ТАТВАРЫН БОДЛОГО ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР БАЙДАГ

ТАТВАРЫН БОДЛОГО ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР БАЙДАГ

ТАТВАРЫН БОДЛОГО ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР БАЙДАГ

Хэрэв 75 настай эмэгтэй сайд болчихвол манай иргэд хэрхэн хүлээж авах бол доо. Ямар ч байсан алгаа тосож хүлээж авахгүй байх. Учир нь, Засгийн газарт ажиллаж байсан ахмад улс төрчдийг нийтийн сүлжээнд элдвээр гутаан доромжлох нь элбэг тохиолддог. Харин дэлхийн эдийн засгийн дөрөвний нэгийг үйлдвэрлэдэг, сүүлийн зуун жил тасралтгүй дэлхийн улс орнуудыг манлайлж буй супер гүрэн болох Америкийн нийгэм манайхаас тэс өөр хандлагатай.

Энэ оны нэгдүгээр сард Америкийн ерөнхийлөгч Жо Байден, Жанет Йелленийг Сангийн сайдын албан тушаалд дэвшүүлэхээр Сенатад санал болгосон юм. Ингээд Сенатын танхимын олонхийн саналаар 75 настай эмэгтэй АНУ-ын Сангийн сайд болсон билээ. Тэрбээр 2010-2014 онд АНУ-ын Холбооны нөөцийн сангийн(Манайхаар Төв банкны ерөнхийлөгч) тэргүүнээр ажиллаж байсан анхдагч эмэгтэй.

Өнөөдөр америк доллар дэлхийн валют гэж зүй ёсоор тооцогдож байна. Дэлхийн ихэнх улс гадаад худалдаандаа америк долларыг ашиглахын зэрэгцээ валютын нөөцөө тус валютаар хадгалж байна. АНУ-ын хөрөнгийн зах зээл хэмжээний хувьд дэлхийн хөрөнгийн зах зээлийн бараг тал хувийг эзэлдэг. Дэлхий нийтээрээ Америкийн компаниудад хөрөнгө оруулалт хийж байгаа үндсэн шалтгаан нь Америкийн эдийн засаг, санхүүгийн зах зээл, төдийгүй валют нь хүртэл хамгийн найдвартай, ирээдүйтэй гэж үздэгтэй холбоотой. Тэгэхээр Жанет Йеллен дэлхийн хэмжээний эдийн засагч, дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийн нэг болж таарах нь. Тийм ч учраас энэхүү хариуцлагатай ажилд томилогдсон юм.

Жанет Йеллен өнгөрсөн долоо хоногт АНУ төдийгүй дэлхийн бусад орнуудад туйлын өндөр ач холбогдолтой байж болох татварын шинэчлэлийн хөтөлбөрөө танилцууллаа. 21 дүгээр зуун гарсаар хүн төрөлхтний түүхэнд хөгжлийн шинэ үе тохиож байна. Үүнийг цахим зуун буюу дижитал эрин хэмээн нэрийдэж буй. Зарим нь аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал хэмээн онцолдог. Орчин цагт компаниуд технологийн шинэ ололтуудыг ашиглан өрсөлдөх чадвараа сайжруулж, үр ашгаа нэмэгдүүлж бизнесийн цоо шинэ загваруудыг бий болгож, эрс өөрчлөлт, шинэчлэлийг хийж байна. Технологийн хувьсгал нь бүхий л салбарт өөрчлөлтийг авчирч байгаа. Ялангуяа медиа, банк санхүү, харилцаа холбоо, худалдааны салбаруудыг эрс өөрчлөөд байна. Өдгөө дижитал сонголт хийгээгүй компаниуд зах зээлд байр сууриа алдах эрсдэл туйлын их болжээ.

Өнөө цагт, дэлхийн аль ч улсад интернет ашиглан бизнес, худалдаа наймаа хийх нь харьцангуй хямд төсөр, хялбар ч болсон. Бидний мэддэг уламжлалт арилжааны хэлбэр эрс өөрчлөгдөж байна. Компаниуд өмнө нь тодорхой нэгэн байрлалд байршиж үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол өдгөө орчин үеийн техник технологи ашиглан бизнес эрхлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, борлуулах ажлыг дэлхийн хаанаас ч хийх боломж нээгджээ. Жишээ нь, өглөөний цай уух зуураа л та гар утсаа ашиглан хоромхон зуур дэлхийн хаа нэгтээ байх хэн нэгэнтэй холбогдож ажил төрлөө ярих эсхүл худалдан авалт хийх боломжтой болсон байна.

Гэхдээ технологийн энэ дэвшил төрд нэгэн хүндрэлийг авчирчээ. Энэ нь бизнесийн үйл ажиллагаа бүрийг бүртгэж татварт хамруулахад төвөгтэй байгаа явдал юм. Энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ дэлхийн улс орон бүрийн Засгийн газар бүрд үүссэн ч өнөөг хүртэл хараахан шийдлээ олоогүй байв. Өөрөөр хэлбэл, улс орны засгийн газрууд байршил нь тодорхойгүй интернетийн бизнес бүрийг  татварт хамруулах, татвар авах зарчим, татварын хэмжээ нь тэс өөр улс орнуудын бизнесийн нэгдсэн орчинд ямар зохицуулалт хийхээ мэдэхгүй байсан юм. Үүнд АНУ-ын Сангийн сайд хариулт өгч, хэрэгжүүлэх хөтөлбөрөө танилцуулсан ажээ.

Түүний хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хөтөлбөрийн гол санаа нь дижитал буюу тоон технологид суурилсан бизнесийн үйл ажиллагаа бүрийг татварт хамруулах явдал юм. Түүгээр барахгүй, ногдуулах татварын хэмжээг ямар байх талаар тооцоолол хийсэн байна. Өөрөөр хэлбэл татварын хэмжээг хамгийн боломжит минимум/бага/ хэмжээнд барих ёстой гэсэн зарчмыг онцолсон аж.  Дэлхийд хөгжилтэйд тооцогдох улс орнууд уг хөтөлбөрийг нэн таатай хүлээж авлаа. Учир нь цар тахлын эсрэг элдэв хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэх явцад үүссэн төсвийн алдагдлыг бууруулах бас нэгэн сонголт гарч ирсэн гэж үзсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэвч татварын доод хэмжээг нэгдсэн журмаар нэвтрүүлэх нь буурай хөгжилтэй орнуудын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг сааруулах нэгэн алхам байж болзошгүй гэсэн нэг эмзэглэл бас бий. Энэ мэтчилэн дэлхийн улс орнуудад татварын доод хэмжээг нэгдсэн журмаар нэвтрүүлэх асуудалд анхаарлаа хандуулж ухаанаа уралдуулсан долоо хоног өнгөрлөө.

Харин манай орны хувьд Ковид-19 халдварын тархалт огцом нэмэгдэж, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой элдэв асуудал ундарч, татварын асуудалд анхаарч буй хүн алга. 2021 он гарахтай зэрэгцэн Нийгмийн даатгалын шимтгэл(НДШ)-ийн хэмжээ хоёр хувиар нэмэгдсэн. Одоохондоо төрөөс цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд НДШ-ийн ерөнхий дүнгээс 5-7 хувиар хасаж тооцож байгаа болохоор иргэд төдий л анзаарахгүй байгаа болов уу. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа иргэдийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл 26-28 хувиар тооцож нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ. Дээр нь хувь хүний орлогын татвар 10 хувь бий. Ийнхүү таны авч буй цалингийн 40 орчим хувийг төрийн санд төвлөрүүлэх цаг айсуй.

Монгол Улсын Засгийн газар 2017 оны дөрөвдүгээр сард ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдан, тус байгууллагын шаардлагын хүрээнд 7 төрлийн татвар нэмж байгаагаа зарласан юм. Энэ татваруудын хүрээнд НДШ-ийн хувь хэмжээг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан. 2017 онд нийгмийн даатгалд 21 хувийн шимтгэл төлдөг байсан бол 2021 онд 26 хувь болж нэмэгдэх хуулийн өөрчлөлтийг 2017 оны 4 сарын 14 өдөр оруулсан байдаг.  

Франц, Итали, Бельги, Голланд зэрэг өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 40 орчим хувьд эргэлдэж байна. “Хөгшин” хэмээгдэх Европ тивд тэтгэвэрт гарсан ахмадууд туйлын хангамж сайтай амьдардаг шалтгаан нийгмийн даатгалынх нь ийм тогтолцоотой холбоотой байхыг үгүйсгэхгүй. Гэвч ийм татваргүй улс ч бий. Тухайлбал Катар. Улс төрчдийн жишээ авч ярих дуртай АНУ-д нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх хэмжээ цалингийнх нь 15.3 хувийг эзлэх бөгөөд тэтгэврийн даатгалд ердөө 6.2 хувийг төвлөрүүлдэг ажээ. Ирландад нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 14.9 хувь, Канадад 14.9, Тайваньд 14,02, Швецарьт 12, Австралид 11.5, Шинэ Зеландад 11, Казахстанд 9.5 хувь байна. Дээр дурдсан орнууд дотор эдийн засгийн бүтэц нь манайхтай ойролцоо уул уурхайн бүтээгдэхүүний экспортлогч хэд хэдэн улс байгаа.

Монгол улс залуучуудын оронд тооцогддог. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал төлөгч иргэн олон байдаг гэсэн үг. Гэтэл Монгол улсын нийгмийн даатгалын сан нь их наядаар хэмжигдэх өртэй, жил бүр улсын төсвөөс татаас авч байна. Тэтгэврийн даатгалын санд улсын төсвөөс 2018 онд 609.8, 2019 онд 601. 6, 2020 онд 399.4 тэрбум төгрөгийн татаас өгч байв. Энэхүү татаасыг хөдөлмөрлөж буй иргэдийнхээ цалингаас нь суутгах шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх замаар шийдэх нь туйлын буруу бодлого. Учир нь өнөөдөр Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй залуус ердөө 20-30 жилийн дараа тэтгэвэр авагчдын эгнээнд шилжинэ. Тэр үед нийгмийн даатгалын шимтгэлийг одоогийн хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд 40-50 хувь хүртэл нэмэх үү? Ийм боломж мэдээж байхгүй. Тэгэхээр шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх бус харин тэтгэврийн даатгалын сангийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх ёстой. Төсвөөс тогтмол татаас өгөх боломж ч хомс байна.

Өндгөө ажил олгогч болон даатгуулагч иргэд нийгмийн даатгалын шимтгэл цалингынх нь 26 хувь байгаагаас гадна орлогын албан татвар давхар төлдөг. Ингэж татварын хэмжээ нэмэгдэх тутам нийгмийн дундаж давхаргад дарамт ирнэ. Өөрөөр хэлбэл, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгж, хөдөлмөр эрхэлж буй дундаж ангиа цөлмөх тогтолцоо руугаа алхаж явна гэж дүгнэж болохоор байна.   Монгол Улсын гурван сая гаруй хүн амын 2.5 сая гаруй нь (давхардсан тоогоор) ямар нэгэн халамж авдаг. 2021 оны төсөвт 1.65 их наяд төгрөгийн халамж олгохоор тусгажээ. Энэ нь уул уурхайгаас төсөвт төвлөрүүлдэг татварын орлогынхоо талаас илүү хувийг халамжид зарцуулж байгаа харамсалтай дүр зураг. Нийгмийн халамжийн сан 12 нэр төрлийн багц халамж олгодог. Энэ нь 72 нэр төрөл болж задардаг. Нэг өрх дунджаар 3-4 төрлийн халамж авах боломж бий. Хүнсний талоныг улсын хэмжээнд 44 мянган өрхийн 243 мянган хүн авч байна. Халамжийн төсөв, халамж хүртэгчийн тоо жилээс жилд нэмэгдсээр Монголын гурван хүн тутмын хоёр нь халамж хүртэгч болж хувирчээ. Халамж нь хөдөлмөрийн зах зээлийн заналт дайсан билээ. Бүтэн сарын турш хөлсөө урсган зүтгэж байж сая гаруй төгрөгийн цалин аваад, тэн хагасыг нь татварт өгч байснаас ажил огт хийхгүйгээр хүнсний талон авч, элдэв төрлийн халамжийн багцад хамрагдахад сая хүртэл төгрөгийн орлого олох боломж манайд бүрдсэн байх юм.  

Насны хувьд Жанет Йеллений хүүхдэд тооцогдохуйц Монгол улсын Сангийн сайд нар ийм үрэлгэн тогтолцоог бодож олоод хэрэгжүүлж байгаа нь дэндүү харамсалтай. Аливаа улсын татварын тогтолцоотой танилцахад тухайн  улсын ирээдүйг тодорхойлох бүрэн боломжтой байдаг билээ. 

2020 оны 4 сарын 19


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.