үеэр тархалтыг хумих төлөвлөгөө боловсруулсан уу?

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх бүхий л боломжийг эрэлхийлж байгаа. Энэ хүрээнд вакцинжуулах ажил эрчимтэй өрнөж байгаа. Үүнд эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын олон зуун ажилтан ажиллаж байгаа. Ирэх сарын 1-ний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх хүн амыг вакцинжуулах зорилт тавьсан. Үүнийгээ үргэлжлүүлнэ. Мөн ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг эрчимжүүлэх юм. Түүнчлэн ахмад настнуудын дархлааг дэмжих хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

  • Иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэгийг хэзээнээс олгох вэ?

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын 3.3 сая хүн тус бүрийн дансанд өнөөдрөөс 300 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ. Өмнө нь бол ингэж иргэн бүрт өгч байсан хөтөлбөр байхгүй. Тиймээс бүх иргэдээ данстай болгоход хугацаа орно. Гэхдээ хүүхдийн мөнгөний болон ахмадуудын тэтгэврийн данс, 1072 хувьцааны гэх мэт дансыг ашиглана. Үүнд 7-10 хоног зарцуулах болов уу гэж бодож байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.