БХБ-ын дэд сайд Э.Золбоо арматур импортлогчидтой уулзлаа

БХБ-ын дэд сайд Э.Золбоо арматур импортлогчидтой уулзлаа

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр арматур импортлогчидтой уулзлаа. Монголын арматурын зах зээлийн 40-50 хувийг эзэлдэг Улаанбаатар менежмент, Үүртээл ХХК-ны удирдлагуудтай уулзсан юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр арматурын 1 тонн тутмын үнэ хэдхэн хоногийн өмнө 3сая 300 мянгад хүрсэн. Харин өнөөдрийн байдлаар 3сая 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Хэдий арматурын үнэ буурч байгаа ч цаашид дэлхий зах зээлийг таах боломжгүй байна гэж импортлогчид ярилаа. Учир нь дэлхийн зах зээл дээр арматурын үнэ хэлбэлзэлтэй байна.

Тиймээс гол нийлүүлэгч болох Хятад болон Оросын зах зээлийн нөхцөл байдлыг харах юм байна. Арматур импортлогчид арматурыг нөөцлөхгүйгээр, дотоодын зах зээлээ таслахгүй байх чиглэлийг барьж ажиллаж байгаагаа хэллээ. Барилга, хот байгуулалтын яамны зүгээс арматур импортлогчдоо дэмжихийн тулд хил, гаалийн татвараас чөлөөлөх боломжтой эсэхийг судалж, холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлээд байна. Харин импортлогчдын зүгээс тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэдгийг учирласан юм.

Коронавирус цар тахлын улмаас Хятад болон Оросоос арматур орж ирэхэд 14 хоног цаашлаад хоёр сар хүртэл хугацаагаар саатдаг аж. Тиймээс дотоодын зах зээлд хомсдол үүсэх эрсдэл гардгийг хэллээ. Барилга, хот байгуулалтын дэд сайд Э. Золбоо Төрийн байгууллага, хувийн хэвшлээ дэмжиж хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллана гэлээ. Мөн цаашдаа ган боловсруулах үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх боломжтой эсэхийг судалж, гадагш гаргах мөнгөн урсгалаа ч дотоодоо барих асуудал дээр мөн санал солилцсон юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.