О.Эрдэнэхишиг: 102 дугаарт зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд биш, хүчирхийлэлд өртсөн хүн бүр мэссэж илгээж болно

О.Эрдэнэхишиг: 102 дугаарт зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд биш, хүчирхийлэлд өртсөн хүн бүр мэссэж илгээж болно

Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхөд хүндрэлтэй байдаг.  Тиймээс дээрх иргэд 102 тусгай дугаарт хандан мэссэжээр хүчирхийллийн дуудлага өгөх боломжийг ЦЕГ-аас бүрдүүлсэн. Тэгвэл тус дугаарт өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн холбогдон туслалцаа авсан талаар бид ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодрууллаа.

Цагдаагийн байгууллага 102 тусгай дугаарт мэссэж хэлбэрээр мэдээлэл авах үйлчилгээг нэвтрүүлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хооронд хэчнээн иргэн холбогдож туслалцаа авсан бэ?

Цагдаагийн байгууллагаас иргэдээс ирэх дуудлага, мэдээлэл авах журмыг шинэчлэн зохицуулснаар 2020 оны хоёрдугаар сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс мэссэж хэлбэрээр мэдээлэл авдаг болсон. Өөрөөр хэлбэл хүчирхийлэлд өртсөн хүн бүр хандах боломжтой. Ингэснээр тэдгээр иргэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн үедээ зохих ёсны хамгаалалтыг авах бүрэн боломж нь нээгдэж байгаа юм. Одоогоор 102 тусгай дугаар хандан ирүүлсэн мэссэж харьцангуй цөөн байна.

Мөн 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдээс мэдээлэл авдаг болсон. Одоогийн байдлаар тус дугаарт ирсэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллүүдийг шалгахад 80 орчим дуудлага нь  гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байсан.

Он гарснаар цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хэчнээн бүртгэгдсэн бэ?

2021 оны дөрвөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил 484 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 101 хэргээр буюу 26.4 хувиар өссөн гэсэн үг. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 445 иргэн хохирсноос 377 нь эмэгтэй, 42 хүүхэд байна.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн 56.2 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байна.  


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.