С.Нарангэрэл: Ерөнхийлөгчийн энэ алхам Улсын Дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг

С.Нарангэрэл: Ерөнхийлөгчийн энэ алхам Улсын Дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг

Ерөнхийлөгч Х.Баттулгын “МАН-ыг тараах тухай захирамж” хуульд хэрхэн нийцэж байгаа талаар Академич С.Нарангэрэл тайлбар хийжээ.

Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн шинжтэй органик бусад хуулийг ноцтой зөрчиж, Төрийн тэргүүний ёс зүйгүй, хэрээс хэтэрсэн, балмад алхам хийлээ. Үүнийг дараах байдлаар тодорхойлж болно.

Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийн 23. 2-д “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын Дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ.” гэж заасан байдаг. Гэтэл Ерөнхийлөгч хийсэн мэдэгдэлдээ “Фашист” гэдэг нэр томьёог нь зориуд орхигдуулж, зөвхөн “цэрэгжсэн” гэсэн хоёрдмол утгатай үгийг оруулсан нь хуулийг гуйвуулсан хэрэг.

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн албан тушаалын бүрэн эрхийг хортойгоор урвуулж ашигласан. Яагаад гэвэл, өөрийг нь Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэхгүй байх тухай Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараа ийм хэрээс хэтэрсэн, дэндүү болчимгүй үйлдэл гаргаж байгаа нь ингэж дүгнэх үндэслэл юм. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний эрх ашгийн үүднээс биш дахиж төрийн дээд өндөр албан тушаалыг үргэлжлүүлэн хаших хувийн атгаг санааны үүднээс энэ алхмыг хийсэн.

Гуравдугаарт, энэ мэдэгдэл алхмыг Ерөнхийлөгч хийхдээ Үндсэн хуулиар өөрт нь олгогдсон зарим бүрэн эрхийг хортойгоор урвуулан ашигласан. Жишээлбэл, шүүгчдийг томилох эрх. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасан байдаг. Улсын Дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг хийж байгаа.

Улс төрийн нам байгуулсан үйл баримт, түүнийг тараах тухай шийдвэрийг шүүх л шийдвэрлэдэг. Гэтэл Ерөнхийлөгчийн энэ алхам Улсын Дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн энэ алхам нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байгаа юм. Үндсэндээ Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь Монгол төрийн жолоог хууль бусаар атгах гэсэн атгаг санаа агуулсан байна” гэж тодорхой тайлбар өгч ээ!


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.