“Харааны бэрхшээлтэй иргэдийн Англи хэл сурах орчныг бүрдүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжсэнээр дэлхийн боловсролоос суралцах, ажиллах үүд хаалгыг нээж байна

“Харааны бэрхшээлтэй иргэдийн Англи хэл сурах орчныг бүрдүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжсэнээр дэлхийн боловсролоос суралцах, ажиллах үүд хаалгыг нээж байна

Австралийн Засгийн газрын санаачилгаар Зориг сангаас хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн оролцогч “Женерэшн икуалити” /Generation equiality/ багийн санаачилгаар “Харааны бэрхшээлтэй иргэдийн Англи хэл сурах орчныг бүрдүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх” /Engilish for Pwd-Pvi/ төсөл маш амжилттай хэрэгжиж байна.

Манай улсад 12 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэн байгаа ба улсын хэмжээнд нийт таван тусгай сургуультай байгаа нь суралцах эрхээр бүрэн хангагдаж чадахгүй байгааг харуулна. Их, дээд сургуулиудад харааны бэрхшээлтэй дөнгөж 30 орчим оюутан суралцаж байна гэх судалгааг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос гаргасан байдаг.

Иймд харааны бэрхшээлтэй иргэдийн боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, тэдний нийгэм дэх оролцоог сайжруулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын системийг нэвтрүүлэх нь манай улсын тулгамдсан асуудлын нэг юм. Манай улсад харааны бэрхшээлтэй иргэдийн суралцах, боловсрох эрх нь учир дутмаг байгаа үед Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр “Женерэшн икуалити” багаас харааны бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, англи хэл суралцах орчныг бүрдүүлэх, дэлхийн бусад улс орнуудын адил гадаадад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг нээх, урам зоригийг өгөх зорилттой төсөл хэрэгжүүлсэн цаг үеэ олсон төсөл болов.

“Женерэшн икуалити” /Generation equiality/ багийн 5 гишүүн 

Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр /Women in Leadership/-ийн оролцогч “Женерэшн икуалити” багийн гишүүд Л.Ичинноров, Ч.Мөнхшүр, Ч.Ариун, Г.Ганзаяа, Э.Бямбасүрэн нар нь нийгмийн үзэл бодлыг эерэгээр өөрчилж боловсролын салбарт, ажлын  зөв ойлголт  түгээх зорилгоор уг төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Багийн гишүүд бүгд Австрали улсад магистрийн зэрэг хамгаалсан, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулахыг зорьж яваа залуучуудын төлөөлөл билээ.

– Ч.Ариун… The University of New South Wales Sydney-д Хүний эрх төрийн бодлогын мастер хамгаалсан. Одоогоор Монгол дахь Америкийн худалдааны танхимын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн газрын захирал

– Г.Ганзаяа… Queensland university of technology-д Хүний нөөцийн удирдлагаар мастерын зэрэг хамгаалсан. Одоогоор National construction consulting services /NCCS LLC/-т хүний нөөц болон бизнес хөгжил хариуцсан менежер

– Л.Ичинноров… The University of Queensland-д хөгжлийн бодлогоор мастер хамгаалсан. Одоогоор Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар, ахлах мэргэжилтэн

– Э.Бямбасүрэн… Flinders University, Хөгжлийн бэрхшээлийн бодлого, практикын мастер. Одоогоор  Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр ХНХЯ-ны хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн, хөгжлийн бэрхшээлийн мэргэжилтэн

– Ч.Мөнхшүр… Аustralia National University (ANU), хөгжлийн эдийн засгийн магистр. Дэлхийн Банкны Экспортыг дэмжих төсөлд Бизнес хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байна.

МЕНТОРУУД: “ХАРААНЫ БЭРХШЭЭЛ БОЛ БЭРХШЭЭЛ БИШ ЮМ”

 “Женерэшн икуалити” багийн хэрэгжүүлсэн төслийн талаар танилцуулъя.

Төслийн эхэнд харааны бэрхшээлтэй 9 иргэнийг нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар сонгон авч монгол дахь англи хэлний төв болох “Jet”, “GAPE”, “Wizard”, “Universal, Richmount” англи хэлний сургалтын төвд сургаж, англи хэлний түвшингээ сайжруулах сургалтыг зохион байгуулсан байна.

/Төслийн оролцогчид/

Манай улсад харааны бэрхшээлтэй иргэдийн онцлогт тохирсон мэргэшсэн багш, материаллаг баазтай сургууль, сургалтын төвүүд тун хомс. Олон улсад харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо өндөр байхад манай улсад харааны бэрхшээлтэй гэж ялган үзэж сургалтаас хоцрогдуулах тал бий. Үүний нэгэн жишээ нь сургууль, сургалтын төв зэрэг боловсролын байгууллагад харааны бэрхшээлгүй иргэдтэй цуг харааны бэрхшээлтэй суралцагчид нэг танхимд нэг дор хамт суралцах боломжгүй нөхцөлд байна. Тэд энгийн хүмүүстэй хамт суралцаж, ажиллаж, нийгмийн баялаг бүтээгч болох бүрэн боломжтой. Гэвч манай улсад энэ бүхэн хязгаарлагдмал хэвээр байгаа юм. Үүнийг шийдвэрлэх боломжтойг харуулахыг зорьж, төсөл хэрэгжүүлэгч “Женерэшн икуалити” багаас  англи хэлний төвүүдэд харааны бэрхшээлтэй 9 оролцогчийг энгийн иргэдтэй хамт сургахын сацуу англи хэлний төвүүдэд харааны бэрхшээлтэй иргэдэд хичээл орох арга барилыг зааж, багш нарт сургалт явуулж, сургалтын арга зүйн зөвлөмж ном гаргажээ.

/Төслийн хүрээнд багш нарт зориулсан “Харааны бэрхшээлтэй хүүхдэд заах арга зүйн зөвлөмж” ном гарлаа 

“Харааны бэрхшээлтэй хүүхдэд заах арга зүйн зөвлөмж” нэртэй уг номыг Канадын судалгааны дагуу олон улсын стандартаар Монголд тохирох хэлбэрийг сонгож, “Женерэшн икуалити” багийн Л.Ичинноров, Ч.Мөнхшүр, Ч.Ариун, Г.Ганзаяа, Э.Бямбасүрэн нар эмхэтгэн боловсруулжээ.

Энэхүү ном нь харааны бэрхшээлтэй хүүхдийн тухай суурь ойлголт, сургалтын орчин, заах арга зүй, сургалтын материал, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн талаар мэдээллийг нэгтгэсэн багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан зөвлөмж бүхий ном юм. Манай улсад сургалтын гол гарын авлага болох энэхүү номыг Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, Хараагүйчүүдийн үндэсний холбоо зэрэг холбогдох бүхий л газруудад үнэ төлбөргүйгээр тарааж өгсөн байна.

Уг төслийн хүрээнд 9 оролцогчоо Австралийн их, дээд сургуулиудад мастер болон докторын түвшинд суралцаж байгаа харааны бэрхшээлтэй олон улсын оюутнуудын явуулах “менторшип” хөтөлбөрт хамруулсан байна. Ингэснээр тэднээс суралцах, өөрт тохиолдсон бэрхшээлийг хэрхэн даван туулсан талаарх туршлага, мэдлэгээс судлах боломжтой болжээ.

/Менторууд/

Монгол залуучуудын ментор багш болсон Andi Dewangga, Fandy Dawenan, Mosharaf Hossain Bhuiyan, Muhammad Babar Shahzad, Huỳnh Hữu Cảnh нар нь “Харааны бэрхшээл бол бэрхшээл биш юм” гэдгийг өөрийн амьдралын түүхээр үлгэр жишээ болгон харуулсан шилдэг менторууд юм. Эдгээр ментор залуус нь манай улстай ижил төстэй хөгжиж буй улс орон болох Индонез, Бангладеш, Пакистан, Вьетнам зэрэг улсын иргэд бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж, өөрсдийн гараар амжилт бүтээлээ бүтээж буй залуусын төлөөлөл юм.

Тэд хүсэл зорилгынхоо төлөө тасралтгүй хичээж, англи хэл сурч, хүссэн мэргэжлээрээ их, дээд сургуульд суралцаж төгссөн. Түүгээр ч зогсохгүй Австралийн Засгийн газрын тэтгэлгээр Австралийн Флиндерсийн их сургуульд магистрын зэргээ хамгаалж, амжилттай төгссөн төгсөгчид менторууд дотор бий. Төслийн оролцогч  9 оюутанд эдгээр ментор багш нар хэрхэн бэрхшээлийг давж англи хэл сурсан талаар, мөн Австрали улсыг яагаад сонгон суралцсан, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн материалаа бэлтгэж, тэнцсэн зэрэг сонирхолтой түүхүүдээ хуваалцаж, урам зориг өгсөн юм.

Мөн төслийн хүрээнд “Бэрхшээлийг үл хайхран бүтээсэн амьдралын түүхүүд” цуврал подкаст хийгдсэн нь харааны бэрхшээлтэй иргэд, тэдний ар гэрийнхэнд урам зориг өгсөн юм. Харааны бэрхшээлийг бэрхшээлд үл тооцон ажил, амжилтад хүрч, нийгэмд мөр зэрэгцэн ажиллаж яваа залуучууд буюу оролцогч нараас подкастын зочин оролцогчоор оролцож өөрийн амжилтын түүх, манай улсад ямар боломж, бэрхшээл байгаа, түүнийг хэрхэн хамтын хүчээр даван туулах зэрэг сэдвээр илэн далангүй яриа өрнүүлсэн.

“Харааны бэрхшээлтэй иргэдийн Англи хэл сурах орчныг бүрдүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ болж оролцогч бүхий л талууд оролцлоо.

Энэ арга хэмжээнд Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Дэйв Престон түүний гэргий, Австралийн авард /Australia Awards/ -ын н.Алтанбек, Зориг сангийн төслийн зохицуулагч н.Марал, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл, англи хэлний төвүүд, харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсон.

Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Дэйв Престон хэлэхдээ “Энэ төсөл маш үр дүнтэй хэрэгжиж буйд талархалтай байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн суралцах, боловсрол олгох чиглэлд түлхүү анхаарч ажиллах нь зүйтэй юм. Амжилттай хэрэгжиж, нийгэмд үр дүнгээ өгч буй “Харааны бэрхшээлтэй иргэдийн Англи хэл сурах орчныг бүрдүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх” /Engilish for Pwd-Pvi/ төслийг цаашид үргэлжлүүлэн явуулах боломж бий юу. Тэгвэл Австралийн Засгийн газраас энэ төслийг дэмжихэд бэлэн байна” гэдгийг хэлж төсөл хэрэгжүүлэгчдэд талархлаа илэрхийлсэн юм.

“Англи хэлний түвшин сайжруулах болон олон улсын менторшип хөтөлбөр” нь 10 долоо хоногийн турш амжилттай явагдсан. Төслийн оролцогч 9 залуучууд өөрсдийн менторуудтайгаа англи хэлээр ярилцаж, хэлний түвшингээ тодорхой түвшинд дээшлүүлэн, хөтөлбөрийн турш менторуудаасаа суралцаж, өөрт тохиолдсон бэрхшээлийг хэрхэн даван туулсан талаарх туршлагыг харилцан амжилттай судалж, өөртөө итгэх итгэл нь улам бүр нэмэгдсэн талаараа сэтгэгдлээ илэрхийлцгээж байв. Оролцогч 9 залуус нь мэргэжил эзэмшсэн, ажлын талбарт амжилттай ажиллаж яваа шилдэг залуусын төлөөлөл бөгөөд  төсөлд хамрагдсанаар англи хэлний  түвшингээ зохих хэмжээгээр дээшлүүлж  Academic IELTS iBT-TOEFL-ийн шалгалт өгч  цаашид өндөр боловсрол, мэдлэг олж авах гадаадын их дээд сургуулиудад суралцах зорилготой байгаа гэдгээ хэлж байв.

Зориг сан нь жилдээ 60 гаруй  төсөл хэрэгжүүлдэг. Эдгээр төслүүд нь нийгмийн сайн сайханд чиглэсэн хөтөлбөрүүд байдаг. Тэр дундаа Зориг сангаас Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр 2015 оноос эхлэн жил бүр тогтмол үйл ажиллагаа явуулах болсон. Төслүүд нь жендерийн эрх тэгш байдал, байгаль орчин, боловсрол, орон нутгийн хөгжил мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нийгмийн олон талт асуудлуудыг хөндсөн төслүүд хэрэгжүүлж иржээ.

/Төслийн хаалтын үйл ажиллагаа/

Энэ удаагийн Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн оролцогч “Женерэшн икуалити” /Generation equiality/ багийн “Харааны бэрхшээлтэй иргэдийн Англи хэл сурах орчныг бүрдүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх” төсөл нь харааны бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үр дүнгээ өгсөн,  харааны бэрхшээл бол бэрхшээл биш юм шүү гэдгийг харуулахыг зорьсон, урам зориг өгөх, суралцан боловсроход дэмжлэг өгсөн амжилттай сайн төсөл болж чадсан байна. 

Уг төслийн үйл ажиллагааг харуулсан баримтат видео нэвтрүүлэг англи, монгол хэлээр гарах аж. Энэхүү баримтат кино, нэвтрүүлэг нь харааны бэрхшээлтэй иргэдэд сурч боловсрох, арга зам, туршлага өгч, урам зоригийг бадраах юм.

Б.ОДМАА


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.