Алуурчин-Халим 16 жил хооллосон сургагчаа “барьжээ”

Алуурчин-Халим 16 жил хооллосон сургагчаа “барьжээ”

АНУ-ын Орландогийн SeaWorld  тэнгисийн амьтдын хүрээлэнгийн сургагч эмэгтэй Дон Браншо 5.4 тонн жинтэй Тиликум нэртэй халимд “бариулж”, амиа алдсан эмгэнэлтэй явдал гарлаа.

“Тиликумыг тулаад ирэхэд Дон Браншо огт ажиг сэжиг авалгүй доошоо хараад хэвтэж байсан. Урт үсээ ус руу унжуулчихсан харагдсан” хэмээн тухайн өдөр амьтдын хүрээлэнд ажиглагч-хамгаалагчаар ажилласан Ян Тополецкий ярьсан байна.

Гэтэл гэнэт халим урт үснээс нь үмхэж аваад, сургагчаа чирэн аквариумын гүн рүү шумбажээ. Үүнийг анзаарсан Тополецкий түгшүүрийн товчлуурыг дарчихаад эргээд хартал Дон Браншо харагдсангүй. Түгшүүрийн дохиогоор ажилтнууд бассэйн руу үсрэн орж, Тиликум халимын анхаарлыг татахын тулд идэх юм шидсэн ч гэсэн тус болсонгүй.

Хэдхэн секундын дотор болж өнгөрсөн энэ явдлыг цагдаа нар шалгахдаа хяналтын камерын бичлэгийг үзэхэд 13:38-д Дон Браншогийн үснээс үмхэж ус руу татан оруулаад 13:43 гэхэд сургагч эмэгтэйн амьгүй цогцос хөвж байжээ. Дон Браншогийн хүзүү хугарч, бие нь олон газраа хугарч, шархджээ.

Тиликум халимыг хоёр настай байхад нь авчирсан бөгөөд одоо 28 нас хүрч, 7 метр урттай, 5.4 тонн жинтэй тэнгисийн амьтдын хүрээлэнгийн хамгийн том халим болжээ. Харин 41 настай Дон Браншогийн хувьд сүүлийн 16 жилийн турш Тиликум халимтай ажиллаж байжээ.

Тиликум халим яагаад гэнэт сургагчаа барих болсон талаар “Ус рүү унжуулсан үсийг тоглоом гэж бодсон байж магадгүй эсвэл 26 жилийн турш эрх чөлөөгөө хасуулсан халимд гэнэт ан хийх төрөлх зөн нь төрсөн байж магадгүй” хэмээн таамаглаж буй гэнэ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.