Энэтхэгт “хар мөөгөнцөр” өвчнөөр халдварласан 9 мянга орчим тохиолдол бүртгэгджээ

Энэтхэгт “хар мөөгөнцөр” өвчнөөр халдварласан 9 мянга орчим тохиолдол бүртгэгджээ

Энэтхэгийн Гужарат, Махараштра мужуудад үхэлд хүргэх аюултай мөөгөнцрийн өвчин болох мукормикозоор халдварласан тохиолдлын тоо 8848-д хүрээд байна гэж Энэтхэгийн химийн аж үйлдвэрийн сайд Садананда Говда “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Энгийн үед нэн ховорт тооцогддог хар мөөгөнцөр нэрээрээ илүү танил мукормикоз өвчин бол хамрын хөндийд ургаж, тархи, уушги, элэг гэх мэт бусад эрхтэнд нөлөөлдөг, тэгэхдээ халдварласан хэсгийнхээ ойролцоох эд эрхтэн, яс, зөөлөн эд, махыг эмчилгээ авахааргүй болтол идэж устган гэмтээдэг ноцтой аюултай өвчин юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар мөөгөнцрийн өвчин мукормикозыг коронавирусээр халдварласны улмаас урт хугацаанд стероид хэрэглэсэн, хүчилтөрөгч залгах эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүд тусаж байгаа аж. Түүнчлэн урт хугацаанд их хэмжээгээр стероид хэрэглэсэн чихрийн шижинтэй хүмүүсээс илрэх тохиолдол их байгаа аж.

Энэтхэгт одоогоор тус улсын нийслэл Нью-Дели, Гужарат, Ражахастан, Телангана, Махараштра, Карнатака, Уттаракханд, Мадхья-Прадеш, Андхра-Прадеш, Бихар мужуудад мукормикозын тохиолдлууд илрээд байна.

Тус өвчин энэтхэгийн 16 орчим мужид голомт үүсгэн халдварлаж байгаа бөгөөд эрх баригчдын тушаалаар нийт 29 мужид хар мөөгөнцрийг эпидемик халдвар хэмээн албан ёсоор зарлаад байна. Эмнэлгүүд цар тахлын халдвар авсан өвчтөнүүдээр дүүрч, ачааллаа дийлэхгүй байгаа тул хар мөөгөнцөрт зориулсан тусдаа тасаг байгуулж буй хэдий ч шинэ тасгууд түргэн хугацаанд дүүрч, өвчтөнүүдэд хүрэлцэхгүй байгаа гэнэ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.