Монгол хүн бүр Азийн Хөгжлийн Банкинд талархах учиртай

Монгол хүн бүр Азийн Хөгжлийн Банкинд талархах учиртай

Израил Улсын Ерөнхийлөгч агсан Шимон Перес нэгэнтээ, “Олон улсын хандив тусламж гэдэг бол баян улсын ядуу хүмүүсийн татварт өгсөн мөнгийг ядуу улсын баян хүмүүст өгөх явдал юм. Ядуу улсын ядуу иргэдэд энэ мөнгө барагтай л бол хүрдэггүй” гэжээ. Тэрээр энэ үгээ манайханд зориулаад хэлсэн юм биш биз! гэж эргэлзэхээр байгаа биз. Ингэж хэлэх үндэслэл бий. Бид гадаадын доноруудаас асар их хэмжээний зээл, тусламж авдаг. Цаашид ч авна. Харин манай Засгийн газар энэ талаар олон нийтэд дэлгэрэнгүй тайлбар хийж ил тод тайлагнаж байсан нь цөөн. 1991-2018 онуудад Монгол Улсын Засгийн газар түнш орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас нийтдээ 5.1 тэрбум ам.долларын гадаад зээл, 2.7 тэрбум ам.долларын тусламжийг авчээ. Өнгөрсөн жил манай Төв банк 24 тн цэвэр алт худалдан авч 900 орчим сая ам.долларын борлуулалт хийсэн байдаг. Энэ хэмжүүрээр үзвэл Монгол улс гаднаас 30 тн алт тусламжаар авч хэрэглэжээ. 2019 оны улсын төсөвт 1 их наяд 96.3 тэрбум төгрөг, 2020 онд 1 их наяд 446.6 тэрбум төгрөгтэй тэнцэх гадаадын зээл, тусламжийг авч ашиглажээ. Энэ жилийн төсөвт Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2 их наяд 815 тэрбум төгрөг байхаар заасан байна. Дурдсан тоо баримтууд манай улсын гаднаас авах зээл, тусламжийн хэмжээ жил бүр нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.

Өдгөө дэлхий нийтээрээ COVID-19 цар тахлын хүнд үеийг туулж байна. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд КОВИД-19 цар тахалтай тэмцэх зорилгоор халдварын тархалтыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй хүргэх зэрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах болон аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Энэ бүхэнд гаднын зээл, тусламжийн санхүүжилт чухал үүрэг гүйцэтгэснийг анхаарлын гадна орхих учиргүй. Учир нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд Олон улсын санхүүгийн байгууллага, түнш орнуудаасаа асар их хэмжээний буюу бараг хоёр их наяд төгрөгөөр хэмжигдэх хэмжээ бүхий зээл, тусламж авч ашигласан баримт байдаг.

Тусламжийн санхүүжилтийг төсвийн дэмжлэг буюу төслийн санхүүжилт гэсэн хоёр хэлбэрээр авдаг. Төсвийн дэмжлэг гэдэгт УИХ-аар батлагдсаны дараа төрийн сангийн дансанд орж цаашид зарцуулагддаг санхүүжилт байдаг бол төслийн санхүүжилт гэдэг нь олгож буй байгууллагын данснаас төслийг гүйцэтгэгчийн данс руу ордог санхүүжилт юм.

Өнгөрсөн жил нийгмийн сүлжээнд гадны асар их хэмжээний зээл, тусламж үр дүнгүй зарцуулагдаж байгаа тухай мэдээлэл тарсан. Үүнд хариу болгож Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар цомхон танилцуулга хийж байжээ. Тэрээр төсвийн дэмжлэгээр нийт 299.5 сая ам.долларын гэрээ байгуулснаас 199.5 сая ам.долларыг нь авсан. Үлдсэн 100 сая ам.долларыг энэ оны сүүлээр авна. Харин төслийн санхүүжилтээр 119.4 сая ам.долларын өртөг бүхий 10 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан гэж танилцуулж байв.

Цар тахлын хүнд үед хамгийн их хэмжээтэй санхүүжилт олгосон донор байгууллагаар Азийн Хөгжлийн Банк(АХБ) тодроод байна. Тус банк Монгол Улсын санхүүгийн салбарт эртнээс дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж ирсэн юм. 1991 онд Монгол Улс гишүүнээр элсэн орсны дараахан Азийн Хөгжлийн Банк Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгч, чадавхыг нь бэхжүүлснээр энэхүү хамтын ажиллагаа эхэлж байв. Үүнээс хойш тус банкнаас Монгол Улсын санхүүгийн салбарт нийт 130 сая ам.долларын зээл, 109 сая ам.долларын техникийн туслалцаа, 96 сая ам.долларын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын санхүүжилт олгосон байдаг. Дэлхийн банк, ОУВС… гээд тоочвол чамгүй их хэмжээний зээл, тусламжийн дүн гардаг. Гэвч өнөөг хүртэл гадаадын зээл, тусламж хүртэх хүндэтгэлийн ёслолд ирсэн Засгийн газрын ”чамин” гишүүдийн зураг хэвлэл мэдээллийн хуудсыг чимэхээс өөрөөр дээрх байгууллагуудын талаарх тодорхой мэдээлэл нийтэд хомс хүрчээ. Энэ удаа Азийн Хөгжлийн Банк цар тахалтай тэмцэхэд манай улсад хэрхэн гараа сунгаж байсан талаар товч дурдъя.

Дэлхий нийтэд цар тахлын аюул эхлэхтэй зэрэгцэн 2020 оны 3-р сарын 26 өдөр Филиппин улсын нийслэл Манила хотноо Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-аар үүсгэгдсэн цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банкнаас нэг сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн юм. Энэхүү буцалтгүй тусламжийг өвчний оношлогоо, яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, хувийн хамгааллын хэрэгслүүд зэрэг эмнэлгийн чухал тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нэн даруй худалдан авах үйл ажиллагаанд зориулсан юм.

2020 оны 5-р сарын 8 өдөр цар тахлын эсрэг Монгол Улсад хэрэгжиж буй эрүүл мэндийн салбарын төсөлд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгох шийдвэр гарсан. Энэ өдрөөс дөрвөн хоногийн дараа Манила хотод Азийн Хөгжлийн Банкны удирдлага цар тахлын эрүүл мэндийн салбар болон эдийн засагт үзүүлж буй ноцтой сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын зээл олгох шийдвэрт гарын үсэг зурсан билээ.

2020 оны 6-р сарын 22 өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Азийн хөгжлийн банк Монгол Улсын нийгэм, эдийн засаг түүний дотор хүн амын эмзэг бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 26.4 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэв. Хүүхдийн мөнгөн тэтгэмж болон Хүнсний эрхийн бичиг олгох хөтөлбөрийн дагуу сар бүр олгодог тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгоход шаардагдах эх үүсвэрийн тодорхой хэсгийг ийнхүү санхүүжүүлжээ.

2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр цар тахлын нөлөөнөөс үүдэлтэй гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилго бүхий 440,000 ам. долларын санхүүжилттэй техникийн туслалцааны дэмжлэгийг батлав.

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих зорилгоор 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг нэмж олгох шийдвэр гарлаа.

2021 оны 3 дугаар сарын 23 өдөр Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлж буй КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор ядуу, эмзэг бүлгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжийг сайжруулахад зориулан 73 сая ам.долларын зээлийг батлав. “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийн тодорхой хувийг энэхүү зээлээр санхүүжүүлсэн юм. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монголын нэг сая гаруй хүүхдүүд авч байна. Мөн хүнсний эрхийн бичгийг ч ялгаагүй тус зээлийн багцаас санхүүжүүлэгджээ. Уг эрхийн бичгээр иргэд сүү, ногоо зэрэг өргөн хэрэглээний 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн авдаг. Хүнсний эрхийн бичиг олгох хөтөлбөрт нийт 240,500 иргэн хамрагдсанаас 118,000 нь хүүхдүүд байна. Тиймээс шийдвэр гаргасан төр засагтаа баярлахаас илүүтэй цар тахлын хүнд үед олон мянган хүнд хүрсэн хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн донорууддаа талархлаа харамгүй илэрхийлэх ёстой юм.

2020 онд Азийн Хөгжлийн Банк нийтдээ 300.0 сая ам.долларын зээл, тусламжийг баталжээ. Үүнээс 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн хөтөлбөр, цар тахлын нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмжийг худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг тус тус хэрэгжүүлсэн байна. Үлдсэн эх үүсвэрээр “КОВИД-19-ын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл” болон төсвийн дэмжлэгийн хөтөлбөр болох “Эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх юм.

2021 оны 3 дугаар сарын 30-нд тус банк Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон коронавируст (КОВИД-19) цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээг дэмжихэд чиглэсэн 100 сая ам.долларын зээлийг баталжээ. АХБ-ны Зүүн Азийн газрын дарга Жеймс Линч энэ үеэр хэлэхдээ, “Энэхүү төслөөр эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, ирээдүйд эрүүл мэндийн салбарт тохиох хямралын эсрэг хариу арга хэмжээ авах Монгол Улсын бэлэн байдлыг сайжруулахад дөхөм болох дунд хугацааны шинэчлэлийг эрчимжүүлэх юм” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Төсвийн орлого тасарч эдийн засгийн идэвхжил унасан энэ хүнд үед манайд олгож буй зээл тусламжийн хэмжээгээр ийнхүү Азийн Хөгжлийн Банк тэргүүллээ. Монголын төр цар тахлын хүнд хэцүү үед “хүүхдийн мөнгө”-ний хэмжээ болон нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, аж ахуй нэгжийг нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татварын торгууль шимтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргасан. Эдгээр арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэр төсөвт дутагдах үед дээр дурдсан хэд хэдэн удаагийн томоохон зээлээр санхүүжүүлжээ. Үүнээс гадна, тус банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, цар тахлын үед нийгмийн хамгааллын төсөл хэрэгжиж байна. Тухайлбал, COVID-19 вирусыг оношилж эмчлэх зориулалт бүхий 3500 орчим тоног төхөөрөмж, 68 мянган ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл, 21 аймагт түргэн тусламжийн машин авч, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах төслүүд амжилттай хэрэгжиж байна.

Харамсалтай нь, монголчуудын дунд цар тахалтай тэмцэх олон асуудлыг санхүүжүүлсэн Азийн хөгжлийн банкны талаар ямар нэгэн мэдээлэл өнөө хүртэл бүдэг бадаг явж ирлээ. Харин нэг нам, нэг улс төрч Монголын хүүхэд бүрд мөнгө өгч, зорилтот бүлгийнхнийг халамжилж, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлж, нийтийг вакцинжуулж байгаа мэтээр хэт нэг талыг барьсан суртал ухуулга хэрээсээ хэтэрч байна. Эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд энэ сэдвийг өмчилж аваад нэр дэвшигчдээ наахыг чармайж байгаа бололтой. Гэвч “тархи угаалт”-ынхаа хэр хэмжээгээ хэтрүүлээд гадны санхүүжүүлэгч байгууллагуудаа үргээчих юм биш биз. Өнөөдөртөө манай ард түмэнд хийрхсэн улс төрөөс илүүтэй тэдний амьдралд нэмэр болох бодит зээл, тусламж хэрэгтэй байгаа юм. Ядарч явахад тусалсан хэнийг ч Монгол хүн хүндэтгэн талархдаг сайхан уламжлалтай. Хэрэв Засгийн газар нь талархлын ганц ч үг хэлэх нь хүндрэлтэй байгаа бол монгол хүн бүр “маш их баярлалаа” гэдэг үгийг Азийн Хөгжлийн Банк болон донор улс орон, олон улсын санхүүгийн байгууллага бүхэнд ам бардам хэлнэ. Бид тусгаар тогтносон ардчилсан Монгол улсад амьдарч байгаа учир ийнхүү хэлж чадаж байгаа билээ.

Цар тахлын хүнд үед Монгол улсад Дэлхийн Банкнаас 70 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламж, Европын Холбооноос 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж, ОУВС-аас 99 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Японы Засгийн газраас 9.3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, БНХАУ-аас 700 мянган ам.долларын буцалтгүй тусламж, АНУ-ын ЭСЯ-наас 1.2 сая ам.доллар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 200 мянган ам долларын зээл тусламж… олгоод байна. Энэ жагсаалт үргэлжилсээр байна.

2021 оны 5 сарын 3.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.