Европт вакцины хуурамч гэрчилгээг 200-300 еврогоор зарж байна

Европт вакцины хуурамч гэрчилгээг 200-300 еврогоор зарж байна

Өчигдрийн байдлаар Германы 20 сая орчим иргэн вакцины эхний тунг хийлгэсэн гэсэн мэдээ гарчээ. Энэ бол нийт хүн амын ¼ гэсэн үг. Ойрын хугацаанд Германы төр засгаас вакцинжуулах үйл ажиллагааг улам эрчимжүүлэхийн тулд хоёр тунгаа хийлгэсэн иргэдийг олон нийтийн газраар чөлөөтэй зорчих, ресторанаар үйлчлүүлэхийг зөвшөөрөх шинжтэй байгаа гэнэ.

Гэвч сайн юманд садаа мундахгүй гэгчээр фэйсбүүкт иргэд вакцины хийлгэсэн гэрчилгээнүүдийнхээ зургийг баяр бахдал болгон оруулснаар залилангийн гэмт хэрэгтнүүдэд ашиг олох боломжийг нээж өгч байгаа аж.

Инстаграмд л гэхэд #coronaimpfung хэш-таг-ийг хэрэглэж вакцины гэрчилгээнийхээ зургаар “гангарсан” 10 гаруй мянган пост байгааг олж илрүүлжээ. Эдгээр постуудад хүмүүсийн хувийн мэдээллүүд харагдаж буйгаас гадна вакцины дугаар, хийлгэсэн газрын хаяг зэрэг бий тул хуурамчаар гэрчилгээ хийгчдэд тун тустай байгаа гэнэ.

Үүнээс улбаалан Европын хар зах дээр коронавирусийн шинжилгээний сөрөг хариу гарсан бичиг баримтыг 200-300 еврогоор зарах явдал олон гарч байгаа ажээ. Тиймээс ч Германы нийслэл Берлиний Цагдаагийн газраас албан ёсны мэдэгдэл гаргаж, иргэдийг вакцин хийлгэсэн гэрчилгээнийхээ зургийг олон нийтийн сүлжээнд оруулахгүй байхыг анхааруулсан байна.

“Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн та бүхний баяр хөөрийг ойлгож байна. Гэхдээ вакцин хийлгэсэн бичиг баримтаа фэйсбүүк болон инстаграмд зургийг нь авч оруулахаа болино уу. Таны хувийн мэдээллийг хулгайлж, олон нийтийн сүлжээгээр зарах явдал газар аваад байна” хэмээн мэдэгджээ.

Берлиний цагдаа нар хэдэн хоногийн өмнө вакцины 46 гэрчилгээ авч явсан 27 настай залууг баривчилснаар энэ төрлийн наймаа газар авсныг мэдэж, улмаар зогсоох арга хэмжээ авч буй ажээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.