“Челси”-гийн автобусыг зайрмаг долоосон харуулууд саатуулжээ

“Челси”-гийн автобусыг зайрмаг долоосон харуулууд саатуулжээ

Английн Премьер лигийн 2020/21 оны улирлын сүүлчийн тойргийн тоглолтоо “Вилла Парк”-т хийхээр “Челси”-гийнхэн уламжлал ёсоор автобустайгаа очжээ. Гэвч Томас Тухель болон Лондоны багийнхны эгдүүцлийг төрүүлсэн нэгэн явдал болсон байна.

Стадионы харуул хамгаалалтын албаны хоёр ажилтан тэдний автобусыг стадион руу оруулахаас татгалзаж, 10 гаруй минутын турш саатуулжээ. Тиймээс “Челси” клубын удирдлага Премьер лигт гомдол гаргаад байгаа гэнэ.

Харуул хамгаалалтын хоёр ажилтан “Автобус оруулж болно гэсэн тушаал дээрээс ирээгүй” гэж хэлээд хоёулаа зайрмаг долоогоод хайхарсан шинжгүй зогсоод байжээ. Улирлын сүүлчийн тойргийн маш чухал тоглолтод оролцохоор очсон атал харуулууд асуудлыг түргэхэн шийдье гэлгүй хойрго хандсан төдийгүй элдэвлэсэн шинжтэйгээр зайрмаг долооцгоосон нь “Челси”-гийнхний дургүйцлийг төрүүлсэн байна.

Стадионы үүдэнд ийнхүү 10 гаруй минут алдсан тул “Челси” тоглолтыг 15 минутаар хойшлуулж эхлүүлэхийг хүссэн ч лигийн удирдлага “Сүүлчийн тойргийн бүх тоглолт зэрэг эхлэх ёстой” гээд хэрэгсээгүй гэнэ.

Ингээд харуул хамгаалалтынхан дээрээс тушаал ирсний дараагаар дотогш оруулж, улмаар “Челси” өрсөлдөгчдөө 2:1-ээр хожигдсон юм. Гэвч нөгөө талд “Тоттенхэм”-ийнхэн “Лестер”-ийг 4:2-оор хожсноор “Челси” Аваргуудын лигийн эрхээ авч чадсан.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.