Барилга, хот байгуулалтын яам, зам тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг 2021-2024 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ

Барилга, хот байгуулалтын яам, зам тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг  2021-2024 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ

 Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яамны хамтарсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Энэхүү ажлын хэсэг нь Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан  барилга, хот байгуулалт, зам, тээврийн дэд бүтэц байгуулах чиглэлээр хийгдэхээр  тусгагдсан үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах,  нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын хүрээнд хамтарч ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг юм. Ажлын хэсгийг ахалж ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн дэд даргаар БХБ-ын дэд сайд Э.Золбоо нар тэргүүлэн ажиллаж байна.

Хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндий дэх хот байгуулалт, дэд бүтцийн  нэгдсэн төлөвлөлтийн төслийн тухай, Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын явц болон Улаанбаатар хотын зам, тээврийн төлөвлөлт, Дорноговь аймгийн Замын-Үүдийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг үндсэн зургаан бүлэг бүхий асуудлыг хэлэлцсэн байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндий дэх хот байгуулалт, дэд бүтцийн  нэгдсэн төлөвлөлтийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Нийслэлийн “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болон ”Некст степ инженеринг” ХХК-д холбогдох нарийвчилсан судалгаа, мэдээ, мэдээллээр хангаж ажиллах чиглэл өгсөн байна.  Мөн Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилтай танилцаад тус хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай  холбогдох нарийвчилсан судалгаа, мэдээ, мэдээллээр тухай бүр  хангаж ажиллах, Улаанбаатар хотын зам, тээврийн төлөвлөлтийн асуудлыг судлан үзэж Нийслэлийн “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ –т нарийвчилсан санал өгч, хамтран ажиллахаар болжээ.

Түүнчлэн Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилтай танилцаад  авто зам болон төмөр замын төлөвлөлттэй  холбоотой асуудлаар санал өгөх, ЗТХЯ болон ГЗБГЗЗГ-аас үүсгэсэн олон улс, улсын чанартай авто замын мэдээллийн сан дахь өгөгдлүүдийг нэг бүрчлэн харьцуулан үзэж, нэгтгэн боловсруулж мэдээллийн санд тусгах асуудлаар хамтран ажиллахаар шийдвэрлэлээ. Сумдыг улсын чанартай авто замтай холбох авто замуудын трассын дагуух газрыг ГЗБГЗЗГ-аас Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулж давхцлыг шалгаж тайлан боловсруулан ЗТХЯ-нд хүргүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.