Леди Гага 19 настайдаа хүчиндүүлж жирэмсэн болсон тухайгаа ярьжээ

Леди Гага 19 настайдаа хүчиндүүлж жирэмсэн болсон тухайгаа  ярьжээ

Apple TV+ болон Их Британийн Ханхүү Харри, телевизийн нэрт хөтлөгч Опра Уинфри нар хамтран The Me You Can`t See төслийн хүрээнд телевизийн цуврал нэвтрүүлэг хүргэхээр болж, эхний дугаараа олны хүртээл болголоо.

Энэ нэвтрүүлэг нь хүмүүсийн сэтгэлийн шарх, сэтгэлзүйн бэрхшээлтэй асуудлуудын талаар өгүүлэх юм. Нэвтрүүлгийн эхний дугаарт Опра Уинфри есөн настайдаа хүчиндүүлсэн тухайгаа ярьсны зэрэгцээ хүчиндэгчийг хэн байсныг анх удаа зарлажээ.

“Тэр миний үеэл ах байсан. Би жаахан охин болохоор хүчиндүүлж байгаагаа, хүчирхийлэгчийн гарт орсноо ч мэдээгүй. Дөрвөн жилийн турш тэр явдал үргэлжилсэн ч ээж, эмээдээ хэлж чадаагүй. Учир нь секс гээчийг мэдэхгүй жаахан хүүхэд байсан” хэмээн Опра Уинфри өгүүлжээ.

Мөн нэвтрүүлэгт 35 настай дуучин Леди Гага буюу Стефани Жерманотта оролцож, 19 настайдаа хөгжмийн продюсерт хүчиндүүлж, бие сэтгэлийн гүн шархтай үлдснээ ярьжээ.

“Тэгэхэд би дуучны замналаа эхэлж байлаа. Энэ бизнест дөнгөж хэлж тавьж байсан юм. Продюсер намайг “Хувцсаа тайл” гэсэн. Би “Үгүй” гэсэн. Тэгсэн чинь “Чамайг явбал чиний бүх дууг устгана” гэсэн. Тэгээд хувцсаа тайлахыг шаардаад л байсан. Би хөшөөд хөлдчих шиг л санагдсан. Тэгээд юу болсныг ч сайн санаддаггүй” хэмээн Леди Гага нулимс унаган өгүүлжээ.

Тэрбээр хүчирхийлэгч продюсерийн нэрийг огт дурсаж байгаагүй бөгөөд түүнтэй дахиж уулзана гэхээс айж, зугтдаг тухайгаа ярьсан байна. “Би олон долоо хоногийн турш шаналж, зовсон. Маш олон долоо хоног шүү. Тэр хүн намайг жирэмсэн болгоод буланд хаясан. Хүмүүс намайг доромжлон, гоочилж байлаа. Удтал шаналж зовсны эцэст нулимсаа арчаад, цаашаа алхаж чадна гэдгээ харуулахыг хүссэн юм” хэмээн Леди Гага өгүүлжээ.

Леди Гага хөл хүндтэй болсноо мэдээд аборт хийлгэжээ. Тэрбээр олон сарын турш сэтгэлзүйчид хандаж, сэтгэлийн шархаа анагаахыг хичээсэн байна.

“Би сэтгэлзүйн маш том цохилтод орсон. Хэдэн жилийн турш өмнөх шигээ байж чадаагүй. Тэс өөр хүн болчихсон. Одоо ч гэсэн сэтгэл тавгүйтэхэд тэр үеийн тэр аймшигтай мэдрэмж эргэж ирдэг. Надаас олон шинжилгээ авсан ч юу ч илрээгүй, гэхдээ миний бие тэр зовлон шаналлыг одоо ч маш сайн санаж байгаа” хэмээн ярьжээ.

“Чи өөрөө л урагшлахгүй бол хуралдсан хар үүл хэзээ ч нүүж оддоггүй юм билээ. Өмнө нь амиа хорлох гэдэг байлаа. Тэглээ гээд нэмэргүй. Тэгэх тусам сэтгэл санаа улам л хэцүү болдог юм. Зургаан сар үнэхээр сайхан байлаа ч сэтгэл нэг л тавгүйтэхэд тэр хар үүл эргээд нүүгээд ирдэг. Үхлийн тухай бодол их төрнө. Үнэхээр тэгж чадахаа эсэхээ мэдэхгүй юм. Энэ бодлоосоо салахаа ч мэдэхгүй юм. Салж чадах юм болов уу” гэж тэр ярьжээ.

2019 онд A Star Is Born киногоороо “Оскар” гардах хүртэл түүнийг тэр хар үүл дагасаар байсан гэнэ.  “Тэр аймшигтай явдлаас ангижрах гэж хоёр жил хагасыг зарцуулсан. “Оскар” гардах хүртэл сэтгэлдээ хичнээн их шаналсныг хүмүүс мэдэхгүй л дээ” гэж Леди Гага өгүүлжээ.

“Одоо би өөртөө хэлдэг юм. “Стефани зоригтой байна шүү, зоригтой бай!” гэж. Миний сэтгэл санаа одоо хамаагүй дээрдсэн. Гэхдээ л хүмүүсийн боддог шиг энэ бол эмчлээд үгүй болгочихдог вирус биш. Үргэлж сэтгэлийн буланд байж л байдаг.

Үүнийг ярьж байгаа нь өрөвдүүлж, уяраах гэснийх биш шүү. Үнэнээ хэлэхэд, ярихад ч хэцүү байна. Ичгэвтэр санагдаж байна. Мөнгөтэй, алдар нэртэй байж энэ юундаа усан нүдлээд байгаа юм бэ? гэж зарим нь хэлэх байх. Намайг өрөвдөж хэн нэгэн уйлаасай гэж би үүнийг яриагүй ээ. Зүгээр л зүрх сэтгэлээ хэн нэгэнд нээж, ярьж байгаарай гэж хэлэх гэсэн юм. Ийм шаналалд унасан хүмүүст тус дэм их хэрэгтэй. Ний нуугүй ярьж, дотроо онгойлгох хэрэгтэй. Таньтай найз чинь зовлон шаналлаа ярихыг хүсч байгаа шүү гэж хэлэх гэсэн юм” хэмээн Леди Гага өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.