У.Хүрэлсүх: Галыг өөр дээрээ авч, огцорч, шинэ Засгийн газрыг байгуулж, Ковидтой тэмцэх ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй болсон

У.Хүрэлсүх: Галыг өөр дээрээ авч, огцорч, шинэ Засгийн газрыг байгуулж, Ковидтой тэмцэх ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй болсон

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “ТВ-9” телевизэд өгсөн ярилцлагын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

У.Хүрэлсүх:

  • Шүүхийн тухай хуулийг батлуулж, Ерөнхийлөгчийн шүүгчийг томилдог эрх мэдлийг нь хязгаарласнаас У.Хүрэлсүхийг унагах гэсэн Ерөнхийлөгчийн улс төрийн тэмцэл эхэлсэн.
  • Цар тахлын үед дөнгөж төрсөн нярай хүүхдийг эхтэй нь хамт нүцгэн шахуу зөөвөрлөсөн явдал нь Монголын ард түмнийг үнэхээр бухимдуулсан. Үүнийг эсэргүүцэж ард иргэд Сүхбаатарынхаа талбай дээр жагссан. Улсын Онцгой комиссын татан буулга, огцруулахыг шаардсан. Үүн дээр давхар улстөр хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, манай сөрөг хүчнийхэн улс төр хийсэн. Ард иргэдийн төр засагтаа тавьж байсан шаардлагыг улс төрийн зорилгоор гуйвуулж, цааш нь Улсын Онцгой комиссыг огцруулахаас гадна Засгийн газрыг огцруулах. Дээр нь парламентын тараах, цаашлаад Монгол Улсад нэг хүний дарангуйллыг тогтоох гэсэн зорилготой улс төр явж байсан.
  • Тухайн үед гудамж, талбайд тэмцэл гарч зодоон, мөргөлдөөн үүсэж, улс орноо нийгмийн бухимдалтай үед хаашаа ч алдаж магадгүйд хүрсэн. Хэдэн сайд нараа явуулаад,  албан тушаал дээрээ үлдэх боломж надад байсан. Харин үүний оронд эр хүн шиг бүх галыг өөр дээрээ авч, огцорч, маш шуурхай шинэ Засгийн газрыг байгуулж, Ковидтой тэмцэх ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй болсон. Үүний тулд Ерөнхий сайд би, танхимаа золиослох улс төрийн шийдэлд хүрсэн.
  • Төрийн тэргүүнд ҮАБЗ-ийн гишүүд төрийн хуулийг зөрчиж болохгүйг маш олон удаа сануулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч сөрөг хүчин байж болохгүй. Сөрөг хүчнийхээ ажлыг парламентдаа л хий. Сөрөг хүчин байгаад, гудамж талбайд хүмүүсийг турхирдаг нь Ерөнхийлөгч хүнээс гарах авир биш.
  • У.Хүрэлсүх дарангуйлагч болох гэж байна гэсэн яриа байгалийн баялагтай тэмцэж эхэлснээс гарч эхэлсэн. Би хулгайд алдагдсан байгалийн баялгийг эргүүлж, ард түмнийхээ мэдэлд авч ирсэн. Байгалийн баялагтаа ард иргэд эзэн болоосой гэсний төлөө зүтгэсний төлөө дарангуйлагч нэртэй болсон.
  • Нэг намын дарангуйлал тогтоно гэвэл манай намын мянга, мянган гишүүнд зөвшөөрөхгүй. Монголд нэг намын дарангуйлал оршин тогтох боломжгүй. Эрх, эрх чөлөөг Монголын парламент хангадаг.
  • АН-ын асуудал хүндэрвэл Монгол Улсад хохиролтой гэж үздэг, АН улам бэхжих ёстой.
  • Би ямар ч улстөрчтэй улс төрийн ринг дээр барилдахад шударга барилдаан үзүүлнэ гэж боддог. Би хэнээс ч зүрхшээдэггүй. Давбал тугаа тойроод явна, өвдөг шороодвол эр хүн тахимаа өгөөд явах ёстой, улс төр бол ийм.
  • Манай Засгийн газар 938 лицензийг  цуцалсан. Увс аймгийн газар нутаг шиг байгалийн баялгийг төрд буцаан авсан.
  • Бид “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Бор өндөр”, Асгат, Салхит, Тост, Тосон бумба, Гутайн даваа, Хармагатын ордууд, Ноён уулыг улсдаа, ард түмэндээ эргүүлэн хураан авсан. Би “хурааж авсан” гэж хэлэх их дуртай хүн байгаа юм. Ард түмнийх нь ганц саалийн үнээг эргүүлж, олж авсан.
  • 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Оюутолгойн захиралтай Төрийн ордонд эхний бөгөөд эцсийн удаа уулзсан. Би тэр нөхөрт “Оюутолгойн гэрээ Монголын ард түмний эрх ашигт үл нийцэж байна, Оюутолгойн гэрээг өөрчлөх, Дубайн гэрээг цуцлах ёстой. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь улсаа хашдаг юм” гэж хэлж байсан. Ингэж Монгол Улс анх Оюутолгойн асуудлаар хатуу байр сууриа илэрхийлсэн.
  • Ц.Анандбазарыг гишүүнээс нь түтгэлзүүлээд шалгуул гэж намын даргын хувьд зарчмын байр сууриа илэрхийлсэн. Намаасаа ч түдгэлзүүлэх асуудал ярьсан. Буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээх ёстой. 
  • Халамжийн бодлогоос хөдөлмөрийн бодлогод шилжих нь чухал. Монгол төрөөс халамж авах ёстой дөрөвхөн бүлэг бий. Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эх эцэг. Бусад нь бүгд гараа хөдөлгөж хөдөлмөрлөх ёстой.
  • Улс орноо сайхан болгоход 4-12 жил хангалттай гэж харж байгаа. Эх орныхоо төлөө өөрт байгаа бүхий л боломж, сэтгэл зүрхээ зориулж ажиллах болно.

Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.