Өнөөдөр ажиллахгүй, Пелегийн тоглолтыг үзэхээр явлаа!

Өнөөдөр ажиллахгүй, Пелегийн тоглолтыг үзэхээр явлаа!

Эдсон Арантес Ду Насименту гэх 80 настай буурлыг Хөлбөмбөгийн Хаан Пеле гэдгээр нь хүмүүс сайн танина. Тэртээ 1958 оны ДАШТ-д Бразилын шигшээд 17 настай хүү Пеле очжээ.

Олон хүүхэдтэй айлын жирийн нэгэн хүү мэт боловч аугаа их авъяас, ажилч хичээнгүй зан чанар нь түүнийг 16 настайдаа Бразилын “Сантос”-ын төлөө талбайд гаргах үндэс болж өгсөн юм. Жаалхүүг ганц улирал тоглосны дараа л шууд Бразилын шигшээд дууджээ.

Тухайн үедээ бол “Сантос” даруухан клуб. Пелег бүрэлдэхүүнд нь элсэхээс өмнө Сан-Паулу мужийнхаа аваргаар ганц л удаа тодорсон байлаа. Харин Пелетэй болсноосоо хойш мужийнхаа аваргад 11 удаа түрүүлж, Өмнөд Америкийн клубүүдийн дундахь хамгийн том тэмцээн Либертадоресийн цомд хоёр ч удаа магнайлсан юм. Мөн Тив хоорондын цомыг өргөсөн түүхтэй.

Түрүүн хальт дурьдсан Пелегийн мэргэжлийн хөлбөмбөгчийн эхний улирал бол 1957 он. 16 настай хүү тэр улиралд нийт 67 албан ёсны тоглолтод гарахдаа 57 гоол оруулсан нь тэмдэглэгдэн үлджээ. Ер нь бол Пелегийн хамгийн олон гоол оруулсан улирал нь 1961 он бөгөөд энэ улирлыг 110 гоолтой дуусгасан байдаг.

Шигшээ багийн амжилт гэвэл дөрвөн ДАШТ-д оролцож, гуравт нь түрүүлж чадсан цорын ганц хөлбөмбөгч.  Авъяас чадварыг нь яривал 173 сантиметр өндөртэй хэрнээ 2 метр өндөрт үсэрчихнэ, агаарт яг л Майкл Жордан шиг “тогтоно”. Баруун, зүүн аль ч хөлөөрөө сайн цохино. Ер нь өөлөх юм үгүй, төгс тоглогч байж.

Орчин цагийн зарим фанат түүнийг Бразилын “Сантос”-т насаараа тоглосон гэхээр муу лигт байсан гэх мэтээр ойлгож, тайлбарлах гэдэг. Гэвч тухайн цаг үед Бразилын лиг бол Европын аль ч улсын лигээс илүү юу л гэхээс дутуугүй хүчтэй байлаа. Тиймдээ ч Бразилын шигшээ 1958-1970 оны хооронд Дэлхийд гурвантаа магнайлсан хэрэг шүү дээ.

Пелегийн тухай домог мэт олон яриа байдгийн зэрэгцээ мөн түүний үнэлж баршгүй бодит гавъяа тоймгүй. “Би Пеле” хэмээх намтар ном нь хэвлэгдэн гарахад Бразилын сая сая хүүхэд залуус бичиг үсэг сурсан юм. Учир нь тэд Хөлбөмбөгийн Хааны номыг өөрсдөө уншихыг хүссэн хэрэг. Бразилын хэд хэдэн үеийнхэн зөвхөн энэ номыг уншихын тулд бичиг үсэг сурсан учир Бразилын Соён Гэгээрүүлэх яамнаас алтан медаль гардуулж, талархлаа илэрхийлсэн түүхтэй.

Пеле талбайд гарч буй өдөр Сан-Паулу мужийн олон хотын дэлгүүр, байгууллагууд ажиллахгүй. Түүнийгээ ч нэрэлхэлгүй шулуухан үүдэн дээрээ зарлаад биччихнэ. “Өнөөдөр ажиллахгүй, Пелегийн тоглолтыг үзэхээр явлаа!” гээд л биччихдэг байж.

Пеле байгаа болохоор “Сантос”-ыг дэлхийн өнцөг булан бүрт урина. 1969 онд “Сантос”-ынхон очиход Нигерийн иргэний дайн хоёр хоног зогссон юм. Хоёр талынхан хоёулаа Пелегийн тоглолтыг үзэхийг хүссэн тул дайнаа түр зогсоосон нь тэр.

Пеле 1000 дахь гоолоо “Флуминенсе”-гийн хаалганд хийсний дараагаар “Пеле 1000” гэсэн марк дэлхий даяар тарж байлаа.

Хэдэн жилийн өмнө Пелегээс “1970 оны Дэлхийн аварга Бразилын шигшээ баг одоогийн Аргентины шигшээг хожих болов уу?” гэж асуухад “Хожно оо” гэж. Тэгэхээр нь “Хэдээр хожих уу?” гэхэд “1:0” гэж хэлснээ нэмж “Учир нь тэр багийн маань тоглогчдын ихэнх нь одоо 75-аас дээш настай болж шүү дээ” гэжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.