Дэлхийн түүхэн гэрэл зургууд. Амиа алдахын өмнө алуурчиндаа гарын үсгээ зурж өгөв

Дэлхийн түүхэн гэрэл зургууд. Амиа алдахын өмнө алуурчиндаа гарын үсгээ зурж өгөв

Та бүхэнд Дэлхийн түүхэн гэрэл зургуудаас хүргэж байна.

Дэлхийн Хоёрдугаар дайн дэгдснээр Их Британид өндөг, сүү, элсэн чихэр, сахарыг картаар олгодог болжээ. Харин дайн дууссанаас хойш хэдэн жилийн дараагаар чихэр, сахар гарч, чөлөөтэй зарж эхлэхэд тэр даруй 100 сая ам.долларын борлуулалт хийсэн гэдэг. Зураг дээрээс та бүхэн 1953 онд Английн нэгэн хотын амттаны дэлгүүр онгойж буйг харж байна.

Дэлхийн Нэгдүгээр дайнд зөвхөн хүн биш мөн олон тооны өөр амьтад үй олноороо сүйрч, устгагдсан юм. Дайны хөлд үрэгдсэн морьдын гэгээн дурсгалыг хүндэтгэж 1913 онд цэргүүд ийм зураг авахуулжээ.

1960-аад он. Гэлэнмаа нар шинэ загварын хувцас өмссөн эмэгтэй рүү сониучирхан ширтэнэ.

1931 оны нэгдүгээр сард домогт Чарли Чаплины City of  Lights киноны нээлтийн үеэр авахуулсан зураг. Альберт Эйнштейн урлагийнхнаас ганцхан Чарли Чаплинтай биечлэн уулзахыг хүсдэг тухайгаа ярьдаг байж. Ингээд хүсэл нь биелжээ. Тэд уулзаж ярилцахад Эйнштэйн “Таныг би биширдэг. Ганц ч үг хэлээгүй атал дэлхий дахин таныг ойлгодог” хэмээн дуугүй киног нь магтжээ. Тэгэхэд нь Чаплин “Тийм ээ, гэхдээ таны ярьж буйг хүмүүс огт ойлгодоггүй хэрнээ биширдэг нь бүр гайхамшигтай” гэж хариулсан гэдэг.

1924 он. Сена мөрөн үерлэж, эргээ даван урссан тул хот бүхэлдээ усанд автжээ. Гэвч хүмүүс сандлаар гүүр босгож, түүгээрээ зорчсон юм.

1950-аад он. Ингэж чихэлдэж шахцалдах ямар хэрэг байсан юм бэ гэж үү? Ямар ч хэрэг байгаагүй. Утга учиргүй. Зүгээр л хэсэг залуус утасны бүхээгт хэдүүлээ багтаж болохыг үзэж, хөгжилдсөн хэрэг.

Энэ чихмэл биш жинхэнэ морь. Жин нь 1.4 тонн, өндөр нь 1.95 см. Жирийн хүний биеийн жингээс 16 дахин хүнд. Гэхдээ энэ морийг дэлхийн хамгийн үлэмж биетэй гэж бас хэлж болохгүй. Үлэмж биетэй болохоор нь хүмүүст 10 центээр үзүүлж, зураг авахуулж мөнгө олдог байжээ.

Жон Леннон амиа алдсан тэр өдрөө алуурчиндаа гарын үсгээ зурч өгч байгаа энэ агшныг Пол Гореш хэмээх нэгэн хүн санаандгүй даржээ. Хэдэн цагийн дараагаар түүнээс гарын үсгийг нь авсан Марк Дэвид Чэпмэн алдартай дуучныг буудан хөнөөх болно. Энэ бол 1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд болсон явдал. “Битлз” бурханаас илүү алдартай” гэсэн Ленноны үг нь Марк Дэвид Чэммений эгдүүцлийг төрүүлж, хөнөөх санаа төрүүлсэн гэдэг.

Адольф Гитлерийн засгийн сайд Йозеф Геббельс зургийн дуран руу үзэн ядсан харцаар ширтэнэ. Хэргийн учир нь зураг дарж буй зурагчин нь еврей байж. Энэ бол 1933 он. Зурагчин Альфред Эйзенштадт удалгүй АНУ руу цагаачлан гарч, тэндээ Life сэтгүүлд амжилттай ажиллажээ.

1967 оны есдүгээр сарын 3. Швед улс энэ өдөр замын хөдөлгөөний дүрмээ өөрчилж, зүүн гарын дүрмээ баруун болгожээ. Тэгээд юу болсныг зураг дээрээс харахад ойлгомжтой. Олон мянган хүн ажилдаа хоцорч очсон гэдэг. Бодоход их энгийн ойлгомжтой мэт ч гэлээ хүний сурсан дадал зуршлыг өөрчлөх хэцүү байдгийг зураг гэрчилнэ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.