​Сурагчид ЭЕШ өгөхдөө юуг анхаарах вэ?

​Сурагчид ЭЕШ өгөхдөө юуг анхаарах вэ?

ЭЕШ ирэх долдугаар сарын 1-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт эхлэх хуваарьтай. Шалгуулагч та ЭЕШ өгөхдөө дараах зүйлсийг анхаараарай.

Бичиг баримтаа нягтла

Шалгуулагч ЭЕШ-д ирэхдээ хоцрох эсвэл бичиг баримтаа дутуу авчрах тохиолдол их гардаг байна. Иймд та гэрээс гарахын өмнө өөрийн материалыг бүрэн эсэхийг нэг нягталж шалгаарай. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /ЭЕШ-ын бүртгэл дууссаны дараа гарна. Суудлын хуваарь бэлэн болсон үед та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Сэтгэл зүйгээ бэлд

Сэтгэл зүйгээ тайван байлгах хэрэгтэй. Шалгалт гэдэг нь таны сурч мэдсэн зүйлсийг сорих зүйл бөгөөд өөрт хэт их ачаалал өгөхгүй, өгөгдсөн даалгаврыг тайван, хянамгай гүйцэтгэх хэрэгтэй. Мөн хүүхдүүд ихэнхдээ шалгалт эхлэхээс 10, 20 минутын өмнө амьсгаадаж гүйж орж ирдэг. Улмаар амьсгаа нь дарагдахгүй, тайвшрахгүй байсаар шалгалтын тал хувийг алдах магадлалтай. Тэгэхээр аль болох тогтсон цагаас 30, 40 минутын  өмнө ирж, ариун цэврийн өрөөнд ороод сэтгэл санаагаа бэлдэх нь шалгалтаа давахад туслах болно.

Цагаа төлөвлө

Боловсролын үнэлгээний төвийн шалгалт зохион байгуулах комисс шалгалт эхлэхээс арван минутын өмнө хаалгаа барьж,  дэг журмыг танилцуулан шалгалт яг  цагтаа эхэлнэ. Хүүхдүүд шалгалтад цагаа тулгаж ирэх, хоцрох тохиолдол багагүй байдаг бөгөөд зарим нь үүнээс болж бага зэрэг сэтгэл зүй тогтворгүй болох тохиолдол бий. Иймд товлосон хугацаанаас 30-40 минутын өмнө анги, танхимд ирж бэлтгэлээ хангах хэрэгтэй юм шүү.

Цагаа хэмнэ

Шалгуулагч та ЭЕШ өгөхдөө аль болох хөнгөн, өөрийн мэдэх бодлогоо эхэлж хийгээрэй. Ингэснээр цагийг тань хэмнэх болно. Мөн шалгалтын материалтай бүрэн танилцаж, хэдэн хуудас байгааг шалгаарай. Энэ нь сүүлийн хуудас, үлдээх эсвэл санамсаргүй алгасахаас зайлсхийх болно.

Амралт

Шалгалтын өмнөх өдөр та өөрийн хүссэнээрээ сайхан амрах хэрэгтэй. Маргааш шалгалт болох тул шөнөжингөө юм уншиж өөрийгөө ядраах хэрэггүй юм шүү. Учир нь та  маргааш маш хариуцлагатай шалгалт өгнө. Тиймээс та шалгалтын өглөө сэргэлэн цовоо байх хэрэгтэй.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.