Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам тавьж, газар чөлөөлтүүдийг тууштай хийнэ

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам тавьж, газар чөлөөлтүүдийг тууштай хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай очиж танилцан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Нийслэлийн хамгийн олон оршин суугчтай, шилжин суурьшигчид ихтэй, хүн амын 77 хувь нь гэр хороололд амьдардаг Сонгинохайрхан дүүргийн хувьд төвлөрлийг сааруулж, дэд бүтцийг хөгжүүлэн, орон сууцжуулах ажлыг эрчимтэй хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа билээ. Иймд өмнө нь төлөвлөгдөж, одоо бүтээн байгуулалт эхлүүлсэн болон ирээдүйд гүйцэтгэх төслүүдийг Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт дэмжлэг үзүүлж богино хугацаанд хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд тодотгосон.

Энэ өдөр Баянхошуу дэд төв, орлогод нийцсэн Ногоон орон сууцны төслийн 9 дүгээр хороонд хийгдэж буй газар чөлөөлөлт, Их тойруугийн хурдны автозамын сүлжээ үүсгэх явц, дүүргийн Соёлын ордны барилгын гүйцэтгэл, Түрээслээд өмчлөх 126 айлын орон сууцны барилга угсралт, Толгойт дэд төвийн төсөл, Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол байгуулах, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэл, СХД-ийн 18 дугаар хороонд Геологийн төв лабораторийн уулзварт баригдах нүхэн гарцын төлөвлөлтийн байдлыг тус тус шалгалаа.

Эдгээр гүйцэтгэлийн ажилтай танилцаад төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин баригдаж буй дүүргийн Соёлын төвийг улсын хэмжээний статустай болгож, Соёлын яамны харьяанд авахаар Ерөнхий сайд шийдвэрлэлээ. Мөн Баянхошуу дэд төвд аль нэг төрийн байгууллагыг нүүлгэн байршуулах, тус дүүрэгт баригдах хоёр нүхэн гарцыг барих төсвийг Улсын төсөвт суулгах, нийслэлийг тойрсон хурдны замын маршрутыг эцэслэн гаргахаар тус тус шийдвэрлэлээ. 

Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, эко хороолол бүхий орлогод нийцсэн ногоон орон сууц, нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд тус бүр нь 5 га талбайд, 20 эко хорооллыг зургаан дэд төв түшиглэн байгуулах “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийг 5 үе шаттай хэрэгжүүлэх юм. Үүний нэг нь дээрх Баянхошуу дэд төв, түүнийг дагасан орон сууцны хороолол барих юм. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын 10 мянган өрх орон сууцанд орох юм. Энэхүү төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн дэргэд эхний ээлжийн загварын 20 айлын орон сууц баригдаж дууссан бөгөөд 2021 оны 9 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.  

Соёлын ордны барилгыг гүйцээж, орчны тохижилтыг хийснээр нийслэлийн иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг 850 суудлаар нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.  Харин тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлснээр зорилтот бүлгийн 2007 өрхийн 7600 гаруй иргэн хямд өртөгтэй орон сууцанд шилжин суурьшина.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ,

“Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулж, түгжрэлийг бууруулах ажлыг яаралтай хийх ёстой. Одоо байгаа байдлаараа үргэлжлүүлсээр байвал агаар орчны бохирдол ихсэж, 0 зогсолт хийхээр нөхцөл байдалд хүрчихээд байна. Тиймээс Засгийн газар НЗДТГ-т хүч нэмж ажиллахаас аргагүй байна. Зарим асуудал дээр цөөн хүнд таалагдахгүй ч дийлэнхи олонхид өгөөжтэй үр дүнг гаргахын тулд давс мэт шийдвэр гаргахаас гарцгүй байна. Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам тавьж, газар чөлөөлтүүдийг тууштай хийнэ.Хот тойрсон хурдны замын сүлжээнд жижиг замуудыг холбоно. Хурдны зам барихад Засгийн газраас төсвийн дэмжэг үзүүлж таарна. Хот дотроо жижиг нүхэн гарцуудыг хийхээс хоёр нь СХД-Т хийгдэнэ. Санхүүжилтийг ирэх жилийн Улсын төсөвт тусгуулна.

Төвлөрлийг сааруулах цогц бодлогын хүрээнд зургаан хэсэгт төрийн байгууллагуудыг төвлөрүүлэх дэд төв байгуулж, утааны голомтод байгаа 10 газарт хэсэгчилсэн төлөвлөлтүүд хийнэ.

Төрийн байгууллагуудаа хотын төв хэсгээс үе шаттай гаргаж төвлөрлийг сааруулна. Энэ бүтээн байгуулалтын цогц төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ Засгийн газар хувийн хэвшлийнхнээ оролцохыг уриалж дэмжлэг хүсэж байна. Бид бодлогоор дэмжинэ. Тухайлбал татвараас чөлөөлөх, дэд бүтцийг татах, зарим давуу байдал үүсгэх гэх зэрэг.

Баянголын аманд баригдах орон сууцны хороололд төр дэд бүтцийг нь байгуулж, сургууль цэцэрлэг, ажлын байраар хангах том дэд төвүүдийг барих болно. Үүнд ч мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ гар бие оролцохыг урьж байна.

Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд хүссэн ч эс хүссэн ч үндсэн суурь шийдлээ гаргах шаардлагатай бид нүүр тулж байна.

Богдхан төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэх, том худалдааны төвүүдийг Хөшигийн хөндийн тийш гаргах зэргээр цогцоор нь суурь асуудлаа шийдэж байж түгжрэлээс гарна. Хүн амын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын асуудлыг зөвхөн нийслэлийн засаг захиргааны нэгжид тохоод орхихгүй Засгийн газар хамтарч шийдээд явна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ,

“Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 19 -ний өдөр Нийслэлийн төсвийг нэмэгдүүлэх түүхэн шийдвэр гаргасан. Энэ нь бидэнд маш том дэмжлэг юм. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх төслийн явцыг Ерөнхий сайд газар дээр нь танилцаж ажиллаж байгаа нь чухал байна.

Нийслэлийн төвлөрлийг сааруулах боломж бий. Зургаан дэд төвд суурилж хотын төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлнэ. Баянхошуунд 165 га газарт 4000 айлын орон сууц шинээр барих, төрийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлэхэд Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байсныг Ерөнхий сайд танилцаад газар дээр нь шийдвэрлэлээ. Иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгө цаашдаа өндөр үнэлгээтэй болох боломж бүрдэж байна. Их тойруугийн хурдны зам эдгээр дэд төвүүдтэй холбогдоно. Дэд төвүүдийг дагасан ажлын байр нэмэгдэнэ, дүүргүүд дэх төвлөрөл саарч, гэр хорооллын иргэд орон сууцанд шилжин суурьшина гээд агаар, орчны бохирдлыг бууруулах, түгжрэлийг сааруулах ажлыг цогцоор нь шийдэхийн тулд Засгийн газартай хамтарч газар дээр нь ажиллаж байна ” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.