Өдөрт ачаатай 25, ачаагүй 25 автомашин Замын-Үүдийн хилээр гарч байна

Өдөрт ачаатай 25, ачаагүй 25 автомашин Замын-Үүдийн хилээр гарч байна

ЗТХЯ, Авто тээврийн үндэсний газар, МҮХАҮТ хамтран Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагаа доголдож, бараа бүтээгдэхүүний ачаа эргэлт саатсантай холбоотой боомтын нөхцөл байдлыг сайжруулах, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй бэрхшээлийг хамтран шийдэх, мэдээлэл солилцох цахим уулзалт хийлээ.

Эрээн хот руу орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг БНХАУ түр хугацаагаар хязгаарлаж, гаалийн хашааны зохион байгуулалт, цар тахлын халдвар хамгааллыг онцгой анхаарах шаардлагатай болсон тул Замын-Үүд чөлөөт бүсэд 800 гаруй тээврийн хэрэгслийн урт дараалал үүсжээ.

Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайханы хэлснээр эхний ээлжинд 650 орчим тээврийн хэрэгслийг тодорхой үе шаттай нэвтрүүлнэ. Одоогоор өдөрт ачаатай 25, ачаагүй 25 автомашин хилээр гарч байна” хэмээв.

Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр тус боомт руу орж ирж байгаа жолооч нарыг сумын суурьшлын бүсээс 20 орчим км зайд тусгаарлах байрны бэлтгэлийг хангасан гэжээ.

Жолооч нарыг түр байрлуулах 26 тусгаарлах өрөө бэлджээ. Нэг хүний хоногийн төлбөр 15-20 мянган төгрөг бөгөөд дөрвөн жолооч нэг өрөөнд байрлана. Аж ахуйн нэгжүүд хоёроос цөөнгүй жолоочийг сэлгэн байрлуулж зохицуулах нь үр дүнтэй. Хэрэв коронавирусний халдварын тохиолдол гарвал БНХАУ-ын тал хилээ хаахаа мэдэгдэж байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг холбогдох албаныхан уриаллаа.

Вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоног буюу дархлаажуулалт тогтсон жолоочийг Замын-Үүд суманд тусгаарлахгүйгээр нэвтрүүлэх юм. Одоогоор тус суманд 900 гаруй жолооч эхний тунгаа хийлгэжээ. Замын-Үүд суманд байгаа тусгаарлах байр жолооч нарт И баримт олгох, Авто тээврийн үндэсний төв болон орон нутгийн удирдлага тээврийн үнийг тогтвортой байлгах талаар холбоодтой ярилцан, үнийн хөөрөгдөл үүсгэхээс сэргийлэх, Улаанбаатар төмөр замд аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг нэгтгэн хүргүүлэхээр болжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.