Б.Бат-Эрдэнэ: Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо зарчмаа баримталж байгаа

Б.Бат-Эрдэнэ: Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо зарчмаа баримталж байгаа

УИХ-ЫН ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭЭС НЭР БҮХИЙ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТАЛААР ТОДРУУЛГА АВЛАА.

  • Танай Байнгын хороо УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын талаар өргөдөл, гомдол ирсэн үү?

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр болон “Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл ТББ”, “Охидын түүх НҮТББ”, “Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэг холбоо НҮТББ”-уудын нэгдсэн “МЕ ТОО МОНГОЛ” Үндэсний хөдөлгөөнөөс манай Байнгын хороонд хандаж албан бичиг ирүүлсэн байна.

Тодруулбал: УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамт, мөлжлөг, хүчирхийллийн шинжтэй удаа дараагийн үйлдлүүд нь өнөөдрийг хүртэл олон эмэгтэйчүүдийг сэтгэл санаа болон бие махбодийн айдас, зовлонд учруулж ирсэн болохыг олон нийтийн сүлжээгээр хангалттай илчлэгдэж байгаа төдийгүй ийм хүн ард түмнийг төлөөлж, Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаад үнэхээр харамсалтай байна. Бид дан ганц иргэн Сүндэръяагийн мэдээллээр бус УИХ-д ард түмнээс сонгогдон, тэдний итгэл, хүндлэлийг хүлээн бүрэн эрх, үүрэгтэй эрхэм гишүүн баталсан хуулийнхаа үлгэр жишээ нь байж, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байх атал УИХ-ын гишүүний тангарагаа зөрчсөн байна. Иймд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түр түдгэлзүүлж өгөхийг бид хүсч, энэхүү шаардлага бүхий хүсэлтийг хүргүүлж байна гэсэн байсан.  

  • Энэ асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо шалгаж шийдвэрлэх ажиллагаа хийж багаа юу?

Ирүүлсэн албан бичигт дурдсанаар хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа бол үүнийг ёс зүйн хүрээнд шийдэхгүй бөгөөд эрүүгийн гэмт хэрэг шалган шийдвэрлэдэг журмаар хуулийн байгууллагууд шийдвэрлэх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд УИХ хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглосон байдаг.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийн тухайд бол иргэний хүсэлтээр манай Байнгын хороо шийдвэрлэх боломжгүй, энэ асуудал нь УИХ-ын “Xалдашгүй байдлын дэд хороо”-ны эрхлэх асуудал болно. Хэрвээ Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирвэл Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр Ц.Анандбазар гишүүний талаар иргэн Сүндэръяа өөрөө Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад шалгуулж байгаа гэж мэдээлэл хийсэн байсан.

Цагдаа, прокурорын байгууллагууд иргэн Сүндэръяагийн өргөдлийг хүлээн авч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа энэ цаг үед бид зэрэгцсэн хянан шалгах ажиллагаа явуулах ёсгүй учраас Байнгын хороо энэ асуудлыг одоогоор жич авч үзэж шалгалт явуулаагүй байна.

Энэ бол гишүүнийг зөвтгөж, хаацайлж байгаа асуудал огт биш. Зааг тогтоосон хуулийн зарчмаа баримталж байгаа хэрэг юм. Бидэнд цагдаа болон прокурорын байгууллагуудаас энэ талаар албан ёсоор хандаагүй байна. Гэхдээ дээрх Төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн албан бичигт дурдагдсан асуудлыг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо холбогдох хууль, дүрмийн дагуу судлан үзэж тухайн гишүүнээс тайлбар гаргуулан авахаар Байнгын хорооноос албан бичиг хүргүүлээд байгаа бөгөөд энэ нь тодорхой хуулийн хугацаатай байдаг.

  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн автын осол гаргасан талаар

Б.Пүрэвдорж гишүүний гаргасан зам тээврийн осолд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм билээ. Тэнд ямар шийдвэр гарахыг харж байна.

  • Танай Байнгын хороо ер нь энэ асуудлаар ямар шийдвэр гаргах вэ?

Манай Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх асуудал хамаардаг. Хуулийн байгууллагуудын харьяалан шалгаж шийдвэрлэдэг асуудалд бид хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, зэрэгцэж шалгах боломжгүй гэдгийг манай иргэд ойлгохыг хүсч байна. Хэрэв хуулийн байгууллагууд шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд манай Байнгын хороо эдгээр асуудлуудыг хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх болно.

Эх сурвалж: Өдрийн сонин


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.