“Хөдөлмөрийн баатар” цол томдсон боксын холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбаяр нь Т.Мөрбаяр нэртэй байжээ

“Хөдөлмөрийн баатар” цол томдсон боксын холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбаяр нь Т.Мөрбаяр нэртэй байжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, төрийн дээд шагнал гардуулж, Монгол улс дөрвөн хөдөлмөрийн баатар, гурван ардын цолтон, 26 гавьяатаар бүл нэмлээ.

Төрийн шагналтны дундаас “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр “Хөдөлмөрийн баатар” цол хүртжээ. Шагнах болсон гол үндэслэл нь Дундговь аймгийн Салхитын Мөнгөний ордыг түшиглэсэн “Эрдэнэс Силвер Ресурс” компанийг богино хугацаанд чадамгай удирдсан, 230 мянган ахмад буурлуудын 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн өрийг тэглэх, 238 мянган ахмадуудад байгалийн хишиг 1 сая төгрөгийн хувь хүртэх боломжийг бүрдүүлж, монгол хүн баялагтаа эзэн болох, баялгийнхаа үр шимийг хүртэх үндэс суурийг тавьсныг үнэлсэн гэнэ.

Гэвч Т.Мөнхбаяр “хөдөлмөрийн баатар” цол хүртсэн нийгэмд таатай хүлээж авсангүй. Түүнтэй хамт бүжиг дэглээч С.Сүхбаатар “хөдөлмөрийн баатар” хүртсэн бөгөөд Т.Мөнхбаярыг С.Сүхбаатар гуайтай харьцуулсан сэтгэгдэл цөөнгүй байна.

Угтаа бол Салхитын мөнгөний ордыг У.Хүрэлсүхийн Засгийн газар төрийн мэдэлд буцааж авсан. Хэрэв мартаагүй бол 2018 оны сүүлээр Салхитын мөнгөний ордод гүйцэтгэх ажиллагаа явуулж, буцааж авсан. Энэ ажлыг тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар удирдаж байсан юм. Ийнхүү Засгийн газраас зоримог шийдвэр гаргаж гадаадынханд алдсан ордыг төрийн мэдэлд аваад “төрийн компани” байгуулж, захирлаар нь Т.Мөнхбаярыг томилсон. Улмаар тэтгэврийн зээл тэглэх ажлыг УИХ-аас хууль гаргаж, Засгийн газар хэрэгжүүлсэн билээ. Т.Мөнхбаяр гэж хэн бэ?

“Эрдэнэс силвер ресурс” ХХК шинээр 2019 онд байгуулагдахад гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр нь томилогдсон. Боксын холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбаяр нь улсад ажилласан жил багатай, нас залуу 40 гарч яваа нэгэн. 

Тэгэхээр Засгийн газрын байгуулсан төрийн компанийг удирдаж буй хүн Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байгаа нь Ерөнхийлөгчийн үзэмж болж байна.

Хөдөлмөрийн баатар цол бол улс орноо хөгжүүлэн, хүнлэг ардчилсан нийгэм байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж, ажил хөдөлмөрөөрөө Монгол Улсдаа онц ач гавьяатай хүнд олгодог цол юм.

Т.Мөнхбаярыг  “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн захирал болоод Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжлэг үзүүлсэн ойрын хүн гэгддэг. Энэ нь Ерөнхийлөгч буухаас өмнөх “шагнал”-аар батлагдаж байх шиг байна. Гэхдээ аливаа зүйлд хэм хэмжүүр байх учиртай гэдгийг сануулах нь зүй ёсных биз.

Ямартай алтны ордуудын эзэн, уул ус газар шороо ухаж байсан, төрийн бус байгууллага, спортын холбооноос өөр байгууллага удирдаж байгаагүй, дэлхийд бүү хэл Монголд нэр нь дурсагдаж байгаагүй Т.Мөнхбаяр нь Т.Мөрбаяр нэртэй байсан бөгөөд 2015 онд юуны учир нэрээ солиулав.

Одоо Мөнхбаяр нэртэй болсон тэрээр цэл залуухан насандаа “Хөдөлмөрийн баатар” цол авсаныг олон нийтийн зүгээс шүүмжилж ичих хэрэгтэй гэх шүүмжлэл дагуулж эхэллээ.

Э.МӨНХ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.