Борис Жонсон бүсгүйгээ баярлуулж алтан обойгоор байраа гоёод сайдын суудлаа алдах дөхөв

Борис Жонсон бүсгүйгээ баярлуулж алтан обойгоор байраа гоёод сайдын суудлаа алдах дөхөв

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон байрандаа байж боломгүй өндөр үнээр засвар хийж, гоёж чимэглэсэн хэрэгт буруутгагдан, хэвлэлийн бай болоод байна. Гэвч хэргийн эзэн, хэнгэргийн цохиур нь Борис өөрөө биш харин түүний бүсгүй Кэри Саймондс бололтой.

Хуулийн дагуу Их Британийн Ерөнхий сайд жилдээ 30 мянган паунд буюу монгол мөнгөөр тооцвол ойролцоогоор 120 сая төгрөгөөс дээшгүй мөнгөөр байраа засч янзлуулах эрхтэй юм байна. Гэтэл Борис Жонсон энэ хязгаарыг дэндүү давуулж 200 мянган паунд зарцуулчихжээ.

Ерөнхий сайд болсны дараагаар Их Британийн өмнөх олон сайдын амьдарсан Даунинг стритийн 10-т очиж суугаагүй юм. Харин Кэри болон хүүхдийнхээ хамт Ерөнхий сайд Тереза Мэйгийн амьдарч байсан зай талбай ихтэй байшинг сонгожээ.

Тэгээд Жонсоны бүсгүй Кэри өнөөх байшинг үлгэрийн ордон болгох ажилдаа орсон юм биз дээ. Үүний тулд алдартай дизайнер Лулу Лайтлд хандсан байна. Лайтлийн үйлчлүүлэгчид бүгд баячууд байдаг тул мэдээж, хямд сонголтууд санал болгоогүй хэрэг. Ерөнхий сайд болсныхоо дараахан Жонсон “өнөөх маань алтан обой авсан байна лээ” гээд яриадхаж. Үнэхээр сонголтуудын үнийг нь харвал нүдээ бүлтиймээр үнэтэй гэнэ. Зүгээр гэрлийн чийдэн нь л гэхэд монгол мөнгөөр бодоход 5 сая орчим төгрөг. Гэхдээ одоогоор Жонсоны тэрхүү үлгэрийн ордны зураг хэвлэлүүдээр гараагүй, харсан хүмүүс ч юм ямар нэгэн юм хэлээгүй л явна.

Жонсон эрүүл ухаантай хүн байна, улсын мөнгийг хууль зөрчөөд хамаагүй зарцуулснаа мэдэлгүй яахав. Ингээд өнөөх мөнгөний илүүдлийг аргалаад дарчих гэж үзжээ. Эхлээд банкнаас зээл авах гэж үзэж. Гэвч Ерөнхий сайд хүн зээл авах болвол энэ тухайгаа зохих байгууллагад заавал мэдээлэх ёстой гэсэн журам байгаад байдаг. Тэгэхээр нь аргаа өөрчилж Консерватив намын ивээн тэтгэгчдээс авах гэж нэг үзэв. Гэвч 7500 паундаас дээш мөнгө хэн нэгнээс авах бол түүнийгээ мөн мэдээлэх ёстой байдаг.

Ингээд илүү зарцуулчихсан мөнгөө олох ганц арга нь намын дэмжигчид болон бизнесмэнүүдээс хандив цуглуулах боломж таарч байх шиг. Уг нь хандивыг ядуу тарчиг амьдралтай юмуу хүнд өвчтэй хүмүүст зориулж цуглуулдаг атал Их Британийг Ерөнхийлөн удирдаж буй сайд нь хандив гуйхаар хаашаа ч юм.

Хэвлэлүүдэд энэ сэдвээр удаа дараалан нүдүүлсээр эцэстээ Борис Жонсон толгой бүтэн дээрээ сэнтийгээсээ буухад ч хүрч магадгүй болжээ. Магадгүй ажлаа өгч, ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэнийхээ дараагаар хандив цуглуулаад өнөөх байрны засварын илүүдэл мөнгөө өгөх боломж олдож мэдэх юм.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.