ЭЗБХ: Өндөр эрсдэлтэй бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гаднын нэмэлт санхүүжилт шаардлагатай

ЭЗБХ: Өндөр эрсдэлтэй бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гаднын нэмэлт санхүүжилт шаардлагатай

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцлөө. Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын нийгэм, эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжих зорилгоор санхүүжилтийн зээлийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. Тодруулбал, Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах; цар тахлын эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 300 сая ам.доллар баталж, үүнээс 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн хөтөлбөр, цар тахлын нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмжийг худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг батлуулан хзрэгжүүлж байгаа юм. Үлдсэн эх үүсвэрээр “КОВИД-19-ын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл болон төсвийн дэмжлэгийн хөтөлбөр болох Эрүүл мэндийн аюулгуй байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тус хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлуулснаар 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг ашиглах боломж бүрдэнэ гэдгийг Сангийн сайд танилцууллаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь хоёр хувь ажээ. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь зургаан сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна гэдгийг хэллээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.