Нийгмийн халамж авагчид 134.4 мянгаар нэмэгджээ

Нийгмийн халамж авагчид 134.4 мянгаар нэмэгджээ

Нийгмийн халамжийн сангаас 2021 оны эхний улиралд 2.2 (давхардсан тоогоор) сая хүнд 512.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 134.4 (6.5%) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 310.7 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 82.8 (7.4%) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 294.2 тэрбум (5.4 дахин) төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2021 оны эхний улиралд 54.0 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 364 (0.7%) хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 16.5 (56.2%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 66.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.5 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.5 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний улиралд 82.5 мянган хүн хамрагдсаны 66.1 хувь нь асаргааны тэтгэмжид, 33.9 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний улиралд 24.5 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 4.6 (23.1%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 360.7 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний улиралд олгожээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.