Дэлхийн 133 орон хэсэгчилсэн болон бүтэн хөл хорио тогтоожээ

Дэлхийн 133 орон хэсэгчилсэн болон бүтэн хөл хорио тогтоожээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварын тархалтыг хумих хамгийн оновчтой аргуудын нэгийг ХӨЛ, ХОРИО тогтоох хэмээн тайлбарласан. Тодруулбал, Хүн амын дунд халдвар тархах эрчим 1-с дээш бол олон улсад хөл хорио тогтоодог. Манай улсын хувьд энэ үзүүлэлт 1,4-г давсан учраас хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан юм.

Энэ жишгээр ганц манай улс гэлтгүй дэлхийн 207 оронд тархсан шинэ коронавирусийн халдварын улмаас хилээ хааж, дотооддоо хөл хорио тогтоогоод байна. 

Тэгвэл Express.co.uk сайт хөл хорио тогтоосон улс орнуудын нөхцөл байдлын талаар нийтэлсэн байна. Одоогийн байдлаар коронавирусний цар тахлын улмаас дэлхийн 133 улс оронд хэсэгчилсэн болон бүтэн хөл хорио тогтоожээ.

Тухайлбал, Япон, БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг Азийн 25 улс, Швейцар, Итали, ХБНГУ, ОХУ, Дани, Их Британи зэрэг Европын 41 улс  улсын хэмжээнд олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээ, шоу тоглолт, шашны болон бусад цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд  хязгаарлалт, хөл хорио тогтоох шийдвэрийг гаргажээ.

Харин АНУ тэргүүтэй Америк тивийн 24 улсад хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа бол Ойрхи Дорнодын 9 улс, Африк тивийн 34 улс хөл хорио тогтоожээ. Үүнээс гадна дэлхийн 80 улс Монгол улсын нэгэн адил дотоодын хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоосон байна.

 Энэ мэтчилэн улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө арга хэмжээ авч ажиллаж байхад зарим зөрүүд, хэнэггүй иргэд өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж, карантин журмыг зөрчсөөр байгаа юм.

 Улмаар хөл хорио тогтоох журам зөрчсөн иргэдэд торгуулийн цаашлаад шоронд хорих хүртэл хатуу арга хэмжээ авч байна. Тухайлбал,

 Сингапур

Хөл хорионы үед хүн хоорондын зай нэг метрээс давсан тохиолдолд 10-аас дээш тооны хүн сургууль, албан газрын гадна цугларвал 10 мянган сингапур.доллароор торгох эсвэл зургаан сар хүртэл хугацаагаар шоронд хорино.

Итали

Хөл хорионы үед иргэд шаардлагагүй нөхцөлд гэрээсээ гарвал гурван сар шоронд хорих ял эсвэл 206 еврогоор торгоно.

 БНСУ

Хөл хорионы үед санаатай зөрчсөн иргэнийг нэг жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор торгоно. Мөн өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг зөрчсөн гадаадын иргэдийг албадан нутаг буцаана. (Өөрийгөө тусгаарлах зөвлөмжид 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд ингэхдээ коронавирусний эсрэг вакцины хоёр тунг тариулснаас 14 хоногийн дараа тус журмыг хэрэгжүүлэхгүй байж болно гэжээ.)

 ОХУ

Хөл хорионы үед журам зөрчсөн хүнд таван жил хүртэл хорьно. ( Гэхдээ тухайн хүн ганцаараа байгаа тохиолдолд шаардлагатай үед хүн багатай газраар амны хаалт зүүж гарах, нохойгоо салхилуулах зэргийг зөвшөөрнө)

Пакистан

Хөл хорионы журам зөрчсөн иргэдэд цагдаа нар бие мах бодийн (явган суулгаж, босгох, галуун цуваагаар явуулах) шийтгэлийн арга хэмжээ авна.

 Австри

Хөл хорионы үед иргэд журмыг зөрчвөл 2180-3600 еврогоор торгоно. (тодорхой шалтгаан буюу хүнс худалдан авах, эмийн сан орох, өөрсдөө энэ бүхэнд хүрч чадахгүй хүмүүст туслахаар гарахыг зөвшөөрнө. Ингэхдээ итгэмжлэл болон жорын бичиг гэх мэт бичиг баримтыг үзүүлнэ)

Тайвань

Хөл хорионы дүрэм зөрчсөн тохиолдолд  торгуулийн арга хэмжээ авна. (Хэдий журмаараа торгох арга хэмжээ авах ёстой ч бодит байдал дээр  хөрөнгөтэй хүмүүс болон амьдралын төвшин доогуур иргэдэд төвшинд нь тааруулан торгуулийн арга хэмжээ авч байгаа аж. Тодруулбал, санхүүгийн боломж муу иргэдэд 30-50 мянган доллар байгаа бол санхүүгийн боломжтой хүмүүст оноох торгуулийн хэмжээ зуун мянгаас сая ам.долларын торгуул оногдуулж байгаа аж)

Франц

Хөл хорионы журам зөрчсөн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авна.

Кувейт

Тус улсад манай улсын нэгэн адил орон даяар 17.00 – 04.00 цагийн хооронд хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Хөл хориог зөрчсөн этгээдийг 3 хүртэлх жилээр хорих эсвэл 10,000 динар буюу 90,000,000 төгрөг хүртэлх торгууль ногдуулах арга хэмжээ авна.

Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 1,356 хүнээс коронавирусний халдвар илэрснээр улсын хэмжээнд 35,354 тохиолдол болж байна. Харин халдварын улмаас 110 хүн нас барсан талаар эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа энэ үед ард иргэд та бүхэн өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө маскаа тогтмол зүүж, вакциндаа идэвхитэй хамрагдахыг хүсье.

эх сурвалж: cnn.com

reuters.com

Express.co.uk


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.