Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй боллоо

Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй боллоо

УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 2 дугаар дүгнэлтийг хэлэлцэх үеэр хоёр удаа завсарлага аваад байсан юм. Улмаар завсарлага дуусч санал хураалт явуулах үед АН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцохоос татгалзав. Ингээд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 82.4 хувь нь дэмжлээ.

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа юм. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж хоёрдугаар дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль:

3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;

5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.