Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүрэг, Төв аймгийн 953 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүрэг, Төв аймгийн 953 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүрэг, Төв аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.

Энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж, үүнээс нийслэлийн Чингэлтэй дүүргээс 425, Налайх дүүргээс 136, Төв аймгаас 392 ээж “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонгоо гардан авч байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭНЭ ҮЕЭР:

“Эрхэм хүндэт эхчүүд ээ,

Монголын сайхан ээж нар аа,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын ирээдүйг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2021 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, аймаг нийслэлийн хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулж байна.

Бүх цаг үед монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, хүсэн хүлээж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн уламжлалтай ард түмэн. Эхийн ачийг хариулахын аргагүй гэж монголчууд бид ярьдаг. Үрээ гэсэн хязгааргүй их хайр, тэвчээр, олон зуун шөнө нойроо хугаслан асарч өсгөдөг эх хүний сэтгэл зүтгэлийг юутай ч зүйрлэх аргагүй юм.

Монголын төр 64 жилийн өмнөөс улс үндэстнийхээ ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө гаргасан эхчүүдийнхээ зүтгэл, сэтгэл, хайр энэрэлд жилд нэг удаа талархал илэрхийлж, “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлж ирсэн.

Өнөөдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 425, Налайх дүүргийн 136, Төв аймгийн 392, нийт 953 элбэрэлт ээжийн “Эхийн алдар” одонг Монгол төрийн тэргүүний хувьд Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд баяр хүргэж, аз жаргал хүсье. Бяцхан үрст нь ээж бүрийн хүсдэг гэгээн гэрэлт ирээдүйг ерөөж байна.

Монголын үзэсгэлэнт эхчүүд ээ,

Өнөр баян Монгол үндэстнийг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн угаас дахин баяр хүргэж, халуун талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн ивээлээр монгол гэр бүл бүхэн аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрж, монгол эхчүүдийн алдар бадартугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зургадугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358, зургадугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 649,  зургадугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 971, зургадугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 566, Багануур дүүргийн 80 ээж, Багахангай дүүргийн 20 ээжид “Эхийн алдар” одон гардуулаад байна. “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулж байгаа юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.